Хүн амынхаа 60 хувийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамруулахаар Засгийн газар төлөвлөсөн бөгөөд улс орон даяар вакцинжуулалт өрнөж байна.
COVID-19-ийн эсрэг вакцины талаар бидний мэдэх ёстой ойлголтуудын тухай Япон улсын Каназава Үндэсний их сургуулийн Анагаахын сургуулийн дэд профессор, АШУҮИС-ийн дэд профессор, доктор Д.Нямбаярын онлайн уулзалтын үеэр өгсөн мэдээллээс ямар хүмүүс коронавирусийн эсрэг вакцин хийлгэж болохгүй талаар ярьсныг хүргэе.
Дэлхий дахинд дархлаажуулалт өргөн хүрээтэй хийгдэж байгаа учраас бодит үнэнд нийцсэн зөвлөмж гарсан. Тус зөвлөмжид КОВИД-19-ийн халдвар аваад эдгэрсэн ч гэсэн вакцин хийлгэх хэрэгтэй гэсэн байгаа. Яагаад гэвэл коронавирусийн эсрэг байгалийн жамаар тогтсон дархлаа хэр удаан үргэлжлэхийг одоохондоо тогтоогоогүй байна.
- Коронавирусийн халдвар аваад өвчлөл үргэлжилж байгаа үед вакцин хийхгүй.
- Маш ховор тохиолддог харшлын урвал үзүүлдэг нь тогтоогдсон хүмүүс уг вакциныг хийлгэхгүй. Жишээлбэл, Pfizer вакцины бүрэлдэхүүн хэсэг болох Polyetheline Glycol(PEG) гэдэг бодисоос харшилдаг бол вакцин хийлгэж болохгүй. Гэхдээ энэ төрлийн харшил маш ховор буюу нэг сая хүн дунд 1-2 тохиолддог.
- Коронавирусийн эсрэг биеийн эмчилгээ хийлгэсэн хүмүүс вакцин хийлгэж болохгүй. Манай улсын хувьд ийм эмчилгээ хийхгүй байгаа.
- Жирэмсэн хүмүүст эсрэг заалт байхгүй. Вакцин хийлгэж болно. Астматай хүмүүст бас болохгүй гэсэн мэдээлэл яваад байгаа нь ташаа мэдээлэл. Гэхдээ вакцин тарьснаас хойш 15-30 минут ажиглах хэрэгтэй.
Вакциныг хүний биед тарихад дархлааны тогтолцоо хариу урвал үзүүлдэг. Ямар ч өвчний эсрэг вакцин тариулахад илэрдэг ерөнхий шинж тэмдгүүд бий. Тухайлбал, бага зэрэг халуурах, тарьсан хэсэгт өвдөлт өгөх, улайх, толгой өвдөх, ядрах гэх мэт шинж тэмдэг илэрч болно. Энэ бүхэн нь сөрөг биш харин ч таны дархлааны тогтолцоо сайн ажиллаж байгааг илтгэх эерэг шинж тэмдэг юм. Үүнтэй хольж болохгүй нэг зүйл байгаа нь хүчтэй шок буюу харшлын урвал явагдах үйл явц. Түрүүн хэлсэн Polyetheline Glycol (PEG) гэх бодисын харшилтай бол шоконд орно. Гэхдээ энэ харшлын урвалыг маш хурдан таслан зогсоож болдог. Шоконд орсон хүнд хийдэг тариа бий. Тухайн тариаг хийхэд тэр дороо зүгээр болно. Тиймээс вакцин тариулснаас хойш 15-30 минут ажиглах бөгөөд хариу урвал гарвал тэр дор нь арга хэмжээ авах боломжтой. Амь насанд аюулгүй.
Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэлийн зөвлөгөө
Вакцины эсрэг заалттай хүмүүс:
- Вакцины найрлагад орсон бодист харшилтай
- Эм, ялангуяа антибиотикт харшилтай
- Өмнө нь ямар нэг вакцин хийлгээд анафилаксийн шоконд орж байсан
- Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгсөн
- Мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үед
- 38.5-аас дээш халуунтай
- Дархлал дутмагшилтай
- Гормон эмчилгээ болон дархлаа дарангуйлах, дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс
- Халдварын эмчилгээний цитостатик эм хэрэглэж буй үед
- Жирэмсэн эмэгтэй байна.
Харин хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд вакцинд хамрагдаж болох заалттай байна.
Вакцин хийлгэсний дараа анхаарах зүйлс:
- Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
- Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх
- Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйл хэрэглэхгүй байх
- Халдвар хамгааллын дэглэмийг сахих амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих… гэх мэт/
- Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах
- Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх
- Давтан тунгаа товлолт хугацаанд хийлгэх
Ер нь вакцин хийлгэсэн хүмүүс ажлын ачааллаа тэнцүүлэн хэт ядрахгүй байж, боломжтой бол вакцин хийлгэсэн эхний өдрөө гэртээ байж биеийн эсэргүүцлээ сайжруулахыг зөвлөж байна " гэв.