Мснгол улсад бэлгийн дарамтын эсрэг ME TOO хөдөлгөөн эхэлж байгаагаа зарлаж, олон охид эмэгтэйчүүд бэлгийн дарамтад орж байсан түүхээ цахим орчинд хуваалцсаар байна. Эл үйл явдал нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазар бусдад бэлгийн дарамт учруулдаг гэх мэдээллээс үүдэлтэй юм.
Манай Өрөг.мн сайтын редакц бэлгийн дарамтад өртөж байсан түүхээ хуваалцаж, ярилцлага мэдээлэл өгч болох тухай олон нийтэд нээлттэй зарласан. Үүнээс хойш одоогоор бидэнд гурван мэдээлэл ирээд байгаагийн эхний түүхийг хүргэе.
Мэдээлэл илгээх: [email protected], 76002244
Сайн байна уу? Танай редакцийн хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе.
2008 онд МУИС-ийн сэтгүүлчийн ангийн оюутан байсан. Тухайн үед нутгийн Оюутны зөвлөлөөс "Анандбазар Булганд хийх уулзалтууддаа оюутнуудаар туслуулан зохих хөлсийг нь төлнө гэнэ ээ. Чи зохион байгуулаад найзуудаа аваад явчхаад ирээч" гэж ярьсан юм. Эмээ минь Булгандаа амьдарч байсан учир амралтын өдөр эмээдээ очингоо бас халтуур хийчих юм байна гэж баярлаад нэг найзаа дагуулаад явсан. 2 машин явсан бөгөөд намайг өөрийн машиндаа суу гэхэд нь юу ч бодолгүй л ороод суусан. Улаанбаатараас гараад л замын турш тасралтгүй түүний бэлгийн дарамтад өртсөн. Гутаан доромжлуулсан. Хэлсэн үгс нь одоо ч чихэнд сонсогддог.
"Би Өргөө театрыг авч байгаа. Чи сэтгүүлчээр сурч байгаа бол студи байгуулж өгье. Кино контентууд хийж болно ш дээ. Хаана амьдардаг вэ? Орон байрны асуудлаа шийдүүлэх үү? Чи ахтайгаа уулздаг бай. Энэний чинь шанд би чамд бизнесмэн нөхөр олж өгнө" гэх зэргээр тасралтгүй ярьж эхэлсэн.
Мэдээж би айж сандарч, та юу яриад байгаа юм гэх зэргээр эсэргүүцлээ илэрхийлэнгүүт уурлаж доромжилж эхэлсэн.
"Та нар шиг муусайн тэнэг онгон охид бэлгэвчээ ч углаж чадахгүй шалдан бацаантай анхныхыгаа хийнэ. Мэдээж бэлгэвчээ углаж чадахгүй байгаа юм чинь ямар юмны жаргал байх вэ. Ингээд гоол алдана. Хүүхэд гаргаад хаягдана. Ийм л хувь заяа хүлээж байгаа. Тэгээд насаараа ядуу амьдралдаа шанална. Ах нь чиний амьдралыг өөрчилнө. Анхныхыг чинь мартагдашгүй үдэцгээе" гэх зэргээр тасралтгүй ярьж байсан.
Айгаад уйлж эхэлтэл "Чи үхсэндээ уйлдаг юм бэ. Ах нь 170-аас дээш өндөртэй мисс охид л сонирхдог. Чам шиг намхан, царай зүс тааруу охиныг тоож санал тавьж байгаад харин ч баярла чи" гэх зэргээр тасралтгүй доромжилсоор байсан. Нэг хором ч иймэрхүү зүйл ярихаа зогсоогүй. Булган орон ортол хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Булганд очоод нэг гуанзанд өдрийн хоол идэх үеэр гараас атгах, гуян дээр гараа тавих гэж оролдох, гуянаас базах, ардуур нь босоод алхахад бөгсөнд хүрэх, үснээс зулгаах зэргээр олон хүний нүдэн дээр байж боломгүй үйлдэл гаргасаар байсан.
Булганд очингуутаа уулзалтад нь ч оролцоогүй, айгаад гүйхээрээ эмээдээ очсоноо санадаг.
Дараа нь "Ахтайгаа нэг уулзаач, оффис Соёлын төв өргөөнд. Жолоочоо явуулъя" гэж залгаж, мсж бичсээр байсан.
Ийм увайгүй хүн Булганаас Их хуралд сонгогдсонд харамсдаг. Өнгөрсөн сонгуулийн үед сонгож болохгүй хүн шүү гэж чадах хэмжээгээрээ ажиллахыг оролдсон. Сонгож болохгүй шалтгаанууд дотор энэ тухайгаа Булганы фб группүүдэд бичихэд хүмүүст байж боломгүй үгээр доромжлуулаад давхар хохирогч болоод дууссан.
Энэ асуудлаар шүгэл үлээгч гарч ирсэнд баяртай байна. Олон мянган охид энэ асуудлаар хүчээ нэгтгэж, тэднийг хэвлэлүүд, сэтгүүлчид дэмжин, хамтдаа ямар нэг үр дүн гаргах юмсан гэж бодож өөрийн түүхээ хуваалцаж байна.