Монголчууд коронавирус цар тахалтай дасан зохицож амьдрах шаардлагатай болжээ. Гэтэл цар тахлаар далимдуулан засгийн газрын гаргаж буй энэ их хөл хорио, энэ хорио цээрийн уршигаар маш олон хүний амьдрал шалдаа бууж байна.
Хэдэн тэрбумын хөрөнгөнд туйлдаг хүмүүс өдрийн хоолоо "зогоох" гэж зовохгүй. Харин өдөржин наймаа хийж өдрийн орлогоороо амьдардаг хүмүүс л “зовж” буй. Үнэндээ хөрөнгөнд туйлагчид гэр хорооллын захад байрлах хар зах дээр зочилж эсвэл бүр шагайж ч үзээгүй байх. Тэдний амьдрал хэрхэн өрнөдөгийг мэдэхээс мэдэхгүй нь их.
Гэр хорооллын захад амьдардаг олон мянган жирийн ард иргэд тэр дундаа өдрийнхөө орлогоор амьдардаг иргэдтэй уулзах завшаан бидэнд тохиов. Эдгээр иргэд нь бүгд гар дээрээс наймаа эрхлэгчид. Тэд өдөрт 50 эсвэл 60 мянган төгрөг олж түүгээрээ нэг өдөр идэх талхаа авдаг. Тэдний дунд таван хүүхэдтэй, дөрвөн хүүхэдтэй, хоёр хүүхэдтэй ганц бие ээж, өрхийн тэргүүн гээд л амьдралын олон өнгийг харуулсан иргэд байлаа.
-ДОТОР МАХ БОРЛУУЛАГЧ Л.ГАНЧИМЭГ "МӨНГӨГҮЙ БАЙХ ШИГ ХЭЦҮҮ ЮМ БАЙДАГГҮЙ"-
Дөрвөн хүүхэдтэй малын дотор мах зардаг иргэн Л.Ганчимэг “Өрх толгойлсон эмэгтэйн хувьд дөрвөн хүүхдээ тэжээх хүндхэн үүрэгтэй. Хүүхдээ оюутан болгох гэж оюутны зээл авч, одоо эрхэлж байгаа бизнесээрээ зээлээ ч төлнө, амьжиргаагаа ч залгуулж байна даа” гэж хуучиллаа. Түүнээс гадна “Хүчит Шонхор” захын гадна маскны наймаа эрхлэгч 30 эргэм насны эрэгтэй “Өмнө нь өвчин зовлонгүй үед өөр бизнес хийдэг байсан юм. Харин одоогийн энэ хүнд үед маск бол цагаа олсон бизнес. Өдөрт 50 мянган төгрөг олоод жирэмсэн эхнэр, бяцхан хүүхдийнхээ хоолыг авахаар буудаг даа” гэж байв. Энэ мэтчилэн маш олон иргэд бидэнд амьдралынхаа эрээнтэй бараантай түүхийг хуваалцсан.
Хүн бүр энэ хүнд цаг үед өлсөхгүйн тулд зогсолтгүй хөдөлмөрлөж байна. Харин Засгийн газар тэдгээр иргэдийн нөхцөл байдлыг бодолгүйгээр ХӨЛ ХОРИНО гэх. Мөн эдгээр иргэдийн хэлснээр "Хөл хорио тогтоосон даруй хүний хөл тасарчихдаг. Хүний хөл тасрана гэдэг чинь орлого буурна л гэсэн үг. Орлого буурлаа л бол бид идэх хоолноосоо танах хэрэгтэй болдог. Ер нь тэгээд мөнгөгүй байх шиг хэцүү зүйл байдаггүй" гэв. Тэдний амьдрал өдрийн орлогоос маш их хамааралтай. Хэрвээ тэд наймаагаа "хагалж" чадаагүй бол хүүхдүүд нь өлсөнө. Тиймээс тэд өдрийн хоолныхоо мөнгийг олохын тулд гэдэс дотор, цувдаа байна, маск байна 50 ширхэг нь 5000 гэх зэргээр өдөржин "орилж" суудаг.
Ингэж л өдрийнхөө хоолтой золгодог тэдний хувьд ХӨЛ ХОРИО хүндхэн шалгуур болдог аж. Тийм ч учраас Засгийн газар хөл хорих шийдвэрээ дахин нэг бодож үзэх хэрэгтэй биз ээ. Хөл хорио шийдэл биш хөл хорио ард иргэдийн "там" боллоо.