Туул голын экосистемийн доройтлыг багасгаж, голын сав газрын экологийн нөхцөлийг байгалийн аясаар сэргээх цогцолбор арга хэмжээ болох Төв Азийн минжийг үржүүлэх, Туул голд нутагшуулах ажил 2012 оноос эхлэн 9 дэх жилдээ хэрэгжиж буй. Туул голын эх болон Заан, Тэрэлж голуудад нийтдээ 57 бодгаль минжийг нутагшуулж, үр дүнд хяналт тавьж байна.
Нийслэлийн Байгаль орчны газрын “Минж үржүүлэх, нутагшуулах төв”-д бойжиж буй нэг бодгаль минжнээс анх удаа 4 ихэр төл авчээ.
Энэ нь ховор тохиолдол бөгөөд идэш тэжээл амьдрах орчин нөхцөл тааламжтай байгаагийн үр дүн аж. Төллөсөн дүдэрүүдийн биеийн жин, өсөлт хөгжил хэвийн бойжиж байна. “Усны инженер” хэмээн нэрлэгддэг минж нь голын усны төвшинг нэмэгдүүлэх замаар амьдарч буй орчныхоо байгалийн тэнцвэрт байдлыг хангадаг билээ. Тодруулбал голын экосистем, түүний ойр орчмын хуурай газрыг холбосон завсрын шинжтэй амьдрах орчныг шинээр бий болгож, биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой.
Цаашид Туул голын эх болон түүний цутгал голуудад минж нутагшуулж, байгаль дээр 100-150 бүл минж нутагшсан тохиолдолд байгалийн болон хүний сөрөг нөлөөлөлд бага өртөх, улмаар байгалийн аясаар өсч үржих нөхцөл бүрдэх тул Нийслэлийн Байгаль орчны газраас минж үржүүлэх, нутагшуулах ажилд онцгойлон анхаарч, олон талт арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Мөн органик бохирдол задлагч бактериар бохир ус цэвэршүүлэх аргыг туршиж байна. Нийслэлийн Байгаль орчны газар нь Минж үржүүлэх, нутагшуулах төвдөө орчин үеийн биотехнологийн аргаар минжний бохир усыг шингэн ялгадас боловсруулагч бактери ашиглан байгаль орчинд ээлтэй байдлаар боловсруулж, бордоо болгон хувиргах туршилтын ажлыг эхлүүлээд байна. Уг бэлдмэл нь байгалийн замаар ашигтай бактериудыг нэгтгэн, гаргасан ферментүүдийн биологийн идэвх нь органик ялгадсыг задлах олон талын ашигтай аж.
Туршилтын ажил үр дүнтэй болж, дээрх технологийг нэвтрүүлснээр бохир ус тээвэрлэлт, цахилгаан зарцуулалт болон гүний ус зэрэг урсгал зардалд бодит хэмнэлт гарахыг онцолж байна. Энэхүү ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжиж Bioside Mongolia, Фермерчид өрхийн аж ахуй эрхлэгчид төлбөрөөс бүрэн чөлөөлсөн байна. Байгальд нутагшуулсан минжний мониторинг судалгааг хийж гүйцэтгэв.
Байгальд сэргээн нутагшуулсан минжний нутагшилтын байдал, үр дүнд хяналт тавих, мониторинг судалгааг тогтмол хийх нь хамгийн чухал бөгөөд энэ ажлыг хийхэд тохиромжтой үе буюу жил бүрийн өвлийн улиралд МУИС-ийн багш судлаачидтай хамтран тогтмол хийж ирсэн. Энэ удаад Нийслэлийн Байгаль орчны газраас урин дулааны улиралд судалгааны ажлыг хийж үзэхэд өвлийн ул мөр болох минжний үлдээсэн мэрдэс, унагасан модноос гадна усны төвшинг нэмэгдүүлэх замаар голын салаа татуурга хооронд суваг ухсан, шуудуу татаж мод нөөцөлсөн ул мөрийг илрүүлэн тэмдэглэж, автомат камер байршуулснаараа өмнө хийгдсэн судалгаанаас илүү онцлогтой болсон гэж Нийслэлийн байгаль орчны газраас мэдээллээ.