Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 06.00 цагаас эхлэн хатуу хөл хорио эхэлж, 15 хоног Гамшгийн үеийн "Улаан" түвшинд шилжлээ. Хатуу хөл хорио дөрөвдүгээр сарын 25-ны 00 цаг хүртэл үйлчилнэ.
Энэ нь Covid-19 халдвараас хүн амаа хамгаалж, эрсдэлийг бууруулах зорилготой төрөөс авч буй арга хэмжээ юм.
Хэрэв хатуу хөл хорио тогтоохгүй бол дөрөвдүгээр сарын дунд үед өдөрт 1000 хүн халдварт өртөж, 20 гаруй хүн нас барах тооцооллыг ЭМЯ-наас гарган танилцуулсан.
Мөн халдварын оргил үе тавдугаар сарын эхэн буюу хоёр дахь долоо хоногт таарч, өдөрт бүртгэгдэх тохиолдол 4000 хүрэх судалгааг тархвар судлаачид гаргажээ. Иймд Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж хатуу хөл хориог хэрэгжүүлэхээр болсон. Ингэхдээ хөл хориотой байх хугацааны дэмжлэг болгож, Монгол Улсын иргэн бүрд 300 мянган төгрөг олгож буй. Үүнд нийт 1.2 их наяд төгрөг зарцуулж байна. Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээллээр өчигдөр 20:00 цагийн байдлаар нийт хүн амын 83 хувьд энэхүү мөнгөн дэмжлэгийг данс руу нь шилжүүлсэн талаар цахим мэдээлсэн.
Эхлээд хүүхэд бүрт 300 мянган төгрөгийг олгосон бөгөөд нийт 1,196578 хүүхдийн данс руу 358.9 тэрбум төгрөг шилжүүлсэн болохыг төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдээд буй. Харин насанд хүрсэн иргэдийн 300 мянган төгрөг урьд шөнөөс эхлэн өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй дансаар дамжин, шилжиж орж ирээд байна.
Засгийн газраас олгож байгаа нэг удаагийн мөнгөн тэтгэлэг нь иргэдийг хөл хориотой байх хугацаанд дэмжлэг болгон олгож байгаа тул арилжааны банкуудыг зээл болон түүний хүүгийн төлбөрт суутган авахгүй байхыг төв банкнаас анхааруулсан.
Хатуу хөл хорины хугацаанд зөвхөн зөвшөөрөгдсөн 15 чиглэлийн байгууллага ажиллана. Гэхдээ ажиллах хүчнийхээ 10 хувийг нь оффисоор ажиллуулж, хүний бөөгнөрөл үүсгэхээс зайлсхийж ажиллах үүрэг хүлээгээд байна.
Мөн хатуу хөл хорионы дэглэмтэй холбогдуулж, нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлэв. Тодруулбал, өглөө 06:30-10:00, өдөр 12:00-15:00, орой 17:30-22:00 цагт зөвхөн хязгаарлагдаагүй салбар, хуулийн этгээдийн ажилтнуудыг зорчуулна. Хөл хорионы хугацаанд зөвшөөрөгдсөн салбарын ажилтан, албан хаагчдаас QR код шаардахгүй. Харин ажлын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтоор зорчино.
Мөн хөл хорионы үеэр үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөгдсөн ААН-үүдийн автомашины улсын дугаарын сүүлийн орныг хуанлийн тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулахаар болсон. НОК-оос гаргаж танилцуулсан шийдвэрийн дагуу өнөөдөр үйл ажиллагааг нь хязгаарлаагүй байгууллагын ажилчдын тэгш тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно.
Хатуу хөл хорионы хугацаанд 15 чиглэлийн байгууллага ажиллана. Үүнд:
Төрийн байгууллагууд:
- Тусгай чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа (Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, цагдаа, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Тусгай алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Гааль, Татвар, Байгаль орчныг хамгаалах Улсын бүртгэл, Гадаадын иргэн, харьяаны асуудал эрхлэх, Дипломат)
- Эрүүл мэндийн байгууллага
- Хууль тогтоох дээд байгууллага, төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа, (ажилтан албан хаагчдын 30 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай)
- Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект байгууллага (Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар болон ижил үйл ажиллагаатай Олон улсын байгууллага, (УБТЗ ХНН, Чингис хаан ОУНБ, Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн, Нөөц төв гэх мэт) ажилтан албан хаагчдын 30 хүртэлх хувиар ажиллах, цагийн хязгаартай
- Цахилгаан, усан хангамж, ариутгал татуурга, хот нийтийн аж ахуйн чиглэл,
- Шуудан, харилцаа холбоо
- Сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллага бүхий түлшний тээвэрлэлт
- Шүүх, прокурорын байгууллага
- Халамжийн байгууллага
- Банк санхүү хөрөнгийн биржийн үйл ажиллагаа
- Мал, амьтны өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
Аж ахуйн нэгжүүд:
- Цахилгаан, усан хангамж, ариутгал татуургын үйл ажиллагаа
- Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм эмнэгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага,
- Шатахуун, түлшний хангамжийн үйл ажиллагаа
- Хүнс, хүнсний сав баглаа боодлын үйлдвэр, худалдаа, тээвэрлэлт, түгээлт ханган нийлүүлэлт (хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал амьтны тэжээл)
- Ариутгал, халдваргүйжүүлэл, хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой муурын устгал
- Банкны цахим болон автомат тооцооны үйл ажиллагаа
- Сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллага бүхий түлшний тээвэрлэлт
- Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хангах аж ахуйн нэгж, байгууллага
- Харилцаа холбоо, шуудан илгээмжийн үйл ажиллагаа,
- Оршуулах үйл ажиллагаа
- Хэвлэл мэдээлэл (тусгай нөхцөлөөр зөвшөөрөл олгох)
- Малын өвс тэжээлийн үйлдвэрлэл худалдаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа
- Бараа материалын цахим худалдаа хүргэлтийн үйл ажиллагаа