2020 оны УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг сонгуулийн сурталчилгааных нь хугацаанд баривчлан саатуулсан. Тэрээр Сэлэнгэ аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч цагдан хорьсон тул тангараг өргөөгүй юм.
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат есөн сар хоригдоод саяхан Дээд шүүхийн шийдвэрээр суллагдаад байгаа. Хуулийн дагуу тангараг өргөөгүй үлдсэн гишүүн анх оролцсон чуулгандаа тангараг өргөх хуулийн зохицуулалттай. Үүнийхээ дагуу Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөхөөр төлөвлөөд байгаа юм.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслолын арга хэмжээний өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.
Тэрээр “Ж.Эрдэнэбатын тангараг өргөх ёслолтой холбоотой үг хэлэх гэсэн юм. Ж.Эрдэнэбат өөрөө тайлбарлах болов уу гэж бодож байна. Өнөөдөр бид авлигатай тэмцэх нүсэр ажлыг эхлүүлээд хоёр жил болж байна. Ажлууд гайгүй явж байгаа. Одоогийн нөхцөл байдлаа Ж.Эрдэнэбат тайлбарлачих болов уу гэж бодож байна. Ж.Эрдэнэбат бага залуугаасаа аймгийн Засаг дарга, Монгол Улсын Сангийн сайд, Ерөнхий сайд байсан хариуцлагыг өөрөө ухамсарлах хэмжээний албан тушаал дээр байсан хүн учраас би зориудаар хэлж байгаа юм.
Одоогийн нөхцөл байдал шүүхээр шийдэгдээгүй байхад яаран сандран тангараг өргөх хэрэг байна уу. Тэртээ тэргүй энэ УИХ-д тал хагасаас илүү нь гэмт хэрэгтэй байгаа. УИХ-д орж ирж хамгаалагддаг энэ процесс маш эрчимтэй явж байна. 2016 онд бий болсон УИХ тал хувиас илүү нь ЖДҮ-чин байсан.
Би ёс зүй яриад байна. Одоо хэрэг мөрдөн байцаах шатандаа явж байгаа гэж бодож байгаа.
Хашиж үзээгүй алба биш. Тангараг өргөхөө түр хүлээж болдоггүй юм уу. Энэ бол эмгэнэлт жүжиг болох гээд байна шүү. Асуудлаа нэг тийш нь болгоод тангаргаа өргөж болдоггүй юм уу. Их хурал бага ард түмэн биш болсон шүү. Би ийм үг хэлэх гэж орж ирсэн. Шийд шийд. Ж.Эрдэнэбат”
Түүний ийнхүү үг хэлсний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д өөрийн тааллаар үг хэлж болно гэж заасан байдаг. Дэгийн дагуу УИХ-ын тангараг өргөх ёслолын арга хэмжээг эхлүүлье" гэлээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга “Дэг журмыг хүлээж авалгүй яах вэ тэрийг ойлгож байгаа. Тэр газар дээрээ баригддаг гэдэг хуулийг энэ их хурал өөрөө санаачилсан. Цагаан захтнууд хэзээ ч жирийн иргэд хулгайч нар шиг гэмт хэрэг үйлдэхгүй. Ямар нэгэн ордыг авч өгсөн гарын үсэг байгаа нь газар дээрээ үйлдсэн гэмт хэрэг гэсэн байна. Энэ арай өөр шүү” хэмээв.
Чуулганы дэгийн тухай хуульд тангараг өргөхтэй холбогдуулан гишүүд асуулт, асууж, үг хэлэхгүй гэж заажээ.
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд тангараг өргөх ёслолыг эсэргүүцэн чуулганы танхимыг орхилоо.
Ерөнхийлөгчийн эсэргүүцэлтэй тулгарсан ч УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тангаргаа өргөлөө.