Э.Бат-Үүл өнөөдөр хэвлэлийнхэнд зориулж мэдэгдэл хийлээ. Тэрээр “Сүүлийн үед намайг шүүх хурал хойшлогдсонтой холбогдуулан зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон түмний тархийг угаах зорилготой гүтгэлэг эрчимтэй тараах боллоо. Жишээ нь Ийгл телевизийн хоёрдугаар сарын 2-ны оройны мэдээний цагаар “Шүүх хуралд яллагчаар оролцож байгаа прокурор А.Золзаяагийн хэлсэн Шүүх хурал хойшилж буйг хардаж байна гэснийг үндэслэн тэд Э.Бат-Үүлд холбогдсон шүүх хурал 12 удаа хойшилж байгаа нь МАН-ын 100 жилийн ойн өршөөлд хамрагдах гэсэн санаатай үйлдэл мэт олон түмэнд буруу ташаа ойлголт өгөх зорилготой мэдээлэл тараалаа. Энэ худал мэдээлээ интернет сувгаар эрчимтэй тараасан. Намайг илтэд гүтгэсэн этгээд үйлдэлтэй холбогдуулан би дараах таван зүйлийг мэдэгдэхийг хүсэж байна.
Нэгт, тухайн өдрийн шүүх хурлыг хойшлуулах болсон шалтгаан нь шүүх хурал цар тахлын эсрэг авсан хорио цээрийг зөрчсөн нөхцөлд болох гэж байгаа тухай прокурор Золзаяагийн өөрийнх нь гаргасан гомдол мөн бусад шүүгдэгчийн хоёр өмгөөлөгч цар тахлын хорио цээрт орсон, нэг өмгөөлөгчийн ар гэрт гэнэтийн гачигдал гарсан зэргээс шалтгаалан шүүх хуралд оролцох боломжгүй болсон нь шүүх хурлыг хойшлоход хүрсэн гэж би хувьдаа ойлгосон.
Хоёрт, дэлхий даяар болон манай улс сүүлийн нэг жил хорио цээрийн дэглэмд амьдрах болсон. Ковид хэмээх өвчин гарна гэж манай улсад хэн ч бодож байгаагүй. Тэр тусмаа шүүгдэгч надад шүүх хурал хойшлуулах зорилгоор корона гэдэг вирусийг бий болгож тараах төлөвлөгөө байгаагүй. Миний бие нуруу хугарч хэвтрийн дэглэм барих шаардлага нэг хэсэн үүссэн. Миний бие төлөвлөгөөтэйгөөр нуруугаа хугалаагүй гэдгийг зориуд хэлмээр байна. Харин ч шүүх хурал хойшлох журмыг сунжруулахгүйн тулд эмчилгээний горимыг зөрчин шүүх хуралд ирж оролцож байсан.
Гуравт, намайг бүлэглэсэн гэмт хэрэгт холбогдуулах зорилгоор анхнаасаа гэм зэмгүй олон хүнийг яллагдагчаар татсан. Энэ олон хүнийг шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, цар тахлын дэглэмийн шаардлагад нийцүүлэх шүүх зэрэг нь амаргүй байдаг юм билээ. Гэхдээ шүүгдэгч би аль болох цаг алдалгүй шударга ёс тогтоохыг хүсэн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд саад учруулаагүй. Одоо шүүх хурлыг хурдан хийлгэх хүсэлтэй байгаа.
Дөрөвт, Хэрэг хянан шийдвэрлэх явцын туршид намайг гэм буруутай мэтээр олон түмний тархийг угаах үйл ажиллагааг АТГ, прокурорын зүгээс байнга явуулж ирсэн. Ийм үйл ажиллагааны үргэлжлэл нь Золзаяа прокурорын хардлага гэж миний бие үзэж байна. АТГ, прокурор олон түмний тархи угаах үйл ажиллагаа явуулахдаа хуулиар хориглосоор атал хавтаст хэрэг дэх баримтуудыг мушгин гуйвуулсан мэдээ удаа дараа тарааж байсан. Гэтэл шүүгдэгчид биднээс хавтаст хэргийг чандлан нууцлахыг шаардаж эс тэгвэл цагдан хорихоор сүрдүүлдэг байсан. АТГ, прокуророос өөрсдийгөө хамгаалах, өмгөөлөх эрх бидэнд байгаагүй. Ийм тэнцвэргүй байдлын улмаас намайг болон бусад гэм зэмгүй хүмүүсийг шүүхээс өмнө буруутай мэтээр ойлгосон явдал олон түмэнд түгээмэл байна.
Тавт, Ерөнхийлөгчийн сонгууль гэх мэт улс төрийн үйл явц дөхөх үеэр намайг элдэв хэрэгт холбогдуулан 30 жилийн турш гүтгэн гүжирдэж ирсэн. Айл жхдаг хулгайч, гадаадад олон хаустай, найз нөхдөө хөнөөдөг алуурчин, оффшорт нуусан хөрөнгөтэй гээд холбогдуулаагүй хэрэг байдаггүй. Энэ байдал одоо ч үргэлжлэн сүүлийн үед эрчимжиж байна. Би монголчуудын эрх чөлөөний төлөө тэмцсэнээс өөр гэм хийгээгүй. Авилга гэх муухай зүйлээс би хэзээд хол явсан. Миний бие прокурор Золзаяаг шүүхэд өгөх болно. Олон түмний тархийг угаадаг АТГ, прокурорын үйл ажиллагаа хэрээс хэтэрч байгааг тэвчиж чадахгүй. Тэдний хууль бус үйл ажиллагааг хэн зохион байгуулаад байгаа талаар шалгуулахаар УИХ-д хандах болно.
АТГ, прокурор гаднын туршлага технологиор хийж байгаа энэ бусармаг үйл ажиллагаанд гэм зэмгүй олон эх орончид хэлмэгдээд байгаа гэдгийг та бүхэн мэднэ” гэж мэдээллээ.
Мөн тэрээр АН, тус намын дарга болон Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар асуусан сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө. "АН байгаа. Үндэсний хэмжээний том нам хэвээрээ байгаа. Манай намын дотор зөрчил гарсан. Шүүхээс энэ зөрчлөө яаралтай шийдвэрлэх чиглэлтэй тогтоол гарсан. Бид шүүхийн шийдвэрийг яаралтай хэрэгжүүлэх, намын дараагийн удирдлагаа сонгох болж байгаа. Энэ чиглэлээр өчигдөр Үндэсний бодлогын хороо хуралдсан. Хурал өчигдөр орой завсарлан өнөөдөр үргэлжилнэ. Энэ асуудлаар бид эргэж нухацтай ажиллана. Манай нам дотоод зөрчлөөсөө болоод сөрөг хүчний орон зайгаа алдаж байгаа нь бидний санааг зовоож байгаа.
Би нийслэлийнхээ төлөө л ажиллана. Би нийслэлийн намын даргад өрсөлдөнө. Ирээдүйд боломжтой бол Нийслэлийн Засаг даргын төлөө өрсөлдөнө. Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байгаа гэсэн мэдээлэл гарч байгаа учраас гүжир гүтгэлэг ихсэж байна. Одоо залуус нийгмээ авч явах цаг болсон.