Европын хөлбөмбөгийн тивийн аварга шалгаруулах тэмцээн болох Евро-2020 ирэх зургадугаар сарын 12-нд Италийн Ром хотод нээлтээ хийж Европын 12 хотод үргэлжлэн явагдана.
Бид ЕАШТ-д оролцох 24 багийг цувралаар танилцуулж байна.
ЕВРО-2020: Испани улсын шигшээ баг
– Дэлхийн чансаа: 6
– ЕАШТ-нд оролцсон байдал: 10 удаа оролцохдоо 1964, 2008, 2012 онуудад алт, 1984 онд мөнгөн медаль хүртсэн
– Шигшээ багийн дасгалжуулагч: Луис Энрикэ
– Шигшээ багийн ахлагч: Серхио Рамос
– Гялалзах од: Ансу Фати, Ф.Торрес
Испанийн “алтан” үе дуусаж дараагийн шинэ үе эхлэж байна. Испанийн шигшээ баг 2008-2012 оны хооронд Европ, дэлхийд “ялагдашгүй” баг байсан. Харин А.Иньеста, Д.Вилла, Шави, И.Касильяс, К.Пуйол, Ф.Торрес, Д.Силва, Ш.Алонсо нар зодог тайлсан бол тэдэнтэй мөр зэрэгцэн тоглож байсан С.Рамос, С.Бускетс нар л өдгөө шигшээ багтаа үлдсэн. Талбайн төвийн “жанжин” А.Иньеста, Шави нар зодог тайлснаар Испанийн шигшээ багийн талбайн төвд урьдных шиг хүчирхэг, эзэрхэг тоглолт үндсэндээ үгүй болсон. Тэдний шигшээ багийн сүүлийн том тэмцээнүүд тун амжилтгүй болж 2014 оны ДАШТ-нд хэсгийн шатнаас, 2018 онд шөвгийн 16-д тэмцээнээ өндөрлүүлж байсан бол 2016 оны ЕАШТ-нд шөвгийн 16-д тэмцээнээ өндөрлүүлсэн. Ерөнхийдөө Испанийн шигшээ багийн шилжилтийн үе явагдаж байна. Шигшээ багийнхаа талбайн төвд Коке, Иско, Тиаго нар “ах” нарынхаа энд арай л хүрэхгүй байгаа гэвэл буруудахгүй байх.
Испанийн шигшээ баг ЕАШТ-ний урьдчилсан шатанд Швед, Норвеги, Румын, Мальта болон Фарерын арлуудын багуудтай тоглохдоо 8 хожил, 2 тэнцээ авч хэсгээ тэргүүлсэн. Швед болон Норвегийн шигшээ багуудтай тэнцсэн. Гэхдээ “том” багийн зангарага Испанийн шигшээ багт байгаа. ЕАШТ-нд Швед, Польш, Словак улсын шигшээ багуудтай Е хэсэгт багтсан. Эхний тоглолт нь Шведийн шигшээ баг байх бол дараагийн тоглолтоо Европын шилдэг довтлогч Р.Левандовский тэргүүтэй Польшийн шигшээ багтай хийнэ. Хэсгийн эхний 2 тоглолт бол маш чухал тоглолт байна. Шведтэй урьдчилсан шатанд тэнцсэн бол Европын клубуудын түвшинд С.Рамос, Ж.Пике нарын хамгаалагчдын эсрэг тоглоод үзчихсэн, хэрхэн аргалах тухайгаа сайн мэдэж байгаа Р.Левандовскийн Польштой тоглоно.
Дасгалжуулагч Л.Энрикэ шигшээ багаа 4-3-3 хувилбараас гадна 4-2-3-1 хувилбараар тоглуулж байгаа. Бускетс, Родри болон Тиаго нар тулгуурын хагас дээр гарч байгаа бол довтолгоог дэмжих байрлал дээр Коке, Иско, Д.Себальос нараас гарч байна. Испанийн шигшээ багт цэвэр #9 довтлогч байхгүй. 2016 оны ЕАШТ-нд А.Мората, 2018 оны ДАШТ-нд Д.Коста цэвэр довтлогчийн байрлалд тоглож байсан. Магадгүй энэ удаагийн ЕАШТ-нд А.Мората шигшээ багтаа багтвал туршлагаараа үзүүрийн довтлогчийн байрлал дээр тоглож магадгүй юм. Харин Европын аваргын өмнө А.Фатигийн бэртэл түүнд томоохон сорилт болж байгаа бөгөөд бэртэлтэй түүний хувьд гараанд гарахаас урьтаж шигшээ багтаа багтах нь нэн чухал болоод байна. Хэрвээ түүнийг шигшээ багтаа багтаж чадахгүй бол Манчестер Ситид хүчин зүтгэдэг Ф.Торрес Жерардтай гарааны эрхийн төлөөх гол тоглогч байх боломжтой.
ЕАШТ-нд оролцох боломжтой тоглогчид:
– Хаалгач: Давид де Хеа (Манчестер Юнайтед), К.Арризабалага (Челси), У.Симон (Атлетик Билбао), Р.Санчез (Брайтон энд Хоу Альбион)
– Хамгаалагч: С.Рамос, Д.Карвахаль (хоёулаа Реал Мадрид), Х.Алба, С.Роберто (хоёулаа Барселона), Ж.Навас (Севилья), Ж.Гаяа (Валесниа), Э.Гарсья (Манчестер Сити), И.Мартинез (Атлетик Билбао), Д.Льоренте (Лийдс Юнайтед), П.Торрес (Вилляреал), С.Регуильон (Тоттенхэм Хотспур), Х.Беллерин (Арсенал)
– Хагас хамгаалагч: М.Асенсио (Реал Мадрид), Д.Себальос (Арсенал), М.Мерино (Реал Сосьедад), С.Бускетс, Педри (хоёулаа Барселона), Родри (Манчестер Сити), Тиаго (Ливерпүүл), С.Канатес (Бетис), Коке (Атлетико Мадрид), Фабиан (Наполи)
– Довтлогч: А.Мората (Ювентус), Жерард (Вилльяреал) Ф.Торрес (Манчестер Сити), А.Фати (Барселона), М.Оярзабал (Реал Сосьедад), Д.Олмо (Лайпциг), Родриго (Лийдс Юнайтед), А.Траоре (Волверхэмптон Уондерерс)