Нийслэлийн гудамжаар тэнүүчлэх эзэнгүй нохой багассаныг та анзаарсан уу. Хэдхэн жилийн өмнө хотын төвөөр сүрэглэн явдаг байсан золбин нохой сүүлийн жилүүдэд эрс багассан юм. 2013 онд хэсэг залуус нэгдэн гудамжны нохой, муурыг аварч эхэлснээр “Азтай савар” ТББ-ыг хэн хүнгүй андахгүй болсон. Тэд гудамжны нохой, муурыг авран эзэнтэй болгон нохойн спей буюу үржлийг зогсоох ажлыг амжилттай хэрэгжүүлж, бусдыгаа уриалан энэ чиглэлийн үйл ажиллагааг сурталчлан таниулсаар ирсэн юм.
Энэ удаад “Азтай савар” ТББ-аас санаачлан Тэжээвэр амьтны хуулийн төслийг боловсруулж байгаа аж. Бид энэ талаар тус байгууллагын тэргүүн Ц.Зориглонтой ярилцлаа.
-"Азтай савар" ТББ өнгөрсөн хугацаанд чамгүй ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн. Эхнээсээ ажлууд нь үр дүнгээ өгч байна гэж харж байгаа?
-“Азтай савар” ТББ 2013 оноос хойш үйл ажиллагаагаа явуулаад найм дахь жилдээ ороод явж байна.Бид гудамжны нохой, муурыг авраад гаднын гоё бичлэгүүд шиг явах төлөвлөгөөтэй анх эхлүүлж байсан ч энэ маань ямар ч үр дүнд хүрэхгүй, маш их хүч хөдөлмөр, цаг зав зарцуулах юм байна гэдгийг ойлгосон. Төрсөн хойно нь аврахаас илүүтэй төрөхөөс нь яаж сэргийлэх вэ гэдгийг судалсан. 2014 оноос хойш нохой, муурын үржлийг хязгаарлах спей ньютер буюу эр нохойг засах, охин нохойн үржлийн эрхтнийг авах мэс ажилбаруудыг хийгээд явж байгаа.
2016 оноос хойш нийслэлд танилцуулаад, тухайн үеийн нийслэлийн удирдлагууд дэмжээд дүүргүүдэд спей хөтөлбөр явсны үр дүнд өмнөх үеэ бодвол гудамжны нохойн тоо өмнө нь төвөөр ч сүрэглээд явж байдаг байсан бол тэр нь харагдахаа больж үр дүн гарсан байгаа.
-Сүүлийн үед цэвэр үүлдрийн нохой гудамжинд гарах болсон талаар иргэд шүүмжлэх болсон. Үүнийг хэрхэн зохицуулах хэрэгтэй юм бол оо?
-Эсрэгээрээ өндөр цусны биш үүлдрийн овчарк, голдон зэрэг нохойг үржүүлдэг хүмүүс маш их гарч ирсэн. Эргээд манай байгууллага дээр аврагдахаар ирж байгаа нохойнууд ихэнх нь үүлдрийн нохой болж хувирч эхэлж байна. Тэгэхээр энэ нь нохой, муур үржүүлэх, тэжээх эзний хариуцлагыг зохицуулсан хууль эрх зүйн орчин байхгүйг уржнангаас анзаарч эхэлж 2020 оны зургаадугаар сараас эхлэн энэ хуулийнхаа төсөл рүү орсон. Хуулийн багтай, таван хуульчтай, маркетингийн багтай, Азтай савар ТББ гээд 20 хүнтэй баг ажиллаж байна. Хуулийн драфт гарсан. Одоо судалгааны ажил дээр явж байна.
Төлөвлөгөөгөөр энэ намрын чуулганд хуулийн төсөл бэлэн болоод зарим УИХ-ын гишүүдэд танилцуулаад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Тэжээвэр амьтны хуулийг өргөн барих болсон хэрэгцээ шаардлага нь?
-Амьтан нохой, муур Монгол Улсад ямар ч хуулийн зохицуулалтгүй байгаа. Гаднын хуулиудыг харж байхад ялангуяа тэжээвэр амьтны эрх бол амьтны эрх гэхээсээ илүү эзний хариуцлага л байдаг. Эзэн хариуцлагатай байгаа нөхцөлд ямар нэгэн байдлаар амьтны эрх зөрчигдөхгүй гэсэн үг. Яалт ч үгүй эзний хариуцлага өндөр байх ёстой юм байна. Татвараа төлөөд нохой, муураа үржүүл. Түүнээс манай Монгол шиг дурын хүн хашаандаа 2-3 нохой уячхаад тэрийгээ үржлийн газар гээд нэрлэчихсэн. Түүнд нь ямар ч зохицуулалт, хууль эрх зүйн тодорхой зүйл байхгүй байж болохгүй байна л даа. Түүнээс болж эргээд гудамжинд маш их үүлдрийн нохой, муурууд гарч байна. Гудамжаар нэг ядарсан амьтад гүйлдээд явж байдаг боллоо. Монголд гоё үүлдрийн нохой, муур орж ирээд 2-3 жилийн дараа гудамжинд гарчихсан явж байна. Энэ нь нөгөө зохицуулалт байхгүй байгаагийн үр дүн.
-Өнөөдөр манайд гэрийн тэжээвэр нохой, муурнаас татвар авах ямар журам байдаг вэ?
-Нэгдсэн журмаар нохой, муур тэжээвэл, үржүүлбэл гэсэн татварын тогтолцоо, систем байхгүй. Ер нь нохой, муур тэжээх гэдэг чинь зүгээр л амьтан аваад гэртээ уячих биш, хариуцлага байх ёстой. Үржүүлгийг нь хэн хийх үү, ямар нөхцөлд хийх үү, ямар татвар төлөх үү гэдгийг тодорхой болгоод дараа нь муур, нохойнхоо үржлийг зогсоосон буюу охин нохойнхоо савыг боолгоод эр нохойгоо засуулсан байвал татвар нь маш бага юм уу, бүүр татваргүй байдаг байсан ч яах вэ дээ. Ингэж зөрүүг нь гаргаж өгч байж эздийн хариуцлага давхар энд яригдах болоод байгаа.
-Иргэд хүүхдээ зугаацуулахаар нохой, муур аваад үржээд ирэхээр нь гудамжинд гаргаад хаясан тохиолдолд хариуцлага тооцох тогтолцоо бүрдэх нь ээ?
-Жишээ нь энэ хууль гарвал нохой маш үнэтэй болно. Татвар төлөөд гөлгөө зарж байгаа хүн чинь татварын мөнгөө шингээж зарна. Нохой маш үнэтэй болох ёстой. Үнэтэй болсноор дурын хүн хүүхдээ зугаацуулах гэж нохой авах боломжгүй болох ёстой. Тиймээс энэ бүгдэд ямар нэгэн байдлаар тодорхой хуулийн зохицуулалтаар зохицуулж өгөхгүй л бол болохгүй.