Засгийн газрын өнөөдрийн цаг үеийн мэдээллийн үеэр Сангийн сайд Б.Жавхлан "ДЭМБ-аас хэд хэдэн вакцин хүлээн зөвшөөрөгдсөн цагаас эхлээд өнөөдрийг хүртэл 14 сая 79 мянга 20 ширхэг вакцины 11 төрлийн гэрээ яригдсан.
Үүнээс 5 сая 580 мянган тун вакцины зургаан гэрээ баталгаажсан. Ингэхдээ 3 сая 80 мянган тун нь “КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд орж ирэх юм.
Цаг хугацааг хүлээх биш өөр эх үүсвэрүүд хайх шаардлага гарч ирсэн. Одоогоор 8 сая 499 мянган тун вакцины таван гэрээ хэлэлцээр дээр ажиллаж байна. Хүн амынхаа 60 хувийг буюу 2 сая 100 мянган хүнээ вакцинжуулахад 4,2 сая тун вакцин шаардлагатай. Үүнээс 3,3 сая тун вакцины хэрэгцээ үүсээд байгаа юм. Дээрх таван гэрээний үнэ ханш, тээвэрлэлт, хадгалалт гэх мэт хамгийн боломжит нөхцөл байдлаас хамаарч татан авалт хийнэ. Гэрээ хийгээд төлбөр төлсөн хүлээж байгаа 1,7 сая тун вакцин бий. Тэгэхээр 1,6 сая тун вакцин баталгаажуулах үлдсэн.
Хамгийн ойрхон баталгаажиж боломжтой нь Спутник, Пайзер тус бүр 1 сая тун эцэслэхэд тун ойртсон. Гэрээний асуудлаар ЭМЯ, ГХЯ, Сангийн яам ажиллаж байна. Цаг хугацааны хувьд том хэмжээний өөрчлөлт орсон зүйл байхгүй.
Тавдугаар сарын эхний долоо хоногт Улаанбаатарын насанд хүрсэн бүх иргэнээ нэг болон хоёрдугаар тунд хамруулсан байна. Ингээд зургаадугаар сарын эхэнд нийт хүн амын хоёрдугаар тун хийгээд, долоодугаар сарын эхнээс хүн ам дархлаажиж, бүрэн дархлаа тогтсон байна гэсэн тооцоололтой ажиллаж байгаа.
Вакцин хийлгэсэн даруйд Ebarimt АПП дээр дата багц үүсгээд тоологдоод явж байгаа. Өчигдөр орой 00:00 цагийн байдлаар 192137 тун вакцины үлдэгдэл байсан.
Нийт 608103 хүн вакцинжуулалтад хамрагдсан. Масс хоёрдугаар тун энэ долоо хоногоос эхэлж байгаа. Вакцин бүр өөр өөр хадгалалтын горимтой. Үүнээс хамаараад бид хадгалж чадах нөхцөл, онгоцонд багтах хэмжээ харилцан адилгүй байна.
Хамгийн ихдээ нэг удаад 300 мянган тун вакцин татан авах хүчин чадалтай байна" хэмээн мэдээллээ.