Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхантай зангиагүй уулзалт хийсэн. Энэ үеэр "Startup Marketing Space" төвийн үүсгэн байгуулагч, Захирал Ж.Золзаяа entrepreneur start up-уудын нэгдэл болсон Dreamers нэгдлээс төлөөлж үг хэллээ. Тэрээр “Dreamers” нэгдлээс илүү энэ гарааны бизнес эрхлэгч, технологи инноваци бүтээж байгаа залуучуудаас 6 сард судалгаа авсан байгаа. Энэ нэгдэлд 17 мэргэжлийн холбоо, 2800 гаруй энтрепренер залуучууд, 500 гаруй компаниуд нэгдсэн. Энэ нэгдлийн зорилго бол бид салбарын нэг малгайн доор нэгдэж дуу хоолойгоо хүргэж шийдвэр гаргагчдад хэрэгцээтэй хууль эрх зүйн орчин, гарааны бизнесийн эко системд бүрдэж болох нөхцөлүүдээ тавьж байя, дуу хоолойгоо өргөж байя гэдэг зорилгоор байгуулагдсан. Олон судалгаа хийгээд үүнд ажил хэрэгчээр саналуудаа нэгтгээд аваад ирсэн байгаа. Уулзалтын дараа энэ саналаа танд өгье. Эко системд бол хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, ур чадвар, дэд бүтэц энэ олон асуудал орж байгаа. Монгол улс гарааны бизнесийн эко системээрээ 100 улсаас 93-т явж байгаа. 1000 хотоос 690 дүгээр байрт явж байна. Улаанбаатар хот инновацилаг хотоор 500 хотоос 482-т явж байгаа. Тиймээс бидэнд асар хийх ажил, хамтын ажиллагаа байна. 2019 оны 12 сарын 19-нд УИХ-ын гишүүн Н.Учрал тэргүүтэй гишүүд инновацийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байгаа. Үүн дээр мөн маш олон саналууд ирсэн. Хуулинд өөрчлөлт орсон боловч дүрэм журам нь батлагдаагүйгээс болоод гарааны бизнес хөнгөлт, татварын хөнгөлөлт гэх мэтийг эдэлж чадахгүй байгаа. Боловсролын яаман дээр бол дөнгөж 42 гарааны компани бүртгэлтэй байдаг. Энд суугаа маш олон компаниуд гааль болон 3 жилийн НӨАТ-ын татвараас чөлөөлөгдөх боломжтой гэдгээ эдэлж чадахгүй байна. Өнгөрсөн хугацаанд Dreamers нэгдлээрээ 5 сарын 26-д У.Хүрэлсүх Ерөнхий сайдтай уулзалт хийж саналуудаа хүргээд Д.Цогтбаатар гишүүн, Н.Учрал гишүүнийг энэ ажлуудыг хийгээрээ гэдэг үүрэг даалгавар өгсөн. Үүний хүрээнд бид яг одоо нэг хуулийн хэсэгт ажиллаад явж байгаа. Тэр нь Монгол улсыг мэдээллийн технологийн эдийн засгийн чөлөөт бус болгоё гэдэг хууль дээр ажиллаад явж байгаа. Маш олон саналууд энд бий. Хамгийн сүүлд нь нэгтгээд хэлэхэд Цахим хөгжлийн яам байгуулна гэдгийг маш их дэмжиж, манай салбарынхан баяртайгаар хүлээж авч байгаа. Гэвч энэ дээр та бүхэн эхнээсээ энэ ажил дээрээ салбарынхаа залуу төлөөллийг оролцуулаарай гэж хүсмээр байна. Өнгөрсөн нэг дэх өдөр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэтэй салбарын төлөөллүүд уулзаад энэ саналаа хэлсэн. Танд энэ нэгтгэсэн саналаа уулзалтын дараа гардуулж өгье” гэв.