Монголд улс төрийн анхны нам
байгуулагдсаны 101 жилийн ойд
Хий үзэгдэл Европоор тэнүүчилж явна. Коммунизмын хий үзэгдэл! Карл Марксын бичсэн “Коммунист намын тунхаг” яг ингэж эхэлдэг. Марксын үзмэрдсэн коммунизмын хий үзэгдэл нь олон жил тэнүүчилсний эцэст 1917 онд хүмүүн төрлөө олж, 73 жил амьдраад 1990 онд өөд болсон юм. Гэтэл бие цогцсоо орхин одсон коммунизмын хий үзэгдэл 1990 оноос хойш Монголоор тэнүүчилсээр явна.
Монгол Ардын Нам МАХН нэртэй байхдаа 1921-1990 онд ямар ч эргэлзээгүй сонгодог утгаараа коммунист нам байсан. Тэр ч байтугай Монголын Коммунист Нам гэж нэрээ өөрчлөх саналыг хэд хэд гаргасан түүх бий!
Карл Маркс 1843 онд “Шашин бол хар тамхи мөн” гэж бичиж байхдаа өөрийнх нь үзэл санаа, зохион байгуулалтыг нь үндэслэсэн коммунист нам бас нэгэн шашин болно гэж лав зүүдлээгүй биз! Монголд коммунизм нэвтрэх хүртэл Монгол нь шарын шашинд хамгийн гүн автсан орон байсан юм. Тиймээс монголчуудын ухамсар сэтгэхүйд коммунизм нь шашныг шууд орлосон. Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн “Ертөнц дээр Будда, Ленин гэдэг хоёр аугаа бурхан бий!” гэж мэдэгдэж байв.
Хэзээ нэгэн цагт хүрэх учиртай коммунизм нь Шамбалын орон мэт төсөөлөгдөж, Маркс, Энгельс, Ленин, Сталин нь Бурхад мэт шүтэгдэж, Улс төрийн Товчооны 11 гишүүд нь Халхын тамгатай 13 хувилгааныг орлож, бурханы орон Лхаса нь Москвагаар солигдож, намын гишүүн болох нь сүмд шавилахаас өөрцгүй болжээ.
1990 онд Ардчилсан хувьсгал ялж, олон намын тогтолцоо тогтсон гэгддэг ч Монголын коммунист нам нь шинэ нийгэмд “зүсээ тэр даруй хувилгаж”, коммунизм нь шашныг орлосонтой адилаар коммунизмыг ардчилал орлох болсон. Тийнхүү коммунизм нь ардчилал болж, МАХН нь МАН болж, Улс төрийн Товчоо нь Удирдах Зөвлөл болж, Намын Төв Хороо нь Намын Бага Хурал болж хувирсан юм.
Тиймээс өнөөдөр Монголд хамгийн эрх мэдэлтэй институц бол Ерөнхийлөгч, УИХ, ЗГ аль нь ч биш, 20 хүрэхгүй гишүүнтэй МАН-ын Удирдах Зөвлөл билээ. Засгийн газар огцрох, шинэ Ерөнхий сайдыг сонгох, Засгийн газар байгуулагдахаас эхлээд МАН-ын ойг тэмдэглэх, Ковид-19 вирусний вакцин авчрах зэрэг бүх шийдвэр зөвхөн МАН-ын Удирдах Зөвлөлөөс гарна. Тийнхүү МАН-ын Удирдах Зөвлөлийн хувьд Монголын төр ердөө Ажлын алба нь болсон ажгуу.
Хэрэв Марксын хэлснээр “шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн” юм бол шашныг орлосон коммунист нам бол Монголын ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн!
Монголд шарын шашин мандаж байх үед улааны шашин нь шарын шашиндаа уусч, алга болсонтой адил Ардчилсан нам задарч бутрах шатандаа явж байна.
Боловсролтой ба боловсролгүй, жүжигчин ба хуульч гээд л залуус бүгд л хуйлран МАН-д шинээр элсч байна. Яг л ХХ зуунаас өмнө шарын шашны ид үед Монгол хөвгүүд лам болж, татвар, цэргийн алба, мал маллах болон бусад хүнд хэцүү боловч нийгмийг хөгжүүлэх бүтээлч ажлаас зугтаж, амар хялбар амьдрах замыг сонгодог байсантай адил! Тэдний хувьд нам, шашин 2 итгэл үнэмшил нь биш амин зуулга нь юм. Цөөн авьяаслагууд нь цүнх баригч болж, улмаар дэвшсээр том дарга болно. Яг л харц ардын хөвгүүн Бадамдорж лам болж, алба дэвшсээр Шанзодба болсон түүх шиг!
Монголд орчин үеийн улс төрийн нам сонгодог утгаараа бий болж, төлөвштөл үнэхээр өдий байна даа!