Ардчилсан намын даргын цахим сонгуулийн дүн гарлаа.
АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг АН-ын даргыг сонгох сонгуулийн санал хураалтын дүнг танилцууллаа. Энэ удаагийн сонгуулийн онцлог нь намын даргын сонгуулийн санал хураалтыг цахимаар явуулсан анхны тохиолдол байлаа. Мөн цар тахлын хүн нөхцөлд хорио цээрийн дэглэмийг сахиж сонгуулийг цахимаар явуулсан гэдгийг Дотоод сонгуулийн хорооноос мэдэгдэв.
Дотоод сонгуулийн хорооноос мэдээлснээр энэ удаагийн цахим сонгуульд санал өгсөн гишүүдийн тоо 30077 буюу саналын хуудсанд бүртгэгдсэн нийт гишүүдийн 20,91 хувь болсон байна.
Намын даргад нэр дэвшиж өрсөлдсөн нэр дэвшигчдийн авсан саналыг оноонд шилжүүлж танилцуулсан бөгөөд
- Л.Гүндалай 898,58
- Ц.Уртнасан 1020,86
- Ч.Өнөрбаяр 1479,33
- Ц.Оюунгэрэл 2067,21
- М.Тулгат 2134,01 оноо буюу хамгийн олон санал авч, намын даргын сонгуульд ялалт байгуулсныг зарлалаа. Мөн дотоод сонгуулийн хорооноос сонгуулийн дүнг танилцуулсан тогтоолыг АН-ын дарга С.Эрдэнэд өргөн мэдүүлэхээр болов.
Мөн санал хураалтын дүнг танилцуулахын өмнө АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг "Өнөөдөр /өчигдөр гуравдугаар сарын 28-нд/ 18 цаг 50 минутын үед санал хураалт явуулж байсан сайтын гадаад дахь сервер дээр гаднаас халдлага хийсэн. Нөөц сервер дээр шилжилт хийсний үндсэн дээр сонгуулиа амжилттай үргэлжлүүлсэн. Халдлага болсон дараа нь санал хураалтыг үргэлжлүүлсэн үед бичлэг хийсэн, саналын дүнд ямар нэг өөрчлөлт гараагүй. Намын гишүүн та бүхэн шалгаж болно" гэв.
Харин АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Туваан, Дотоод сонгуулийн хорооны дарга асан И.Мөнхжаргал нарын зохион байгуулсан бас нэгэн сонгуулийн санал хураалтын дүнг өнөөдөр танилцуулна. АН-ын дарга С.Эрдэнийн зүгээс тус сонгуулийг "дүрмийн бус" хэмээн зарлаад байгаа билээ.
АН-ын даргын сонгуульд ялалт байгуулсан М.Тулгат /товч намтар/
Төрсөн он сар өдөр: 1978.08.09
Төгссөн сургууль:
- Нийслэлийн Ерөнхий боловсролын 1-р дунд сургууль
- 1998-1999 онд Японы Осака гадаад хэлний дээд сургууль, Япон хэл боловсролын төв
- Эрдмийн зэрэг цол: Дээд, эдийн засгийн ухааны магистр
Ажилласан байдал:
- 2005-2009 онд Японы Софтбанк групп, санхүү төлөвлөгч
- 2009-2013 онд Бэста ХХК, үүсгэн байгуулагч, захирал
- 2013 оноос “Хишиг Арвин Индустриал” ХХК, дэд захирал
Гавьяа шагнал: -2014 Хөдөлмөрийн хүндэт медаль
Сонгуульт ажил:
- 2012-2016 онд Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, дэд дарга,
- 2016 онд АН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон,
- 2020 онд Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагч