МАХН МАН өчигдөр албан ёсоор нэгдлээ зарлаж, энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН, МАН-ыг дэмжихээ мэдэгдэв.
Харин МАХН-ын гишүүн, УИХ-ын гишүүн С.Ганбаатар өчигдөр 13:30 цагийн үед МАХН-наас гарсан тухайгаа зарлаж, “62 суудалтай намыг 63 суудалтай болго гэж Эрдэнэтчүүд намайг сонгоогүй. Би тиймээс МАН-тай нэгдэхгүй” гэсэн юм. Харин төд удалгүй АН-ын дээд шүүхээр хүлээн зөвшөөрөгдөөгүй албан бус дарга О.Цогтгэрэл С.Ганбаатарт АН-ын батлах гардуулав. Батлахаа гардах үеэрээ С.Ганбаатар, "Монголын ард түмний баялгийг хулгайлж буй хүмүүс эрх барьж байна. Монголын ард түмэн намайг хайрладаг. Сайн тэмцэгч гэдэг. Гэхдээ би одоо сайн ялагч байх ёстой. Үүний тулд МАН-аас бусад улс төрийн хүчнүүд нэгдэж байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар ялчихсан юм шиг сэрүүн зүүдлээд байгаа эрх баригч нартаа хандаж хэлэхэд ард түмний сонголтыг хулгайлж авдаггүй юм" гэв.
Үүний хажуугаар одоогоор дээд шүүхэд албан ёсны бүртгэлтэй буй АН-ын дарга С.Эрдэнэ С.Ганбаатарын гишүүнчлэлийг тооцох боломжгүй хэмээн цахим орчинд бичив. С.Ганбаатарын АН-ын гишүүнчлэл албан ёсны эсэх асуудал нь тусдаа. Харин С.Ганбаатар үзэл баримтлалын биеэ үнэлэгч болж буй нь өнөөгийн Монголын улс төрийн увайгүй олон жишээнүүдийн нэг болов.
УЛС ТӨРЧ ҮЗЭЛ БАРИМТЛАЛТАЙ БАЙХ НЬ …
Хүн төрөлхтний улс төр, засаглалын түүхийг сөхөн үзвэл ихэнх нь хаанчлал юм уу шашны үзэл суртал, нөлөөлөл, дарангуйлалтай холбогдсон байдаг. Хаант засаглал, шашны үзэл суртал гэдэг хүн төрөлхтний итгэл үнэмшил, үнэт зүйлсийг бүтээхэд чухал нөлөөтэй байв. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эрдэмтэн, философич, сэтгэгчид тэдгээрийг ил, далд хэлбэрээр шүүмжилсээр нийгэм, ард олны сэтгэлгээ, хэв маягийг илэрхийлэх үзэл суртлыг хөгжүүлэх болсон юм.
17, 18-р зуунаас эхлэн Европ хөгжил дэвшлээрээ толгой цохиж, шинжлэх ухааны нээлтүүдийг дараалан хийх болсон бөгөөд улмаар Францын хувьсгал гэх мэт улс төр, нийгмийн томоохон эсэргүүцэл, хөдөлгөөнүүд гарах болсон юм. Ийнхүү идеологи буюу үзэл суртал нь Европын сэргэн мандалтын үед нийгэм ба хувь хүний ухамсрыг шашин, язгууртнуудын нөлөөнөөс чөлөөлөх сэдлээс үүдэн улам улам хөгжих болсон юм. Үзэл суртал бол аливаа зорилгыг тодорхойлох, асуудлын ээдрээг хялбарчлах, хүнд томьёоллыг олон түмэнд энгийнээр ойлгуулахад чухал үүрэгтэй гэж хэлж болно гэж энгийнээр тодорхойлсон байдаг. /эх сурвалж unread.today/
АН БАРУУН ТӨВИЙН, МАХН ЗҮҮНИЙ ҮЗЭЛТЭЙ
Элссэн нам нь өөр намтай нэгдэж, хүслээр нь болоогүй тул С.Ганбаатарын намаасаа гарах үйлдлийг ойлгож болох ч үзэл баримтлал өөр нам руу хэдхэн цагийн дотор элссэнийг нь гайхахаас аргагүй. Монголын улс төрд үзэл баримтлал, улс төрчдийн үзэл баримтлалаараа ажиллах нь чухал бус харин намтай л бол амьдралтай байдгийн тод жишээ С.Ганбаатар болов. Уг нь нам үзэл бодол нэгтэй хүмүүсийн институт. Үзэл баримтлалаа яаж сахин хамгаалах вэ, яаж тууштай дагаж, мөрдөх вэ, энэ эрх чөлөө, үнэт зүйлсийг хэрхэн ажил хэрэг болгох вэ гэдэг ажил нь уг нь энэ үзэл баримтлалтай гэж олноос итгэл авч сонгогдсон улс төрчдөд нь байх учиртай юм. Харин хүний үзэл баримтлал хэдхэн цагийн дотор хувирчихсан жишээ С.Ганбаатар. Монголын улс төрчдийг үзэл баримтлал бус бусад зүйлс л нэгтгэж байдгийн, Монголын улс төрийн хүчнүүд үзэл баримтлалаараа ажилладаггүйг илтгэсэн нотолгоо энэ жишээ боллоо.
БАРУУН ТӨВИЙН ҮЗЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Баруун төвийн үзэл баримтлалтай улс төрийн намын бодлого нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хувийн өмч, эдийн засгийн эрх чөлөөг хангасан, шударга ёсны эрх чөлөөг (хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй) хангасан, улс төрийн эрх чөлөөг (сонгох, сонгогдох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх гэх мэт) бий болгосон байх зэрэг үндсэн ойлголттой.
Үзэл баримтлал амьдралаас төрдөг, нийгэмд байгаа тодорхой асуудлыг шийдэхэд чиглэдэг. Энгийнээр хэлбэл үзэл баримтлал бол асуудлыг шийдэх арга хэлбэрийн цогцос, өөр хоорондоо хамааралтай мэдлэгийн нэгдэл гэж тодорхойлсон байдаг. /Ч.Тамир МУИС-ийн багш//
Гэхдээ бас баярламаар ч юм уу. Хүний эрх, эрх чөлөө маш их зөрчигдсөн, төр данхайсан, улс төрийн бүх хүчнүүд социалист, халамжийн бодлого тунхаглачихсан байгаа үед зүүнтэн Ганбаа барууны үзэл баримтлалтай болж байгаад…