УИХ, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг бусдын гарт амиа алдсан харамсалт хэрэг гарснаас 23 жил өнгөрч байна. 1998 оны аравдугаар сарын 2-ний шөнө үйлдэгдсэн энэ хэргийг анх улс төрийн захиалгат аллага байсан гэж үзэж ирсэн ч цаг хугацаа алдахын хэрээр олон асуулт үлдээсээр.
Мөн энэ хэргийг илрүүлнэ, үнэнийг олно гэж ард түмэнд амлалт өгч байсан улстөрчид уг хэргийг сонгууль бүрийн өмнө шоу болгон ашиглаж, улс төрийн замаа уртасгасаар ирсэн.
2000 он
УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг бүрэлгэсэн онц ноцтой хэрэг гарах үед ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан Д.Мөрөн 2000 онд “Би УИХ-ын гишүүн болбол 14 хоногийн дараа С.Зоригийн хэрэг илэрнэ” гэж хэлээд УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. Гэвч тэрбээр сонгуулиар өгсөн амлалтдаа хүрээгүй.
2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө энэ хэрэг хөндөгдөж эхэлсэн.
2015 оны 8 дугаар сарын 31.
Хүн амины хэргээр ял эдэлж байсан Ц.Амгаланбаатар, баривчлагдаж ирсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутган баривчилсан.
2016 оны нэгдүгээр сарын 16.
Тэр үед нь УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат ганцхан Монголын үндэсний телевизэд энэ хэргийн талаар “…Үндэслэл байсан учраас хэргийг сэргээн шалгаж байна” гэсэн товчхон хариултыг өгөөд, холбогдогч Ц.Амгаланбаатарыг С.Зориг агсны амьдарч байсан байрны 00-ын өрөөнд оруулж байгаад авсан бичлэгийг олон нийтэд үзүүлсэн юм.
Удалгүй 2016 онд шүүх ажиллагааг эхлүүлж, 2017 онд бүх шатны шүүхээр эцэслэн яллаж дууссан. Ингэхдээ Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25 жил, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон байдаг. Хамгийн сүүлд 2017 оны наймдугаар сарын 7-ны өдөр тэдний гомдлыг Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг өөрөө даргалж хуралдаад Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ялыг 20 жил болгож эцэслэн шийдсэн байдаг.
2017 оны аравдугаар сарын 26.
ТЕГ-ын дарга Б.Хурц “…Хууль зүйн сайд Ц.Нямдорж С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар нэлээд ярьж байна. Тиймээс бид энэ асуудалтай холбогдуулж тодорхой мэдээлэл өгөх нь зөв гэж үзлээ. Ц.Нямдорж гэдэг хүн сайд болох бүртээ энэ хэргийг шалгах Ажлын хэсгийг өөрчилж, нийт дөрвөн удаа тараасан байдаг. Ажлын хэсэгт ажиллаж байсан 32 албан хаагчийг сольсон. Одоо бас сайд болонгуут дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүйн зөвлөлөөс гарсан зөвлөмжид энэ хэргийн ажлын хэсэгт мэргэжлийн алба хаагчид тогтвортой ажиллах ёстой гэж заасан байдаг. Улс төрийн болон бусад зорилгоор Цэндийн Нямдорж энэ хэрэгт нөлөөлж байна” гэж байв.
2018 оны аравдугаар сарын 23.
Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр “…С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэж гурван хүнд ял оноосон. Хуулийн хүрээнд шүүхийн шийдвэр нэгэнт гарсан. Шүүхийн эцсийн шийдвэр гарсан учраас энэ гурван хүнийг гэм буруутай гэж үзэж байгаа. 18 жилийн дараа энэ хэрэг илэрсэн. Цаашид дахин шалгах шаардлагагүй. Хамгийн сүүлд Б.Булганы өгсөн мэдүүлэгт хэрэг бүртгэл нээгээд шалгаж байгаа” гэсэн байдаг.
Гэвч өнөөдөр Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эрүүдэн шүүж энэ хэргийг үүрүүлсэн гэдэг нь ийн нотлогдоод энэ хооронд “…Хэлмэгдүүлэлт боллоо, Эрүүдэн шүүсэн” гэх мэдээлэл ар араасаа хөвөрсөн.
2018 оны арваннэгдүгээр сарын 14.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд “Дээд шүүхийн ажиллагаа, гаргаж байгаа шийдвэр, хүний эрхийн асуудал гэх мэт нь сонин болсон. Арай ядан байж нууцын зэрэглэлээс гаргасан С.Зоригийн хэрэг дээр хачин юм болсон шүү дээ. Би хоёрхоныг нь хэлье.
Нэгд, энэ хэргийн нэг шүүгдэгчийн өмгөөлөгчөөр нууц албаны ажилтныг оруулсан. Амьдралдаа ганц удаа хэрэг уншиж үзээгүй, гадуур дагуул хийдэг байсан ийм хүн Дээд шүүхэд бүртгүүлэнгүүт өмгөөлөгчийн эрх аваад, хамаа намаагүй хэрэг хүлээдэг хүний өмгөөлөгчөөр шүүх хуралд орсон. Ингэж энэ өмгөөлөх эрх гэдэг юм байхгүй болсон.
Хоёрт, энэ хэргийг нууцлаад байгаа нэг гол шалтгаан бол энэ хэргийн цорын ганц гэрч Б.Булганыг шүүх хуралд оролцуулаагүй. Арван сар энэ хүнийг холбогдуулж хорьсон, сүүлд нь хэрэгсэхгүй болгосон, шүүх хуралд оролцуулаагүй. Тэгсэн атлаа Б.Булганы ам зургаар хүмүүст ял оноож, бүх насаар нь хорьсон. Гэрч нь амьд байсаар байтал үгийг нь сонсолгүй шүүх хурал хийдэг ёс Монголд тогтсон.
Энэ хэрэгт нэр холбогдоод байгаа гурван хүн чинь биш ээ гэдгийг Б.Булган хэлээд байсан учраас л шүүх хуралд оролцуулалгүй хэргийг тасалсан. Сүүлд нь энэ хэргийн бүх будлианыг хутгасан Г.Эрдэнэбат гэдэг ерөнхий прокурорын орлогч “Б.Булган хамжигч байсан юм шиг байна лээ. Хамжигчийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас хэргийг нь хэрэгсэхгүй болгосон” гэж хэлсэн.
Би анх удаа С.Зориг агсны хэргийн асуудлаар яриад байгаа юм биш. Энэ асуудлыг шийдсэн асар их булхайн талаар ХЭҮК ер дуугарахгүй байна. Би гайхаад байгаа юм. Нууц гэдгээр л бас айлгачихсан юм шиг байгаа юм. Энэ бол Монголд 1937 он амилж, хуулийнхан хүсвэл хэнийг ч хэлмэгдүүлж болдог, хэлмэгдүүлснээ хэргийг нууцын зэрэгт оруулах байдлаар хаадаг, захиалгаар хэрэг шийдвэрлэдэг болсон юм л харагдаад байгаа юм даа. Гүйцэтгэх ажилтныг маргааш нь өмгөөлөгч болгоод шүүх хуралд оролцуулдаг. Энэ чиглэлээр л ХЭҮК цаашид дуугарч байгаасай гэж хэлэх байна” хэмээн ярьсан байдаг.
Төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан эрхмүүд ямар зүйл ярьж, хэлж байсан тухайн үеийн хэвлэлийн хуудаснаа үлдсэн байдаг.
ЦЕГ-ын дарга, Хурандаа Д.Мөрөн
“… Шалгалтын явц нэлээд хумигдаж байна. Бид задгай тал дээр юм хайх хэмжээнд хэргийг шалгаж эхэлсэн бол одоо шалгалт тодорхой хүрээнд орсон. Иймээс ч хэргийн хүрээ хумигдаж байгаа. ”
Өдрийн сонин, 1999.09.20 №165
УИХ-ын гишүүн Т.Ганди
“… Би энэ хэргийг илрүүлчихсэн гэж боддог. Яагаад гэвэл цагдаагийн байгууллага, цагдаа нар маань ажлаа мэддэг, хэнээс дутахааргүй хийдэг гэдэгт итгэлтэй байна. Тийм учраас илрүүлчихсэн хэрнээ олон түмэнд зарлачих цаг хугацаа нь болоогүй юм болов уу даа…”
Өдрийн сонин, 1999.09.20 №165
2021 оны гуравдугаар сарын 8.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдан С.Зориг агсны хэрэгт буруутгагдан ял эдэлж байгаа Т.Чимгээ нарын хэргийг шүүн таслах явцад эрхийг нь зөрчиж, хүчээр хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй баримттай танилцсан байна. Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 401 дүгээр хаалттай хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байгаа Т.Чимгээтэй уулзсан. Шүүх ямар шийдвэр гаргасан нь бус, гагцхүү шүүн таслах үйл ажиллагааны явц хуулийн дагуу байсан эсэх нь чухал гэж Ерөнхий сайд үзжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Т.Чимгээтэй уулзаад “Эрүүдэн шүүсэнтэй холбоотой хэрэг Төв аймгийн шүүх, Давж заалдах шатны шүүх дамжин Улсын дээд шүүхээс буцаад байна. Шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нар эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй энэ хэрэг одоо болтол шийдэгдэхгүй байгаад анхаарах ёстой” хэмээн хэлсэн.
Хэрвээ Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нь тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-д заасны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас өмнө нь оноосон хэргийг хүчингүйд тооцож, шинээр мөрдөн шалгах хууль, эрхзүйн үндэслэл бүрдэх юм байна.
2021 оны гуравдугаар сарын 10.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Энэ хэргийн зарим материалыг ил болгох тухай Засгийн газрын тогтоол гарсан.
Та бүхэн санаж байгаа бол 2019 оны зургаадугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 115 дугаар тогтоолоор хэргийн зарим бичлэгийг ил болгож, олон нийтэд тараасан. Энэ бол эрүүдэн шүүлттэй холбоотой асуудал. Улмаар материал ил болсны дараа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн тухайн үеийн ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат, тагнуулын ажилтан н.Махгал, н.Баяр, н.Отгонбаяр, н.Бямбажав, н.Өлзийбаяр, н.Бархасбадь, н.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Төв аймгийн шүүхэд шилжүүлсэн.
Мөн энэ хэрэг Анхан шатны, Давж заалдах болон Улсын Дээд шүүхээр нийт зургаан удаа орсон ч өнөөдрийг хүртэл шийдэхгүй байгаа. Анхан шатны шүүх дээр дурдагдсан шүүгдэгчдийн нэгэнд нь хорих ял өгсөн атлаа нийтийн албанд албан тушаал ажил эрхлэх ялыг оногдуулаагүй гээд Давж заалдах шатны шүүх Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалд прокурор эсэргүүцэл бичиж улсын дээд шүүхэд хүргэсэн. Хоёрдугаар сарын 17-нд шүүгчид хуваарилагдсан тус хэргийн 30 хоногийн хугацаа энэ сарын 17-нд дуусна. Дээд шүүх дээр дахиад 30 хоног сунгах боломжтой.
Олон түмний нүдэн дээр эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн гэдэг нь маш тодорхой байгаа энэ нөхцөлд Монголын шүүх Б.Хурц нарын хүмүүст дийлдэж, эрүүдэн шүүлт буюу яргын хэрэг шийдэгдэхгүй өнөөдрийг хүрч байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүрэгтэй. Тэгэхээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэдгийг олон нийт харсан энэ үйлдлийг хурдан шүүхээр шийдэгдэх ёстой гэсэн үндсэн дээр Засгийн газрын тэргүүн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ялтан Т.Чимгээтэй очиж уулзсан.
Өнөөдөр Т.Чимэгээгээс надад хоёр утга бүхий өргөдөл ирсэн. Нэг нь "Тэрэлж" зочид буудалд миний эрхэнд бүдүүлгээр халдсан бичлэгийг нүүрийг минь бүдгэрүүлж хэсэгчилж олон нийтэд цацах, хоёр дахь нь намайг хоригдож байх хугацаанд амь насаа алдсан охины минь хэргийг дахин шалгаж өгнө үү гэсэн өргөдөл өгсөн.
Энд нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хүний эрх зөрчигдсөн, хилсээр хүмүүс шүүхээр шийтгэгдэж, 20 жилийн ял авсан байх үндэслэл эрүүдэн шүүлтийн явцад тогтоогдсон. 2014 оноос эхлээд Чимгээг Амгаланбаатараар дарамтлуулдаг, өөр нэг этгээд Чимгээтэй байнга холбогдож зөвлөгөө өгдөг байдалтай байж байгаад одоо үзүүлэх бичлэгт гарч буй буюу согтууруулах ундааны зүйл маш бага хэрэглээд ухаан мэдрэлгүй болгоод хуруу гарынх нь хээг авсан, нүцгэлж зураг авсан болон бусад хууль бус үйлдлүүд байна. Энэ бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн, дээр нь гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийг зөрчсөн байгааг одоо та бүхэнд хувилж өгөх гэж байна.
Шүүхийн гаргасан шийдвэрийг Засгийн газар хүчингүй болгох ямар ч эрх хэмжээ байхгүй. Шүүх шийдвэрээ гаргахыг хүлээхээс өөр гарцаагүй байдалд хүрсний улмаас нөгөө талаас Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэрэгжүүлэх үүднээс энэ асуудлыг олон нийтийн анхаарлын төвд шилжүүлж байгаа" гэлээ.
2021 оны гуравдугаар сарын 15.
Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар нийтийн сонсгол явуулахыг шаардлаа
УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН:
Манай улс 2002 онд НҮБ-ын Эрүүдэн шүүх бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлохын эсрэг концвенцид нэгдсэн байдаг. Гэтэл өнөөдөр иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүсэн нь дээрх конвенцын үүргийг ноцтой зөрчиж байна. Яагаад өнөөг хүртэл энэ асуудлыг хөндөж ярьдаггүй юм. Өмнөх парламентын УИХ-ын гишүүдэд Б.Чимгээг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзүүлж байсан. Зургаан удаа шүүхээр яваад өнөөдрийг хүртэл иргэн Т.Чимгээгийн асуудлыг шийдэхгүй байна. Тийм учраас Ц.Мөнхцэцэг гишүүний хамтаар Нийтийн сонсгол хийх саналыг гаргаж байна. Иргэн Т.Чимгээд холбогдох хэрэг бол шударга бус шүүхийн мөсөн оргил гэж дүгнэж байна. Энэ асуудлыг өдөр бүр ярих ёстой. Бид олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг баяр төдийнхөнөөр харж хөнгөмсөг хандаж байгаа нь тун харамсалтай. Иргэн Т.Чимгээгийн эрхийг ноцтой зөрчсөөр байхад огт ярихгүй эсрэгээрээ сонгууль болохоор уг асуудлыг хөндөж ярьдаг. Одоо асуудлыг нэг мөсөн мухарлах ёстой. Иргэн Т.Чимгээгийн асуудлыг Дээд шүүхээр яаралтай хэлэлцэж нэг талд нь гаргахыг шаардаж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХЦЭЦЭГ:
Үндсэн хуульд хэнийг ч эрүүдэн шүүж, хүнлэг бус хэрцгий аргаар шүүхийг хориглоно гэсэн заалт бий. Мөн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод шүүхийн шатанд эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэхийг хориглосон байдаг. Тиймээс иргэн Т.Чимгээгийн асуудлаар дуу хоолойгоо хүргэж байна. Т.Чимгээг шүүхээр шалгагдаж байх процессын шатандаа эрүүдэн шүүсэн асуудлыг хүний эрхийн зөрчил гэж үзэн дотоодын болон гаднын хүний эрхийн байгууллагуудад хандаж байна.
УИХ бүрэн эрхийнхээ дагуу хүний эрхийн зөрчлийн асуудлаар Нийтийн сонсгол хийх шаардлагатай. Энэ саналыг УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь дэмжсэн тохиолдолд Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар Нийтийн сонсгол хийх боломж бүрдэнэ.
Хэрэв шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад холбогдох хуульд зарим зохицуулалтыг хийх боломжтой. Тухайлбал, эрүүдэн шүүсэн төрийн албан хаагч буюу буруутай этгээдэд оногдуулах хариуцлагыг чангатгах тухай заалтуудыг оруулах асуудлыг хөндөнө. Ардчиллын Баянбүрд гэгдэх Монгол Улсад иргэнээ тэр дундаа эмэгтэй хүнийг эрүүдэн шүүсэнтэй огтхон ч эвлэрч болохгүй. Тухайн хэргийн явцад зарим баримтууд ил болсон мөн Засгийн газрын тогтоолоор эрүүдэн шүүсэн бичлэг хүртэл ил болсон. Хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй удааширч байна. Ерөнхий сайд энэ асуудалд онцгойлон анхаарч дахин олны анхааралд орууллаа. Тийм учраас УИХ-ын гишүүд нэгдэн уг асуудлаар Нийтийн сонсгол явуулах шаардлагатай. Нийтийн сонсголоос гарсан санал зөвлөмжийг бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлж мөн шаардлагатай хууль эрхзүйн арга хэмжээнүүдийг авах болно гэлээ.
2021 оны гуравдугаар сарын 23-нд
Б.Хурц сэтгүүлч Г.Отгонжаргалтай ярилцлага хийсэн.
"Нууцаас гаргаж байж л иргэд тодорхой ойлголттой болно. Түүнээс бус өнөөдөр Ц.Нямдоржийн зохион байгуулж, цацуулаад байгаа ганц нэг бичлэгээр хэргийн учир зангилаа тайлагдана, иргэд бүрэн ойлголттой болно гэвэл худлаа.
Энэ янзаараа Ц.Нямдорж тун удахгүй Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёроо гүтгэнэ шүү.
Ц.Нямдоржийн нэр дээр улсын нууц задруулсан, задалсан, 17 байрны хэрэг, “Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийсэн гээд маш олон гэрчтэй хэрэг прокурор дээр дараастай байдаг. Тэр болгоныг шалга. Намайг бас шалга.
Тэр мансууруулах бодис судсаар нь шахсан, ёс бус бичлэг хийсэн гэдэг бол зүгээр худлаа хөөс. Тэгж ярих юм бол Т.Чимгээгийн бичлэг дээр гарч байгаа залуу аль хэдийнээ хэрэг хийгээгүй нь нотлогдоод, цагаатаад, манай хэргээс гарчихсан шүү.
Сая Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Нямбаатар хоёр нэлээн олон хууль зөрчинө лээ. Зөрчих ч гэж зөрчүүлж байгаа юм л даа.
Т.Чимгээгийн тэр бичлэг бол шүүх ажиллагаанд хэргийн материал болж орсон бичлэг. Өөрөөр хэлбэл, тэр бичлэг устгагдаагүй. Хэн ч сэргээгээгүй.
Намайг Германд баригдах үед манай өмгөөлөгч “Чамд улс төрийн зорилгоор хүн хулгайлсан гэдгээр ял тулгаж байгаа. Чи Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрыгоо хэлчхэд суллагдана” гэж хэлж байсан удаа ч бий.
Улстөрчид өө, энэ хэргээр хэдий болтол улс төр хийх вэ. Ард түмэн үнэн илэрнэ гэж хүлээсээр 23 жил боллоо.