Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвар авч, эмчлүүлж байсан 29 хүн нас бараад байна. Өнөөдөр л гэхэд, халдвар авч, эмчлүүлж байсан хоёр эрэгтэй нас барсан гэх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өглөө.
Тэгвэл өчигдөр Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээр халдвар авсан 20 настай, эрэгтэй нас барсан талаар мэдээлсэн билээ. Зарим хэвлэлээр талийгаачийг эмнэлгийн тусламж авч чадалгүй, гэртээ нас барсан гэж мэдээлсэн.
Дээрх асуудалд ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр тайлбар өгсөн юм. Тэрбээр "Өвчтөний дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд өгөх нь зохимжгүй байдаг. Тухайн 20 настай залуугийн нас барсан шалтгааныг нь тодруулж байна. Шинжилгээгээр эерэг гарсан. Гэхдээ эерэг гарсан болгон халдварын хүндрэлээр нас барсан уу, эсвэл бусад өвчнөөр нас барсан уу гэдгийг тодруулах шаардлагатай. Энэ залуугийн хувьд суурь өвчтэй байсан уу гэвэл байсан. Тэрний нөлөө байсан эсэхийг нь тодорхой хугацааны дараа тодорхой болно. Энэ залуу нийтийн асрамжийн газарт байрлаж байсан юм билээ. Халдварт өртөх өндөр эрсдэлтэй газар юм"
Эмчилгээ авч чадалгүй гэртээ нас барсан халдварын хэдэн тохиолдол гарсныг тодруулахад "Гэрийн нас баралт 5 бүртгэгдсэн. Хэзээ оношлогдсон, ямар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан, суурь, архаг өвчин юу байв гээд. Бас иргэд PCR шинжилгээнд итгэхгүй байх тохиолдол ч гарсан. Дээр нь заавал PCR шинжилгээний хариу хүлээлгүй хэрвээ ямар нэгэн ноцтой шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад хандахыг хүсэж байна" гэлээ.
Халдвар авах эрсдэл хаана ч байгаа учраас халдвар хамгааллын энгийн бөгөөд үр дүнтэй гараа ариутгах, амны хаалт тогтмол зүүх, зай барих зэрэг дэглэмийг баримтлья.