Өрөг.мн сайт “ТЭР” булангийнхаа энэ удаагийн дугаарт “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, яруу найрагч, “Богд хааны ордон музей”-н захирал Ц.Эрдэнэбаатарыг онцоллоо. Түүнтэй цөөн хором ярилцсанаа уншигч танд хүргэж байна.
Монголчууд яруу найрагт дуртай, шүлэгч ард түмэн. Тийм ч учраас “Болор цом”-ын шагналт найрагчдыг их хүндэлдэг. Яг тэр шагналыг авч байх үед танд төрж байсан мэдрэмжийг ахин дурсаж, ярьцгаая.
Нэг хэсэгтээ “Болор цом” яруу найргийн тэмцээнд оролцохгүй гэж боддог байсан. Харин дараа нь энэ наадамд оролцох нь утга зохиолч хүний баяр юм байна, энэ баяраар бусадтайгаа баярлах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Тус тэмцээнд нийт таван удаа оролцож, шагналт байранд хоёр удаа, дөрөв болон хоёрдугаар байрыг тус тус нэг удаа авч, 2015 онд тэргүүн байр буюу ”Болор цом”-ын эзэн болж байлаа.
Тухайн үеийн тэргүүн байрын шүлэг нэлээн маргаан дагуулж байсан. Ойлгомж муутай гэх мэт шүүмжлэл гарсан. Та шүлгээ бидэнд уншиж өгч болох уу?
Өнөөгийн нийгэм нэг хүний сэтгэлийг дагаад шуурдаг болсон үе. Яруу найраг өөрөө барьж, тэмтэрч байж тархинд ойлгогддог зүйл юм. Уншихад л чихээр дамжиж, аманд амтагддаг шүлгүүд байдаг. Уг нь миний тэргүүн байрын шүлэг ойлгож цөхөх юмгүй цагаан шүлэг л дээ. Нүүдэлчдийн хүн чанарыг иргэншилд алдаж байгаа учраас ахуй соёлынхоо төлөө төрсөн газар болох Зорголынхоо ууланд буцлаа гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл хүрээлэн буй орчин, хүнийг хүн болгодог тухай ойлголт байгаа юм.
"Суурин иргэншлийн цаг"
Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт
Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн тунгалагт
Хүмүүсийг нүцгэлж харах адын хүсэл минь
Хүүхэнд тачъяахаас шал ондоо гэдгийг
Аль эрт мэдчихсэн болохоор
Алив бүхнээс толгой өндөр явмаар санагдаад
Зээрийн адил “сүрэглэх” дурандаа их хотод ирж
Зээлийн газрын олохын донтой хүн сүрэгт нийлэв.
Айраг шуугисан хөхүүрийг минь “дажгүй сав” гэдэг андтай болов
Адуу тургисан нутгийг минь алтны ордтой юу гэж асуудаг нөхөдтэй болов
Буруу бүхнийг онох зангидсан гар шиг шударга зоригтой байгаад хулчигар болов
Буцаад дэлгэгдэхдээ бурхны алга шиг лянхуалддаг энхрий сэтгэлтэн байгаад
Хуурамч болов хэрэггүй ховын салхинд хийсэн алдан дэнжигнэх
Хэврэг “үнэн”-ий самбар болов
Хурдан цохилдог “СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ”-т хөөлгүүлсэн
Худлаа нь олон “соёлын” боол болов …Ашгүй минь …
Аянгат сум тэнгэр нумнаас алдуурч өнөөх цагийг бут ниргээд
Алхам тутамд жижгэрсээр байгаа хүн чанар шиг минь хэлтэрхийг нь
Аварга том байшингийн доторх жижигхэн өрөөнд минь өлгөхдөө
Алга болж байгаа төрөл зүйл бол хүн шиг хүн гэдгийг
Чаг чаг …. хийн дуугарах болгондоо сануулж
Чангаас чанга хэлж бай гэж зарлигдсаныг нь
Сэтгэлийн тухай яриагаа хэтэвчнийх нь болгосон хөөрхий
Сэрүүлэг хэмээн эндүүрэн сэрж ядан байхдаа
Түмэн газрын цагаан хэрмийг зад татсан
Түрэмгий өвгөдийнхөө уухайнаас
“Шавар байшиндаа шавааралдан” амьдрах
Шалихгүй олон хүмүүсийн тухай сонсоод
Хөдөө аглагт ургасан суу билгийнхээ жигүүрийг даль болсныг
Хөх л уул нь өвлүүлсэн хүн чанараа өчүүхэн болсныг зүүдэлхүйд
Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт
Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн зулайдаа
Тагнай ташсан айргаа таашааж залгихын тулд
Таана халхалсан талдаа таавараа амьдрахаар “СУУРИН ИРГЭНШЛИЙН”
Суваг болгон дээр
Суварга суварга уулруугаа маргааш би мордоно
Монголын нэг өдөр “Оломгүй далайг” дуулахуй…
Цагаан сарын баяр, өв уламжлалаа бид яагаад авч үлдэх ёстой вэ?
Н.Жанцанноров гуай цагаан сар, наадам хоёр бол монгол хүний вакцин гэж хэлсэн байдаг. Энэ үнэн. Бид иргэншлийн энэ их ай савд өв уламжлал, өнгө зүс, хэл соёлоо үйж байгаа юм. Даяарчлал гэдэг бол дэлхий дээрх долоон тэрбум хүний үндэсний соёл ухамсар, эх хэлээрээ нийлэмжтэй байх ёстой гэсэн америкизм үзэл суртал гэж хэлж болно. Америк бол үндэсний иргэнгүй, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн ард түмэн эрх чөлөөнд үндэслэн нэг улсыг байгууллаа. Гэтэл дэлхийн бүх улс орон адилхан байх албагүй. Өөр, өөрийн өв соёл, амьдралын хэв маяг, сэтгэлгээний онцлог, царай зүсээрээ өөр байх ёстой юм байна. Тэр бүү хэл Юнескогоос улс орнуудыг устаж буй өв соёл, эх хэлээ хайрлаж, хамгаалаач гэдэг болсон. Бид өнгөрсөн цаг хугацаанд буруу бодож байсан. Бүх улс орон өөр, өөр байж дэлхий илүү сонирхолтой байна. Тэр цагаас эхлэн нутгийнхаа концерт, наадам цэнгээнд оролцохдоо мотоциклоос бууж, морио унацгаая гэдэг уриалгыг дэвшүүлж байсан. Зарим нь нэг жилийнхээ наадмыг морьтой наадсан.
Цагаан сар бол ахмад настнуудаа хүндлэх ёс юм. Ялангуяа Монголчууд бол гэр бүлсэг ард түмэн бөгөөд ахмадуудаа хүндлэх ёс багаас нь суусан байдаг. Дэлхийн долоон тэрбум хүнээс ялгарах онцлогийг илтгэж байдаг баяруудын нэг бол цагаан сар юм.
Төрийн ажлын хажуугаар шүлэг, яруу найраг бичих зав гарч байна уу?
Утга зохиолын ажил бол өөрийн цусанд байдаг. Заримдаа сэтгэл дэгэх, догонцох, давхих үед мэдээж хөглөгдөнө. Гэхдээ хэдэн жилийн өмнөхөө бодвол бага бичиж байна. Харин илүү суурьтай бичиж байгаа болов уу гэж бодох юм. Зарим утга зохиолын томоохон хэлбэрээр бичих ажлыг эхлүүлж байна. Оюутан байхдаа жүжиг, кино зохиол их бичдэг байлаа. Тэрнээс хойш орхигдсон бол одоо тэднийгээ эмхлэх ажлаа эхлүүлсэн. Өгүүллэг, шүлэглэсэн жүжиг гэх мэт зүйлс бичсэн. Нас явах тусам хүн өөрийгөө голдог болчихдог бололтой. Хорин хэдтэй юу ч мэдэхгүй байхдаа бичсэн болгон л таатай санагдаж, их огшдог байсан бол одоо их нухдаг болсон байна. Гараас юм гарахдаа удаан ч, яг гарчихвал аятайхан боловсронгуй зүйл гарч байгаа нь ажиглагддаг.
Таны төрсөн нутаг Төв аймгаас ардын уран зохиолч олон төрсөн. “Болор цом”-ын эздийг цуглуулсан нутаг байх шүү?
Төв аймаг бол газар зүйн байрлалын хувьд онцлог. Монголын шашин соёлын төв Улаанбаатар хотын дэргэд байрладаг. Өөр өнцгөөс авч үзвэл Монголын газрын зургийн тэг голоор нь урсаж байгаа гурван голын ай савныхаа урд талд яруу найрагчид их төрсөн. Манай Төв аймаг хамгийн олон Болор цомтонтой. Яруу найраг бол хүн хүнээс илүү үгээр мэдрэхийг хэлж байгаа юм. Нобелийн шагналт Янко гэж хүн бий. Тэр хүн бол байгальд симфони тоглож чаддаг. Шувуудын үргэн нисэх, тэрүүхэн зэгсэнд дуугарч буй хүүрэлзгэнэ, бах мэлхийн чимээ зэргийг нийлүүлээд симфони болгон сонсож чаддаг. Яруу найрагчид ч мөн адил бусдаас илүү мэдэрдэг. Байгалийн үзэгдэл, хүмүүсийн хэл яриа зэргээс сэрэл мэдрэмжийг авдаг. Хэн нэгний санаандгүй хэлсэн үгэнд утга ургуулж чаддаг хүмүүс бол яруу найрагчид. Өөрөөр бол амьтан болоод хүн мэдрэхүй талаас бусдаасаа бага зэрэг илүү төрчихсөн л хүмүүс юм шиг санагддаг.
Таны хувьд Богд хааны ордон музейн захирлаар ажиллаж байгаа. Гол хийсэн ажлаасаа дурдаач?
Богд хааны ордон музейн хувьд шийдвэрлэх олон чухал асуудал байсан. Түүний дотор олон шүүхийн маргаан байсан нь цэгцэрсэн. Монгол улсын ерөнхийлөгч зарлиг гаргаж, Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгууллаа. Энэ бол өнөөдрийг хүртэл Монгол Улсад байгаагүй гайхалтай цэцэрлэгт хүрээлэн болсон гэж хүмүүс ам сайтай байгаад баяртай байна.