АН-ын даргын сонгуульд өрсөлдөж буй Д.Пүрэвдаваа, О.Цогтгэрэл, О.Амартүвшин, С.Эрдэнэболд нарын сонгуулийн сурталчилгаа долоо дахь өдрөө үргэлжилж байна. Санал хураалт гуравдугаар сарын 28-ны өдөр болно.
Сонгуулийн сурталчилгаатай холбоотой цаг үеийн асуудлаар АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "АН-ын Дотоод сонгуулийн хорооноос нэр дэвшигчдийн саналын хуудсыг хэвлэж бүх аймаг, дүүргүүдэд хүргэгдсэн. Өнөөдрөөс эхлэн сумдад саналын хуудсыг хүргүүлж эхэлнэ. Бидний сонгуулийн үйл ажиллагаанд саад болох гэсэн зорилгоор буруу ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хүргэж байгаад харамсч байна. Өнөөдрөөс эхлэн "АН-ын даргад нэр дэвшигчдийг бүртгэж байна" гэх ташаа мэдээлэл гарч байгааг мөн залруулъя. Гуравдугаар сарын 28-ны өдөр АН-ын даргыг тодруулах сонгуулийн санал хураалт уламжлалт буюу цаасан хэлбэрээр явагдана” гэлээ.
Мөн тэрбээр АН-ын дотоод зөрчлийн талаар хэлэхдээ "АН нэг дүрэмтэй нэг нам, бодлого шийдвэрийн зөрүүтэй шийдвэрүүд гарч хуучин удирдлагуудын дунд зөрчилдөөн байгаа. Энэ нь нийгэмд буруу ташаа ойлголтыг төрүүлж байна. АН-ын Дотоод сонгуулийн хороог намын Их хурлаас дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаатай байгуулдаг. Дотоод сонгуулийн хороо нь намын удирдлага хэн байхаас үл хамаарч намын даргыг тодруулах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ хүрээндээ намын дотоод зөрчилд цэг тавих зорилгоор намын даргын сунгааг зохион байгуулж байна. Дөрвөн нэр дэвшигчээс 200 мянган гишүүний олонхын санал авсан нь намын зөрчил маргааныг тасалж, намын жинхэнэ дарга болно” гэсэн юм.
Сонирхуулахад, С.Эрдэнийн талын АН-ын даргад нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр эхэлсэн.