УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ.
Хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр "УИХ-ын хаврын чуулган Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амилуулах, эрх зүйн хувьсгалыг эрчимжүүлэхэд онцгой чухал ач холбогдолтой байх болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ардчилал, хүний эрхийг дээдлэх. Хууль бүрд хүний эрхийг хамгаалахад анхаарах ёстой. Батлан гаргаж буй хууль бүр хүний эрхийг хамгаалахад чиглэх ёстой.
Хаврын чуулган ардчилал, хүний эрхийн чуулган байгаасай гэж хүсэж байна. Тиймээс Хүний эрхийг хамгаалагчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслөөр хаврын чуулганыг эхлүүлнэ.
Монгол Улсын нэг ч иргэн хилсээр хэлмэгдэх ёсгүй. Хонгилын гэх эзэнтэй шүүхийг нураах гэж Шүүхийн тухай хуулийг шинэчилсэн. Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл энэ хавар нээлттэй хуралдаанаа зохион байгуулахыг хүсье. Шударга ёсны төлөөх эрхзүйн өөрчлөлтийг УИХ цаашид ч хийх ёстой. Хуулийн байгууллага хэрэг мөрдөх, илрүүлэх явцад хүний эрхийг хамгаалж байх ёстой. Иргэндээ эрүү шүүлт тулгасан бусармаг үйлдэл дахин хэзээ ч гарах ёсгүй. Боловсролын салбарын багц хуулийн төслүүдэд анхаарал хандуулах ёстой. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг батлахаар төлөвлөж байна. Ёс зүйтэй төрийг л иргэд хүндэлж, дээдэлдэг.
УИХ-аас 2020 оны намрын чуулганаар баталсан шинэтгэлийн баримт бичиг нь шударга ёсны цангааг тайлахад чиглэсэн шүүхийн багц хууль юм. Хууль гуравдугаар сарын 1-нд хэрэгжиж эхэлсэн ч шүүхийн байгууллагын зарим ажилтнууд олон нийтийн дургүйцлийг хүргэж байна. Энэ талаасаа шүүн таслах ажиллагааны хараат бус байдал алдагдсаны илрэл. Шүүх өөрөө цэвэрших үйл явц эхэлж байгаагийн шинж гэж үзэж байна. Нөгөө талаас шүүхийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлдөг юм байна гэсэн дүгнэлтэд олон нийтийн санал бодол бүрэлдсэн байна. Шүүхийн нэр хүндийг шавартай хутгаж байгаа үйлдэлтэй хэрхэвч эвлэрч таарахгүй. Шинэ хуулийн агуулга үзэл санааг ягштал мөрдөж хатуу хариуцлага тооцох ёстой. Эдгээр шүүгчдэд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хариуцлага тооцож ажиллахгүй, хуулийг уландаа гишгэж байгаа нотлогдож байна.
Хуулийн байгууллагын гүйцэтгэх ажиллагаагаа хийгдсэн бичлэгүүд ч ил болж байна. Цаашид хувь хүн биш хууль засагладаг тогтолцоог бий болгох нь чухал юм" гэлээ.