УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанд цахимаар 40, танхимаас 6 гишүүн оролцож байгааг УИХ-ын дарга хэллээ.
УИХ-ын гишүүд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээлэлтэй холбоотой асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Хөл хорионы хугацаанд юу хийх вэ. Вакцинжуулалтыг идэвхжүүлнэ гэж байна. Байгаа нөөц чинь 800 мянган тун л байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр идэвхжүүлэх боломжгүй юм биш үү.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан: 14 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаа нь өөрөө арга хэмжээ. Эхний вакцины дараа ийм арга хэмжээ авахгүй бол вакцин үр дүнгүй болно. Хөл хорио эхний тунгийн хамгаалалт болно гэдгийг ойлгох хэрэгтэй.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Өнөөдөр гэхэд 714 тохиолдол батлагдсан байна. Халдварын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор хүндэрч буй хүмүүсийн тоо ч нэмэгдэж байна. Эрүүл мэндийн салбарын ачаалал өндөр болж байна. Вакцины эхний тунг хийлгэсэн хүмүүс өвчлөх магадлалтай тул вакцинжуулалтыг үр дүнтэй болгохын тулд хөл хорио тогтоож тэдгээр хүмүүсийг халдвараас сэргийлэх ёстой юм.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Вакцинжуулалтыг буруу эхлүүлсэн. Эрүүл мэндийг нэгдүгээрт тавиад яагаад хамгийн сайн вакциныг захиалж болоогүй юм бэ. Д.Ганбат Израйлын вакцин захиалъя гэхэд та нар шоолоод инээж байсан. Өнөөдөр вакцинаас болоод ямар сөрөг нөлөө гарч байгааг та бүхэн харж байгаа байх.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Хамгийн сайн вакцин гэж хүмүүс их асуудаг. Одоо олдож байгаа вакцин л хамгийн сайн нь. Дэлхий нийтээр вакцины төлөөх уралдаанд явж байна. Бид хоцроогүй. Бид хүн ам цөөтэй. Энэ боломж мэт байж болох ч бид сайн ажиллахгүй бол энэ уралдаанд хоцрох эрсдэлтэй. Вакцинд зориулж бид бэлдсэн. Зорилтот 60 хувьдаа хийх, ДЭМБ-аас баталгаажуулсан ямар ч вакциныг авах гэрээг хийсэн. Эхнээсээ орж ирээд вакцинжуулалт 26 хувьтай явж байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Замын хүзүү урт, зааны хүзүү богино. Юм ээлжтэй байдаг юм. Хөтөлбөрийг дэмжиж байна. АН бас бонд босгоод хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Хөтөлбөр нь хуулбарласан юм шиг харагдаж байна. Цоо шинэ зүйл биш. Иргэдэд үр өгөөжөө өгдөг зүйл. Тэгэхээр хийж хэрэгжүүлэх нь зөв. Тухайн үед олон төсөвтэй болчихлоо гээд явдаг байсан. Ямар ч Засгийн ачаа үүрэн хийдэг ажил. Таван толгойн хувьцааг иргэдэд олгох байдлаар Н.Батбаяр сайд санаачлан 300 мянган төгрөгийг иргэдэд өгч байсан. Вакцины хоёр дахь тунг 30 хоногийн дараа гэж байсан ч 56 болсон талаар иргэнээс асуулт ирж байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Тун хоорондын зай 8-12 долоо хоног. 8 долоо хоногоос хойш хийвэл дархлал өндөр тогтож байгааг хэлсэн. Вакцинаасаа хамаараад тун хоорондын хугацаа өөр байна. 21-ээс дээш хоногийн хугацааны дараа хоёр дахь тунг хийж байна.
Сангийн сайд Б.Жавхлан: Ажлын байрыг хамгаалах зээлд 5900 зээлдэгч хамрагдсан. Үүнд 875 ААН, 5025 иргэн зээлэнд хамрагдаад байна. 2 их наядаас 20 хувь нь гарахад 5900 зээлдэгч авсан байна. Өмнөх алдаагаа давтахгүйн тулд хяналтыг сайжруулсан. Яг бизнес эрхэлдэг, баялаг бүтээдэг хүмүүст нь зээлийг хүргэх ёстой. Үүнд иргэдийн болон холбогдох байгууллагууд хяналт тавьж явна.
Ерөнхийлөгч Х.Баттулга: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг хүргүүллээ.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: 10 их наядын төлөвлөгөөн дээр жижиг дунд бизнес эрхлэгчид өөрсдөд нь хүрэхгүй байх вий гэсэн сэрдэлт байна. Яг хэдий хэмжээний бизнес эрхлэгчид хэдээс хэдэн ажилтантай хэдэн бизнес эрхлэгчид зээл аваад байгаа вэ. Бид ямар вируслогчид биш, бид дархлаа судлаачид биш. Тиймээс улс төрчид энэ вакцины асуудалд элдэв зөв, буруу мэдээлэл өгч иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг хүсэж байна.