УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ. АН-ын даргын сунгаа явагдаж байгаа. АН дотооддоо зөвшилцөлд хүрэхээр ажлын хэсэг байгуулжээ.
Тэрээр "Өнгөрсөн баасан гарагт миний бие АН-ын хоёр талд байгаа нөхдийг эвлэлдүүлэхээр зөвшилцлийн саналыг гаргасан. Харамсалтай нь өнгөрсөн гурав хоногт уулзалт хийх санал хүргэсэн ч дарга нар ирсэнгүй. Нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлье. Дарга нарт өнөөдөртөө эрх мэдэл байж болно. Гэхдээ манай намын гишүүд бүх асуудлыг шийддэг, тэнд бүх эрх мэдэл байгаа гэдгийг ямагт санах ёстой.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль бол манай намын дүрмийн эсрэг санаатайгаар зохион байгуулж хийсэн хууль байгаа. Тиймээс манай нам өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн хайчинд байгаа гэдгийг ямагт санаж явах ёстой. Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа гурав хоногийн хугацаанд болно. МАН дарга нарын сонголтоор явдаг. Манай нам жирийн гишүүдийн саналаар явна. Манай нам гишүүдээс нэр дэвшигчийн саналаа авна, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрөө авна, санал авна. Энэ бол манай намын дүрмийн эсрэг хийгдсэн зүйл.
Манай нам хоёр тамгатай, хоёр нэр дэвшигчтэй болоод Сонгуулийн Ерөнхий хороонд өгөх юм бол СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран тэр хоёр материалыг аваад У.Хүрэлсүх дарга дээр очоод "Даргаа та алийг нь таалах уу" гэж асууна. Мууг нь таалья гэвэл манай нам нэр дэвших эрхтэй болно. Хоёуланг нь таалахгүй гэвэл манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд орохгүй болоод байгаа юм. СЕХ манай намыг нэг нь бүртгэлтэй нөгөө нь цахим бүртгэлд бүртгүүлээгүй хоёр нэр дэвшигч авчирсан гэх шалтгаанаар хасах боломжтой. Ийм хуулинд хайчинд явж байгаа нөхдүүд өнөөдөр намын дарга тодруулна гэж зүтгэсэн хэвээр байна. Иймд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар манай намын дүрмээр нэр дэвшигчийн тодруулах боломж үнэхээр байхгүй. Тиймээс би зохицуулаад өгье. Нэг намын даргатай больё, ҮБЗ-ийг хуралдуулаад өгье сонгуулиа болиод намын их хурлаараа нэр дэвшигчээ тодруулдаг болгоод өгье гэж хэлээд байгаа юм.
Гэтэл манай нам өөрсдөө даргаа сонгох дээр зөвшилцөж чадахгүй байна. Харамсаж байна. Өнөөдөр та бүхэн гишүүдээ уландаа гишгээд явж болно" хэмээлээ.