2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа тавдугаар сарын 24-н буюу Даваа гарагаас эхэлнэ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа 15 хоног явагдахаар байгаа.
Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс Д.Энхбат нар өрсөлдөхөөр тодорсон.
Хэдийгээр сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй ч албан бус сурталчилгаа хэдийнээ эхэлжээ.
Тодотговол, Ерөнхий сайдын ажлаа өгснөөс хойш нам жим байсан МАН-ын дарга У.Хүрэлсүх сэтгүүлч Б.Батбилэгтэй “80-р микрафон” хэмээх ярилцлагын шинэ ток шоуны анхны зочноор оролцож олны өмнө гарч ирсэн. Мөн түүний гэрэл зургийн цомог цахим ертөнцөд дэлгэгдээд буй.
Түүнчлэн Зөв хүн электорат эвслээс Д.Энхбат 25 дугаар телевизийн “Ам нээвэл” ярилцлагад оролцож, цахим сүлжээнд ч идэвхтэй байгаа.
Харин АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа С.Эрдэнэ эдгээр өдрүүдэд сураг тасрав. Нам дотроо хор хуваагдан хоёр талд асуудал өрнөж О.Цогтгэрэл даргатай АН-ынхан Төв талбайд өлсгөлөн зарлаж байхад тавдугаар сарын 8-нд М.Тулгат даргатай С.Эрдэнийн талын АН-ынхан төв байрныхаа гадаа намын нөхдийнхөө хамт гарч ирсэн.
Түүнээс хойш АН-ын С.Эрдэнэ нам жимхэн байгаа юм. Өрсөлдөгч нар нь хэдийнээ сонгуулийн бэлтгэл ажилдаа ханцуй шамлан орж олны анхаарлын төвд ороод байгаа бол С.Эрдэнэ хаачив?
Та АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнийг ойрд харав уу?