УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар Эрүүгийн хуулийн 13 болон 14-р заалтад бичсэн "улс төрийн албан тушаалтан ‘’гүтгэх’’ заалтаар сэтгүүлчдэд гомдол гаргахыг хориглох" гэсэн хуулийг өөрчлөх асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Хил хязгааргүй сэтгүүлчид" олон улсын байгууллагаас сар бүр гаргадаг эрх чөлөөний индексээр Монгол Улсад энэ төрлийн хэргийн тооны үзүүлэлт эрс өссөн байсан. 2015 онд манай улс дэлхийн бусад орнуудтай харьцуулахад 54-р байранд ордог байж. Харин өнөөдөр 73-р байр болж ухарчээ. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд сэтгүүлч хүн хардах эрхээ эдэлсний төлөө 32 сэтгүүлчийг торгох болон өөр бусад арга хэмжээг авсан байна. Харин үүнээс 3.1 хувь нь улстөрч болон томоохон албан тушаалтны гомдол байсан. Мөн сүүлийн үед сэтгүүлчид зөрчлийн тухай хуулийн 6.21 заалтаар буруутан болох нь тоон үзүүлэлтээр харагдаж байна. Тийм учраас бид сэтгүүлчдэд хардах эрхийг нь олгох үүднээс энэ хуулийг санаачиллаа" гэв.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "2020 нэгдүгээр сард УИХ эрүүгийн хуулийн энэ зүйл ангийг өөрчлөхдөө "гүтгэх" гэдэг гарчгийг "худал мэдээлэл тараах" болгож өөрчилсөн. Үүнийг буцаагаад "гүтгэх" гэж өөрчлөх хуулийг өргөн барилаа. Учир нь "гүтгэх" гэдэг нь өөрөө хууль зүйн хувьд зөв нэршил томъёолол юм. Тодруулбал "гүтгэсэн" гэдэг нь өөрөө цаанаа "гүжирдсэн" гэх агуулгыг илэрхийлдэг. Харин "гүжирдсэн" гэдэг утга нь тухайн үйл явцын талаар бодит мэдээллийг мэдсээр байж зориуд санаатайгаар "гүтгэх", худлаа мэдээлсэн санаатай үйлдлийг хэлнэ. Харин худал мэдээлэл тараах гэдэг нь санамсар болгоомжгүйгээс эсвэл мэргэжлийн алдаа гаргаж санаатай бишээр тараах нь байж болох зүйл юм. Энэ үйлдлийнх нь төлөө тухайн хүний эрхзүйн байдлыг дордуулж байна гэж хууль санаачлагчид үзсэн.
Мөн улстөрч хүний нэр хүндийн ард тухайн хүн гэхээс илүү олон нийтийн эрх ашиг байгаа. Нэгэнт олон нийтээс итгэл өвөртлөсөн хүний хувьд илүү хариуцлагатай, илүү нээлттэй байх шаардлагатай. Нөгөө талаар албаны бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй нь холбогдуулан гарч буй хардлага, сэрдлэгийг илүү хүлээцтэй, илүү тэвчээртэй байх учиртай гэж үзсэн. Өөрөөр хэлбэл цаад агуулга нь иргэдийн мэдэх эрх, үг хэлэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг улс төрийн албан тушаалыг давуу байдлаар ашиглаж, цагдаа шүүхийн газраас айлган сүрдүүлэх, эх сурвалжаа хэлэхийг шаардах, амыг нь үдэх, мэдэх эрхийг айлгах санаачлагыг олгож болохгүй гэж үзсэн. Харин хувь хүнийх нь нэр төрд халдсан, гэр бүлийнх нь үнэт зүйлд, албан тушаал эрх мэдэлтэй нь холбоотой биш хүн гэдэг утгаар нь гүтгэж байгаа гүжирдлэгт яг бусад иргэдийн адил нэр төрөө сэргээх, хамгаалуулах боломжийг өгнө" гэлээ.