Монгол Улсын Засгийн газар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Цар тахал бидэнд амьдралын шинэ хэвшил тулгаж байна. Бид бууж өгөх биш, эсэргүүцэл үзүүлэх ёстой. Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлсэн эхний 100 хоногтоо вакцинжуулах хөтөлбөрийг эхлүүлж, Ардын хувьсгалын 100 жилийн ой гэхэд бүрэн дуусгах зорилт тавьж байна.
Эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын хөтөлбөрт төрийн болон төрийн бус багууллага, эрдэмтэн судлаачид хамтран боловсруулсан. Ингэхдээ дэлхийн улс орнуудад хэрэгжүүлсэн туршлагыг судалж, сайн талуудыг нь шингээхийг хичээлээ.
Эдийн засаг өнгөрсөн онд 6.2 хувийн агшилттай байна гэсэн судалгаа гарсан. Төсвийн алдагдал ДНБ-ий 12 хувьтай тэнцсэн. Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 7.2 их наяд болсон. 68.9 мянган ажлын байр буурсан. Одоо энэ ажлыг хийхгүй бол ирэх жил гэхэд 100 мянгаас давах тооцоо бий. Гэхдээ цаашдаа хөл хориод халамжийн бодлого хэрэгжүүлэх ямар ч боломжгүй болсон. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайн бариад шинэ амьдралын хэв маягт хөл тавих, эдийн засгаа нээх цаг болсон гэдгийг хэлэхийг хүсэж байна.
Вакцинжуулалтын ажлын хэсэг идэвхтэй ажиллаж байна. Гуравдугаар сарын 1 гэхэд эхний ээлжийн вакцинжуулалтыг хийнэ. Эхний ээлжинд 300 мянган тун вакциныг эмч, ачаа тээврийн жолооч, өндөр настай иргэдээ вакцинжуулна. Хувийн хэвшил мөн хамтарч оролцох саналаа ирүүлж байгаа.
Иргэдээс УОК-оос гаргаж байгаа шийдвэрүүд хөндий байна гэсэн шүүмжлэл ирж байгаа. Нөхцөл байдал ямар байгаа, цаашид хэрхэхийг мэдэх боломж олгохгүй байна гэсэн гомдол их ирж байгаа учир нөхцөл байдлыг дөрвөн өнгөөр илэрхийлэхээр шийдэж байна. Цаашдаа нөхцөл байдлыг ногоон, шар, улбар шар, улаан өнгөөр илэрхийлнэ. Маргаашнаас улаан буюу бүх нийтийн хатуу хөл хорио тогтоохоос өөр аргагүй үе гэж ойлгох хэрэгтэй. Цаашид улбар шар, шар өнгө рүү аваачихыг зорино, үүнд иргэд та бүхний хүчин чармайлт чухал үүрэгтэй.
Хөл хорионы дараа бизнесийг шууд харьцдаг, шууд бус харьцдаг гэж хоёр хуваагаад стандарт тогтооно. Энэ талаарх мэдээллийг хоёрдугаар сарын 23-ны өдөр танилцуулна.
Цахимжилтыг төрөөс бодлогоор дэмжиж ажиллана. Хилийн тусгай бүс нээж, гаднын түншүүдтэйгээ бизнессийн уулзалтууд хийх, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах боломжийг бүрдүүлэхийг зорьж байна.
Гадаадад байгаа иргэдээ татаж авна. Эх орондоо буцах хүсэлтэй 9000 гаруй иргэн байгаа. Тэдний 2500 гаруйг татаж авахаар бэлтгэлээ хангасан. Ирж байгаа иргэдэд тусгаарлах байраа сонгох боломжийг олгоно. 50 мянган төгрөг, 1000 ам.долларын буудалд буух эсэх нь тухайн иргэний сонголт байх юм.
Цар тахад жижиг бизнес эрхлэгчдэд хамгийн хүнд туссан. Түрээс, хүүндээ ихэнх нь шатсан. Тиймээс энэ байдлыг даван туулахын тулд 2 их наяд төгрөгийг жилийн гурван хувийн хүүтэйгээр зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна.
Хоёр их наядын 1 их наядыг нь Хармагтайн ордыг эргэлтэд оруулах замаар, 1 их наяд Монгол банкнаас бонд худалдаж авах замаар босгоно. Цаашид дундаж давхаргыг дэмжсэн бага хүүтэй зээлийг арилжааны банкуудаар бус, төрийн банкаар дамжуулж олгох тогтолцоонд шилжиж байна.
Оюутнуудыг ажлын байраар хангана. Тусгай хөтөлбөрт хамруулж хоёр сарын хугацаанд сургалтад хамруулаад ажлын байраар шууд хангана. Ажлын байраар хангасан ААН-үүдэд дэмжлэг үзүүлнэ. Ер нь Засгийн газраас зарласан аливаа хөтөлбөрт энэ сургалтад сууж, сертификат авсан залуусыг эхний ээлжинд хамрагдана. Ирэх жилүүдэд 50-60 мянган залуусыг ийм хөтөлбөрт хамруулна гэж тооцож байгаа. Энэ ажилд 500 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй.
Орон сууцжуулах 3 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Нэг их наяд нь газар, цемент, арматуртай холбоотой асуудал, дэд бүтэц, төв магистралийг татах, төрийн үйлчилгээг хүргэх зэрэг ажлыг Засгийн газар хариуцна.
Энэ хөтөлбөрт хамрагдаад орон сууцнууд баригдвал ипотекийн зээлд 2 их наяд төгрөг оруулья гэсэн төлөвлөгөө байгаа. Ипотекийн зээлийн 6 хувийг орон нутагт илүү бага байлгах чиглэл барьж байгаа.
Монголбанкны дахин санхүүжүүлэх РЕПО зээлийн эх үүсвэрт 1-2 их наяд төгрөг зарцуулна. Ингэхдээ хүү нь 10,5 хувь, хугацаа 2 жил байна.
Хөдөө аж ахуйг дэмжих зээлийн багцийг энэхүү төлөвлөгөөний нэг хэсэг болгосон. Мөн стратегийн ач холбогдолтой төслүүдийг Засгийн газраас дэмжинэ. Засгийн газрын 100 хоног дотор 100 төсөл зарлана. Өөрөөр хэлбэл Тавантолгойн нүүрсийг угаая, Эрдэнэт үйлдвэрийн тоног төхөөрөмжийг сайжруулах гэх мэт 100 төсөл зарлана. Одоогоор 62 төсөл байгаа. Эдгээр төслийг хөл хорио суларсны дараа аж ахуй нэгжүүдтэй уулзаж, хуулийн хүрээнд хамтарч ажиллана.
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар төсвийн байгууллагыг хэмнэж болох эцсийн цэг дээр авчрах талаар ярилцсан. Ийн хэмнэлт гарснаар ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгаа эргэлтэд оруулах боломж бүрдэнэ. Хамгийн сайн халамж бол ажлын байрыг нэмэгдүүлэх юм. 2021 оны гуравдугаар улирал гэхэд эдийн засаг сэргэхгүй аюул нүүрлэж мэдэхээр байна. Тиймээс томоохон шийдвэр гаргах шаардлага байна.
Богдхан төмөөр зам, Тавантолгой гэх мэт том төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөнө. Уул уурхайгаас гадна эдийн засгийг өсгөх мгадлалтай төслүүдийг шалгаруулж, санхүүжүүлнэ. Энэ төслүүд жишээ нь, Эрдэнэтийн зэсийг цэвэршүүлэх, тавантолгойн нүүрсийг угаах гэх мэт нэмүү өртөг шингээх агуулгатай төслүүд байх бөгөөд төр хувийн хэвшил хамтарсан байдлаар хийх юм. Одоогоор 62 төсөл ирээд байгаа.
Ингээд нийт дүн нь 10 их наяд болж байгаа юм. Энэ мөнгө улсын төсвөөс гарахгүй, зохицуулалтууд л хийгдэнэ. Төсвийн байгууллага ТӨК-иудыг эхмнэлтийн горимд шилжүүлж байгаа. Энэ бол нэг жил биш 3 жилийн хөтөлбөр гэдгийг та бүхэн анхаарсан байх. Хэрвээ үр дүнтэй байвал 10 их наядын санхүүжилт нэмэгдэх ч магадлалтай гэдгийг хэлье. Ийм байдлаар тэмцэхгүй бол бэлэн мөнгө, нэг удаагийн халамжаар хол явахгүй. Тийм учраас “давс шиг” шийдвэрүүдийг гаргасан гэдгээ хэлж байна.
Халдвар хамгааллын дэглэмээ сайн бариад эдийн засгаа нээх, амьдралын хэв маягт хөл тавих цаг ирлээ. Эрүүл мэнд, эдийн засаг хоёрын аль нэгийг эхэнд тавих биш, хоёуланг нь анхаарах цаг болсон гэдгийг та бүхэнд хэлэхийг хүсч байна” гэлээ.