Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг РИА Новости агентлагийн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, ОХУ-ын оролцоотой интеграцчиллын байгууллагуудад элсэх эсэх тухай, Сэлэнгэ мөрний цутгал дээрх усан цахилгаан станц Монголд яагаад хэрэгтэй байгааг тайлбарлаж, Монголд төмөр зам тавих ажилд ОХУ оролцох боломж, хэтийн төлөв, Монголын тал Оросын жуулчдыг татах ямар төлөвлөгөөтэй байгаа талаар ярьжээ.
-Таны ОХУ-д хийж буй айлчлалын гол зорилго юу вэ? Та хэнтэй уулзахаар төлөвлөж байгаа вэ? Ямар нэгэн гэрээнд гарын үсэг зурах уу?
-Миний энэ удаагийн айлчлал Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулагдаж байгаа юм. Хоёр тал энэхүү тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх өргөн цар хүрээтэй төлөвлөгөө гаргасан.
Сайдын албан тушаалаа авснаас хойш анхны гадаад айлчлалаа ОХУ-аас эхэлж байгаа нь ихээхэн утга учиртай. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хоёр талын харилцааны асуудлуудыг өргөн хүрээнд хэлэлцэхээр төлөвлөж байна. Тухайлбал, бүс нутгийн болон олон улсын шинж чанартай асуудлуудыг хэлэлцэнэ. Цаашид манай хоёр орны төрийн тэргүүн нарын хооронд харилцаа холбоо тогтоох асуудлыг зөвшилцөхөд онцгой анхаарал хандуулна.
Удахгүй зургаадугаар сарын 9-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тиймээс хоёр улсын төрийн тэргүүн нарын хооронд хэлхээ холбоо тогтоох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Үүнээс гадна, би Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцож, парламент, Засгийн газар, бизнес эрхлэгчдийн төлөөлөгчидтэй уулзана. Монгол Улсын Жижиг, дунд үйлдвэрийн газар, ОХУ-ын Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх корпорацын хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна.
– Та Лавровтой өндөр, дээд түвшний айлчлалын талаар ярилцана гэж хэлсэн. Айлчлалууд хэзээ болох вэ?
-Зургаадугаар сарын 9-ний сонгуулийн дараа шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Монгол Ардын Нам, Ардын Хувьсгалын 100 жилийн ойтой давхацна. Бүх баяр ёслол долоодугаар сард болох бөгөөд бид Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведевийг урьсан. Орос улс бол бидний хувьд хамгийн чухал түнш бөгөөд танай улс эдгээр арга хэмжээнд өндөр түвшинд оролцоно хэмээн найдаж байна.
Монголын ард түмнээс сонгогдсон шинэ Ерөнхийлөгч ОХУ-тай харилцаагаа хөгжүүлэх бодлогыг дэмжинэ гэдэгт бид бүрэн итгэлтэй байна. Олон улсын зарим арга хэмжээний үеэр, тухайлбал, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдааны үеэр өндөр түвшинд уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ жилдээ багтаад Ерөнхийлөгч нарын түвшинд хэлхээ холбоо тогтоно гэж бид бодож байна.
-ШХАБ-ын тухай яриагаа үргэлжлүүлье. Монгол Улс ШХАБ-ын ажиглагч орон. Харин энэ байгууллагад элсэх боломжтой юу?
-Монгол Улс ШХАБ-ын дэргэд ажиглагч болоод удаж байна. Бид дээд түвшний, засгийн газрын түвшний болон холбогдох яамд, байгууллагуудын түвшний бүхий л уулзалтуудад оролцдог.
ШХАБ-д Энэтхэг болон Пакистан улс элсэн орсноор энэхүү олон улсын байгууллагын ач холбогдол өссөн. Энэ байгууллагыг бид Төв Азийн бүс нутаг дахь хамтын ажиллагааны чухал гарцуудын нэг гэж үздэг. Түүнчлэн ШХАБ-ын үйл ажиллагааны хүрээнд хэрэгждэг худалдаа, эдийн засгийн төслүүдэд оролцдог. Бид худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, тээвэр, дэд бүтцийн төслүүд, боловсрол, хүмүүнлэгийн салбарт ШХАБ-тай хамтран ажиллах сонирхолтой.
Монгол Улс ШХАБ-ыг Төв Азитай хамтын ажиллагаа тогтоох сувгуудын нэг гэж үздэг. ШХАБ-д оролцогчдын зүгээс манай улсыг энэ байгууллагын байнгын гишүүн болж, оролцоогоо нэмэгдүүлэх санал тавьдаг юм. Бид ШХАБ-ын суурь баримт бичгүүд болон энэ байгууллагын хүрээнд явуулдаг үйл ажиллагааг зохицуулах бусад баримт бичгүүдийг судалж байна.
Сүүлийн жилүүдэд манай судлаачид, эрдэмтэд, төрийн шийдвэр гаргадаг хүмүүс энэ асуудлаар олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг явуулсны дараа энэ байгууллагад өнөөгийн статусаа хадгалах нь илүү оновчтой гэсэн дүгнэлтэд хүрсэн.
-Монгол Улс мөн Евразийн эдийн засгийн холбоонд /ЕАЭЗХ/ элсэх эсвэл Евразийн эдийн засгийн комисстой чөлөөт худалдааны бүс байгуулах боломжийг судалж байсан. Эдгээр хэлэлцээ ямар шатандаа явж байгаа вэ? Худалдааны чөлөөт бүсийг хэзээ ажиллуулна гэж найдаж болох вэ? Монгол Улс ЕАЭЗХ-нд элсэх боломжтой юу, Боломжтой бол хэзээ элсэх вэ?
-Манай хоёр улсын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хөгжиж байна. Гэхдээ олон боломжийг ашиглаж чадаагүй хэвээр байна. Манай улсууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа урагшлуулах хэрэгтэй. Энд бидэнд зарим бэрхшээлтэй асуудал бий. Ковидын өмнөх үед худалдааны нийт хэмжээ хоёр тэрбум долларт хүрч байсан боловч үүний 90 хувийг ОХУ-аас Монголд нийлүүлсэн газрын тосны бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа, техник, технологийн импорт эзэлж байгаа бол Монголоос Орос руу хийсэн экспортын хэмжээ маш бага байна. Энэ бол маш том гажуудал юм.
Энэ байдал олон жилийн турш үргэлжилж ирсэн. Үүнд гаалийн өндөр тариф, олон тооны тарифын бус хязгаарлалт нөлөөлдөг. Эдгээр асуудлыг цогцоор нь шийдэх үүднээс цаашид чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахын тулд чухамхүү Евразийн эдийн засгийн комисстой хамтын ажиллагаагаа хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комиссын хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны баг байгуулсан. Ажлын хэсгийн дүгнэлт 2021 оны эцсээр гарч, бид чөлөөт худалдааны гэрээ байгуулах хэлэлцээг эхлүүлэх боломжтой болно гэж найдаж байна. Дүгнэлт нааштай гарна гэж найдаж байна.
-Гэрээг энэ жил байгуулна гэж найдаж болох уу?
-Үгүй ээ, бид энэ жил гэрээнд гарын үсэг зурж амжихгүй. Эхлээд ийм гэрээ байгуулах нь хэр үр дүнтэй болохыг судлах хэрэгтэй. Үүний тулд судалгааны багийг байгуулсан. Бид тус багийн үнэлгээг сайтар нягтлах болно.
-Орос руу импортолж буй бараа бүтээгдэхүүний хэмжээ бага байгаад Монгол Улс санаа зовж байгаа бол Гаалийн холбоонд элсэх нь дээр болов уу? Ингэснээр бараагаа татваргүй нийлүүлэх боломжтой болно.
-Худалдааны нөхцөлийг бид зөвхөн ОХУ-тай хэлэлцэх боломжгүй, яагаад гэвэл тус улс Гаалийн холбооны нэг л оролцогч улс юм. Ийм учраас бид ОХУ руу төдийгүй энэ холбооны бусад гишүүн орнууд руу хийж буй экспортынхоо хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар ЕАЭЗХ-той хэлэлцээ хийж байгаа юм. Одоогийн байдлаар Монгол Улс Гаалийн холбоонд элсэх асуудлыг хэлэлцээгүй байна.
-Интеграцын өөр нэг бүтэц бол Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага юм. Монгол Улс энэ байгууллагад нэгдэх боломжтой юу?
-Манай улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд, бусад орнуудын зүгээс үндэсний аюулгүй байдалд шууд аюул учраагүй бол цэрэг-улс төрийн аливаа байгууллагад Монгол Улс оролцохгүй гэж заасан байдаг. Золоор хэн ч бидэнд заналхийлээгүй, бидэнд шууд аюул учруулаагүй байна. Тиймээс бид ХАБГБ гэх мэт цэрэг-улс төрийн байгууллагуудад элсэх шаардлагагүй.
Нөгөө талаас бид цэрэг-техникийн салбарт чухам ОХУ-тай маш нягт хамтран ажилладаг. Бид маш гүнзгий, нягт нямбай хамтын ажиллагаатай. Цэргийн мэргэжилтнүүдийг Оросын цэргийн дээд сургуулиудад бэлтгэдэг. Түүнчлэн Оросын цэргийн техник хэрэгслийг манай улсад нийлүүлж, Ялалтын парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөлөгчид оролцож байна.
Манай улс Орос, Хятадын дунд оршдог. Далайд гарах гарц байхгүй, гуравдагч түншүүд рүүгээ хүрэхийн тулд Орос, Хятадын өргөн уудам нутгаар дамжин өнгөрөх гэх зэрэг хүндрэлүүд бий. Гэхдээ давуу тал бас бий – бид аюулгүй гэдгээ мэдэрдэг.
Монгол Улс худалдаа, эдийн засгийн төслүүдэд оролцох сонирхолтой бөгөөд энэ нь манай ашиг сонирхолд илүүтэй нийцэх юм.
-Нэгэнт Монгол Улс эдийн засгаа хөгжүүлэхэд ийм бооцоо тавьж байгаа бол эдийн засгийн тулгамдсан асуудлуудын талаар ярилцъя. Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц байгуулах төсөл ямар шатанд явж байгаа вэ? Оросоос эрчим хүч авсны хариуд Монгол Улс усан цахилгаан станц барих төслөөсөө татгалзахад бэлэн үү?
-Та маш чухал асуулт асуусан тул би энэ талаар илүү дэлгэрэнгүй ярихыг хүсэж байна. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр усан цахилгаан станц байгуулах төсөл Оросын шаардлагаар зогссон. Энэ асуудалд манай улсын баримталж буй байр суурийг ярихыг хүсэж байна.
Нэгдүгээрт, энэ станцыг Сэлэнгэ мөрөн дээр барихаар төлөвлөөгүй. Харин Шүрэн болон Эгийн гол гэсэн Сэлэнгэ мөрөн рүү цутгадаг голууд дээр байгуулахаар төлөвлөсөн. Монголын нутгаар урсан өнгөрдөг Сэлэнгэ мөрөн бол Байгал нуурын усан сангийн ердөө 18 хувийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, Байгал нуурын цутгалуудын 80 гаруй хувь нь ОХУ-ын нутаг дэвсгэр дээр байдаг. Цахилгаан станц барихаар төлөвлөж байсан Эгийн гол нь Байгал нуурын ус сангийн дөнгөж 5 хувийг бүрдүүлдэг. Нөгөө талаас, усан цахилгаан станц барьснаар гол татарна гэсэн үг биш. Гол урссаар л байна, хаашаа ч алга болохгүй. Мөн усан цахилгаан станц барьснаас болж Байгал нуурын ус татарна гэдэг нь ихээхэн маргаантай асуудал.
Хоёрдугаарт, Зөвлөлтийн гидрологчид судалгаа хийгээд Эгийн гол болон Шүрэн дээр усан цахилгаан станц байгуулахыг зөвлөж байсныг энд дурдах нь зүйтэй. Бид Зөвлөлтийн гидрологчдын дүгнэлтэд тулгуурласан. Тиймээс бидэнд энэ төслийг эхлэхэд ОХУ-ын талаас гаргасан байр суурь ихээхэн ойлгомжгүй байсан.
Гуравдугаарт, усан цахилгаан станц барьж ашиглалтад оруулах нь Байгал нуурыг бохирдуулах вий гэсэн болгоомжлол байв. Гэхдээ энэ нуур ОХУ-ын нутаг дэвсгэрээс бохирдож байгаа нь нууц биш юм. Нууран дээр целлюлоз-цаасны үйлдвэр одоо хүртэл ажиллаж байна. Нуурын сав газруудад аж үйлдвэрийн маш олон объект барьсан, нуурыг тойроод олон тооны аялал жуулчлалын газрууд байдаг. Тиймээс маргаантай асуудлууд их бий.
Дөрөвдүгээрт, "Шүрэнгийн УЦС" төслийг боловсруулж эхлэхийн өмнө Байгал нуурын усны түвшин болон нуурын биологийн олон янз байдалд нөлөөлөх үнэлгээний судалгааг Францын компани хийсэн. Эдгээр судалгааны үр дүн нэлээд эерэг гарсан. Өөрөөр хэлбэл, нууранд нөлөөлөх үзүүлэлт маш бага, бараг тэгтэй тэнцүү байсан. Гэвч Оросын тал үүнийг анхааралдаа аваагүй. Орос улс энэ асуудлыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулж, эдгээр төсөл зогссон.
Манай төслүүд зогссон, оронд нь Оросын тал цахилгаан эрчим хүч худалдаж авах саналыг бидэнд тавьсан. Гэхдээ манай дулааны цахилгаан станцуудыг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжиж байгаа. Шинээр цахилгаан станц барихаар ч төлөвлөсөн. Нарны зай, салхин сэнс зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс цахилгаан эрчим хүч гаргах үйлдвэрлэл нэмэгдэж байна. Тиймээс цахилгаан эрчим хүчний хангамжтай холбоотой асуудал зарчмын хувьд байхгүй.
Бидэнд тулгарч буй асуудал бол цахилгаан эрчим хүчний хомсдол биш, харин тохируулагч хүчин чадал, тохируулагч цахилгаан станцууд хэрэгтэй байгаа юм.
Шөнийн цагаар, эрчим хүчний хэрэглээ унах үед манайх ОХУ руу цахилгаан эрчим хүчийг маш бага тарифаар эргүүлэн нийлүүлж, харин дутагдсан үед Оросын талаас зах зээлийн тарифаар худалдан авдаг.
Шөнийн цагаар гардаг илүүдэл, дутагдалтай үед Оросоос импортоор авдаг байдал нь манай орны төсөвт хүнд дарамт болдог.
-Одоо нөхцөл байдал ийм байна уу?
-Одоо нөхцөл байдал яг ийм байна. Тиймээс, асуудлын гол нь бидэнд цахилгаан хангалтгүй байгаад бус харин зохицуулалтын хүчин чадал дутмаг байгаад юм. ОХУ-ын эрчим хүчнийхэнд энэ асуудлаар хамтран ажиллах санал тавьсан боловч одоог хүртэл хариу сонсоогүй байна.
– УЦС-ыг барих ажил одоо түр зогсжээ, гэхдээ энэ ажлыг сэргээх болов уу?
– Бид Оросын талтай УЦС-ыг барих талаар олон жил хэлэлцэж байгаа. Бид харилцан ашигтай шийдэл олно гэж найдаж байна.
-Оросын төмөр замууд Монголын төмөр замыг шинэчлэх, хөгжүүлэх хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эдгээр төсөлд эхний ээлжинд оруулах хөрөнгө оруулалтыг 260 сая доллар гэж тооцоолсон. Тухайлбал, Улаанбаатар төмөр зам ХНН -ийг шинэчлэхэд ОХУ-ын зүгээс 100 тэрбум рублийн зээлийг Монголд олгож магадгүй байгаа. Эдгээр төсөл хэрэгжиж эхэлсэн үү? Эдгээр нь ямар төслүүд болохыг та мэдэх үү?
-Бидэнд Улаанбаатар төмөр зам ХНН (УБТЗ) хамтарсан үйлдвэрийн газар бий. Энэхүү төмөр замыг үр ашигтай, орчин үеийн болгохын тулд томоохон шинэчлэл хийх шаардлагатай. Бид даацтай хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Үүнээс гадна, тус компани өмнө нь авсан зээлийн их хэмжээний өртэй. Монголын Засгийн газрын зүгээс УБТЗ-ын хувьцаа эзэмшигч болох Оросын төмөр замууд компанид өрийг шийдвэрлэх, хөрөнгө оруулах талаар санал тавьсан. Хоёр улсын тээврийн байгууллагууд Монгол Улсын Засгийн газрын санал, УБТЗ-ын ажилтай холбоотой бусад асуудлыг идэвхтэй хэлэлцэж байна.
Манай улсад төмөр замын шинэ шугамууд тавигдаж байна. Эдгээр нь маш ирээдүйтэй, найдвар төрүүлсэн төслүүд юм. Нүүрсний хамгийн том орд Таван толгойг Хятадын хилтэй холбосон төмөр замууд тавигдаж байна. Мөн Улаанбаатарыг тойруулан тойруу төмөр зам барихаар төлөвлөж байна. Учир нь УБТЗ хотын дундуур дайрч өнгөрч байгаа нь оршин суугчдад тав тухгүй байдал үүсгэж байгаа юм. Энэ бүх төсөлд бид Оросын төмөр замууд НХН-ийг оролцохыг санал болгож байна.
-Монголын нүүрсний салбарт Оросын шинэ төслүүд хэрэгжиж байна уу?
– Монгол бол нүүрсээр баялаг орон. Манай нүүрсний нийт нөөц 173.3 тэрбум тонн. Манайд хэд хэдэн томоохон орд байгаа, хамгийн том нь Тавантолгой юм. Уул уурхайн салбар, ялангуяа нүүрсний олборлолт нь эдийн засгийн хөгжлийн стратегийн чиглэлүүдийн нэг тул бид ихээхэн ач холбогдол өгдөг. Бидэнд энэ чиглэлээр ОХУ-тай хамтран ажилладаг сайхан уламжлал бий гэдгийг хэлэх нь зүйтэй.
ЗХУ-ын үеэс уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт Оросын мэргэжилтнүүд ажиллаж байгаа бөгөөд манай мэргэжилтнүүд ЗСБНХУ-д бэлтгэгдэж байв. Геологийн хайгуул судалгааны олон тооны экспедицүүд явагдаж, ашигт малтмалын ордуудыг нээсэн. Өнөөдөр энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх ажил үргэлжилж байгаа боловч харамсалтай нь хамтын ажиллагааны цар хүрээ мэдэгдэхүйц хумигджээ. Одоогоор манайд Оросын талтай нүүрс олборлох чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжээгүй. Бид ОХУ-тай хөрөнгө оруулалтын салбарт, түүний дотор нүүрсний салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байна. Гэхдээ одоогоор үр дүн хараахан гараагүй байна.
Гэсэн хэдий ч бусад чиглэлд геологи хайгуулын хамтын ажиллагаа хөгжиж байна. Тухайлбал, "Эрдэнэт" үйлдвэр, ОХУ-ын "Росгео" ХК геологийн судалгаа хийх гэрээнд гарын үсэг зурсан. Бид мөн манай улсад нүүрсустөрөгчийн эрдэс баялгийн баазыг хөгжүүлэх чиглэлээр "Росгео" ХК, Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны агентлагийн хооронд явуулах хамтын ажиллагааг дэмжиж байна. Бид Оросын талтай хамтарсан төслүүд хэрэгжүүлэхэд үргэлж нээлттэй, баяртай байдаг, гэвч цөөхөн байдаг.
-Монгол Улс сүүлийн үед дижитал валют, цахим худалдааг идэвхтэй нэвтрүүлж байна. Энэ чиглэлээр ОХУ-тай хамтран ажиллах боломж бий юу? Монгол Улс ОХУ-тай SWIFT-тэй адил төлбөр тооцооны системд шилжих талаар ярилцахад бэлэн байна уу?
-Тийм ээ, үнэхээр Монгол Улсад худалдаа, төрийн байгууллагууд, банкны үйлчилгээ эрчимтэй цахимжиж байгаа. Манай хоёр улсын Төв банкууд хэдэн жилийн өмнө Монголын банкуудыг Оросын банкны санхүүгийн мэдээллүүдийг дамжуулах системд шилжүүлэх, үндэсний төлбөрийн картын системийг хослуулах асуудлыг хэлэлцсэн.
Гэвч манай улсуудын худалдааны хэмжээ бага байгаагийн улмаас хийгдэж буй банкны шилжүүлгийн хэмжээ бага болж таарсан. Банкны үйлчилгээ, худалдаа хоёр хоорондоо нягт холбоотой байдаг. Тиймээс, хамгийн түрүүнд хийх ажил бол худалдааг нэмэгдүүлэх явдал бөгөөд үүнийг дагаад бусад салбарууд хөгжинө.
Бид ОХУ-тай цахим худалдааг хөгжүүлэхийг зорьж байна. Одоогоор бидэнд Монгол болон Орост интернэт дэлгүүрүүдээс захиалсан барааг хүргэх үйлчилгээ, ложистикийн тогтолцоо алга. Өнөө үед цахим худалдаа бол үл ойшоож болохооргүй асар том сегмент юм. Монгол Улсын Гадаад харилцааны яам цахим худалдааг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж, цахим платформуудыг дэмждэг. Тиймээс бид хоёр улсын бизнес эрхлэгчдийг нөгөө талын арилжааны платформд нэвтрэх боломжийг нь дэмжихэд онцгой анхаарах хэрэгтэй.
-Оросоос Монгол руу чиглэсэн аялал жуулчлал илүү хувийн шинжтэй хэвээр байна. Оросын жуулчдыг их хэмжээгээр татахын тулд Монгол Улс юу хийхээр зорьж байна вэ?
-Монголын Засгийн газар аялал жуулчлалыг эдийн засгийн гол чиглэлүүдийн нэг байх ёстой гэж үздэг. Аялал жуулчлал бол Монгол Улсын хөгжлийн нэг хөшүүрэг юм. Манай Засгийн газар жуулчдын тоог жилд нэг саяд хүргэх том зорилт тавьсан. Жишээлбэл, 2019 онд Монгол Улс 577 мянга орчим жуулчин хүлээн авсан байна. Манай улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам Тогтвортой аялал жуулчлалын төслийн хүрээнд Хөвсгөл нуур болон Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймаг гэсэн хоёр чухал газарт аялал жуулчлалын төвүүдийг байгуулж байна.
Цар тахлын улмаас аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа зогссон. Удахгүй бүх зүйл хэвийн байдалдаа эргээд орно гэж найдаж байна. Тиймээс бидний хувьд одоо гадаадын жуулчдыг хүлээн авах бэлтгэл ажлыг хангах нь туйлын чухал боллоо. Цар тахал дэгдэхээс өмнө манай аялал жуулчлалын компаниуд "Улаанбаатар- Улаан Үд – Байгал нуур" чиглэлээр аялал санал болгосон нь маш амжилттай болсон. Түүнчлэн манай хоёр орны жуулчид олон нийтийн сүлжээнүүдийг ашиглан зөвхөн Монголд төдийгүй ОХУ-д аялж амрахад зайлшгүй шаардлагатай мэдээллийг хуваалцдаг болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд нар Монголын говийн чиглэл, ОХУ-ын Алтайн хязгаар, БНХАУ-ын ӨМӨЗО-нд аялал жуулчлалын бүс байгуулж, хөгжүүлэх хамтарсан төслийг дэмжсэн.
Ойрын ирээдүйд бид Орос, Хятадаас олон тооны жуулчид татах боломжтой болно гэж найдаж байна. Үүний тулд манай улсууд аялал жуулчлалын салбарын хөгжил, аялал жуулчлалын агентлагууд болон хувь хүмүүст Засгийн газрын түвшинд дэмжлэг үзүүлэх ёстой.
-Монгол Улс Оросын "Спутник V" вакциныг бүртгэсэн. Үүнтэй холбоотойгоор уг вакциныг нийлүүлэх боломжтой юу? Хэрэв тийм бол хэдий хэмжээгээр нийлүүлэх вэ? Та коронавирусний эсрэг вакцин хийлгэсэн үү? Оросын вакцин уу? Та Оросын вакциныг хэрхэн үнэлж байна вэ?
-Монгол Улсын Эрүүл мэндийн яам Оросын шууд хөрөнгө оруулалтын сантай нягт хамтран ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд 60 мянган тун "Спутник V" вакциныг нийлүүлсэн. Энэ нь хүн амыг вакцинжуулах ажлыг амжилттай зохион байгуулахад сайн дэмжлэг болсон. Ташрамд дурдахад, манай улсын насанд хүрсэн бүх иргэн вакцины эхний тунг хийлгээд байна. Бид зургаадугаар сард бүх нийтийн вакцинжуулалтыг дуусгаж, зургаадугаар сарын 1-нээс хилээ үе шаттайгаар нээхээр төлөвлөж байна.
Вакцинжуулах ажилд БНХАУ-ын Засгийн газар үнэлж баршгүй тусламж үзүүлсэн. Оросын вакциныг хүлээж авахаас өмнө нийлүүлсэн байсан учир би Хятадын вакциныг хийлгэсэн. Харин "Спутник V" вакциныг 55-аас дээш насныхныг дархлаажуулахад хэрэглэж байна.
Одоогийн байдлаар Монголд "Спутник Лайт" вакциныг бүртгэхээр судалж байна. Манай улсын хүн амын гуравны нэгийг хүүхдүүд эзэлдэг учраас бид мөн Орост эсвэл өөр улсад хүүхдийн вакцин гарган авахыг хүлээж байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын хувьд есдүгээр сар гэхэд сургуулиудын танхимын сургалтыг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд маш чухал юм.