Ардчилсан намын дотоод сонгуулийн санал хураалтын дүнг өчигдөр 22.30 цагт танилцууллаа. Ардчилсан намын цахим санал хураалтад намын гишүүд 53.07 хувийн ирцтэй оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намын дотоод сонгуулиар С.Эрдэнэ 1953.05 оноогоор тэргүүлжээ.
Тус намын дотоод сонгууль өчигдөр 09.00-22.00 цагийн хооронд цахимаар амжилттай болж, нийт 142992 гишүүн санал өгөхөөс 75879 гишүүн санал өгчээ.
АН 37 дугаар тогтоол болон бусад журамд тулгуурлан АН-ын цахим дотоод сонгуульд нэр дэвшигчдийн санал хураалтыг явуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодрууллаа. Дотоод хорооны сонгуулийн журмын заалтуудад үндэслэн дотоод сонгуулийн хорооноос тогтоох нь:
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сунгаанд З.Ганбат нийт 637.29, Л.Гүндалай 1463.92, Р.Амаржаргал 1826.03, Ц.Оюунгэрэл 1719.43, С.Эрдэнэ 1953.05 нийт дүнгээр гарлаа.
С.Эрдэнэ “Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах цахим сонгуулийг амжилттай зохион байгууллаа. Намын гишүүдийн оролцоо өндөр байлаа. Миний хувьд сонгуулийн дүнд баяртай байгаа ч нөгөө талдаа маш том үүрэг хариуцлага ирж байна. Бид өнөөдөр хэн илүү оноо авах нь чухал бус. АН ард иргэдийнхээ төлөө багаараа, хамт олноороо эв, найртай хамтарч ажиллах ёстой гэж бодож байна. Бид мэдээж энэ үүрэг хариуцлагыг бодит үр дүн болгохын төлөө хичээн ажиллана. Дараа дараагийн сонгуульд өөрийн нөөц боломжийг дайчлан ажиллах болно. Саналаа өгсөн нийт гишүүддээ баярлалаа” гэв.