IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос “Токио-2020” олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүх шилдэг 16 шүүгчийн нэрсийг зарлалаа. Үүнд манай улсаас IJF-ийн дэлхийн зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэг багтснаар олимпийн зэрэглэлийн шүүгч боллоо. Ингэснээр Т.Энхцэцэг нь Монголын спортын түүхэнд олимпийн наадам шүүх анхны эмэгтэй шүүгч болж байна.
“Токио-2020” олимпийн наадамд манай улс жүдо бөхийн төрөлд боломжит 14 олимпийн эрхээс одоогоор 12 эрх авах боломжтой байгаа.
Жүдо бөхийн олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нь 2017 оноос IJF-ийн нийт 34 тэмцээн шүүсэн бөгөөд дэлхийн цуврал тэмцээнүүдээс гадна “Будапешт-2017”, “Баку-2018”, “Токио-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ийг дэнсэлж, 2018 онд Монголын Үндэсний Олимпийн Хорооны Бөртэ Чоно наадмаас шилдэг шүүгчийн шагнал гардаж байлаа.