“Захиргааны байгууллага” буюу уншигч танд энгийнээр тайлбарлавал төрийн эрх бүхий байгууллага нь аливаа шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулахдаа хуулиар заасан хүрээнд л хязгаарлагдах ёстой. Тэрнээс биш би Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга гээд “хэрэглэгч” гэдэг үг хэрэглэгдсэн л бол хаана ч хамаагүй очоод, юу ч хамаагүй яриад, ямар ч хамаагүй шийдвэр гаргаж болно гэсэн үг огт биш.
Үүний хамгийн тод бөгөөд “шинэ” жишээ бол ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийн НӨАТ-ын сугалаатай холбоотой гаргаж байгаа популист үйлдэл юм.
Тодруулбал, тэрээр 2021 оны 01 сарын 24-ний өдөр явсан НӨАТ-ын сугалааны тохиролд хяналт хийв. Улмаар тэрээр "Анх НӨАТ хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхэд хөшүүрэг болгох зорилго байсан бол тодорхой цаг хугацааг туулж хангалттай үр дүнг өгсөн гэж харж байна. Мөн тус сугалаанаас үлгэрлэн нийгэмд, ялангуяа сошиал орчинд их хэмжээний азтан шалгаруулах сугалаа явагдах болсон бөгөөд төр сугалаа явуулдаг нь бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна. Маш олон иргэн хохирч байна" гэсэн мэдээлэл өгсөн байна.
Гэтэл, холбогдох хуулийн шалгуураар авч үзвэл Б.Бат-Эрдэнэ гэх энэ хүний ШӨХТГ гэх байгууллагын нэрийг ашиглаж явуулж буй энэ үйл ажиллагаа нь огт хуульд нийцэхгүй үйл ажиллагаа болно. Яагаад гэдгийг хууль зүйн үүднээс аль болох уншигч танд ойлгоход хялбар, энгийнээр тайлбарлаж өгөхийг хичээе.
Аливаа төрийн байгууллага нь зөвхөн хуулиар олгосон тодорхой эрх хэмжээнийхээ дотор л үйл ажиллагаа явуулж, улмаар тэр хүрээндээ шийдвэр гаргах ёстой байдаг. Үүнийг захиргааны эрх зүйд “захиргааны байгууллага захиргааны актыг эрх хэмжээнийхээ дотор гаргасан байх” гэх формаль эрх зүйн шаардлагаар хязгаарлан тогтоодог байна. Үүнд:
– Хамаарах нутаг дэвсгэрийнхээ хүрээнд гаргасан байх
– Чиг үүргийнхээ хүрээнд гаргасан байх
– Шатлан захирах ёсыг зөрчөөгүй байх буюу өөрийн дээд, эсхүл доод шатны албан тушаалтан, байгууллагын эрх хэмжээнд хамаарах асуудлаар шийдвэр гаргаагүй байхыг шаардлага тус тус тавьдаг байна.
Харин ШӨХТГ-ийн “шинэхэн” дарга нь “тодрох” гэсэн хүсэлдээ хөтлөгдөөд өөрийн чиг үүргээ нэг л олж өгөхгүй яваад байх шиг. Учир нь тэрээр Өрсөлдөөний тухай хуулийн 14-р зүйлд заасан ШӨХТГ-ын үйл ажиллагааны хүрээ, чиг үүргээс хальсан, олон нийтэд таалагдаж болох бүх л асуудлыг “голохгүй” барьж авч ажиллаж байна.
Өрсөлдөөний тухай хуулийн 14.1-т энэ байгууллагын чиг үүргийг дараах байдлаар тодорхойлжээ.
Өрсөлдөөний тухай хууль:
14.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн.
Тухайлбал, түүний хамгийн сүүлийн “сенсаци” нь НӨАТ-ын сугалааг хяналаа, энэ сугалаа явагдах болсонтой холбоотой олон иргэд хохирч байгаа, сугалааг болиулах санал гаргана гэх агуулгатай мэдээлэл байлаа.
Иргэн хохирсон асуудал бүр дээр ШӨХТГ, эсвэл Б.Бат-Эрдэнэ (ямар ч ажил, албан тушаал хашиж байлаа хамаагүй) оролцоод байвал утгаа алдах биз. Харин тэрээр сугалаа будлиантай явагддаг, татварынхан өөрсдөө сугалаа хождог, бид хоёр хувиа авснаас арван хувиа авъя гэх мэт бухимдал дээр тодорч авах гэсэн хүсэлдээ хөтлөгдсөн үү яасан НӨАТ-ын сугалаан дээр очоод “хяналт” хийлээ гээд сууж байх юм.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.16-д зааснаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь Монгол хэлний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн хэвлэл, сурталчилгаатай холбоотой зохицуулалтын зөрчил зэрэг зөрчлүүдтэй холбогдох асуудлаар хяналт, шалгалт хийх эрх хэмжээтэй байна. Хэрвээ зөрчил илэрсэн гэж үзвэл зөрчлийн хэрэг нээн холбогдох хяналт, шалгалтыг хийх ёстой.
Түүнчлэн, ШӨХТГ-ын улсын байцаагч нь хяналт, шалгалт хийхдээ Өрсөлдөөний тухай хуулийн Дөрөвдүгээр бүлэгт заасан журмын дагуу аль ч тохиолдолд зохих төлөвлөгөө, удирдамжийн дагуу хяналт шалгалт явуулах ёстой юм.
Өөрөөр хэлбэл, ШӨХТГ-ын улсын байцаагч (жич: дарга нь биш) нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан тодорхой зөрчлийг Өрсөлдөөний тухай хуулийн хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шалгах ёстой байдаг байна.
Харин, НӨАТ-ын сугалаа нь Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчид сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журмын дагуу явагддаг бөгөөд энэхүү сугалааны үйл ажиллагааг зохион байгуулагч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу “нэгдсэн систем хариуцагч” буюу татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль:
4.1.11."нэгдсэн систем хариуцагч" гэж Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн этгээдийн бараа, ажил, үйлчилгээний цахим баримтын мэдээллийг цуглуулах, боловсруулах, тайлагнах үйл ажиллагааг зохион байгуулах татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг;
Өөрөөр хэлбэл, энэ сугалаа нь Монгол Улсын их хурлаас баталсан хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль болох Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмаар зохицуулагддаг үйл ажиллагаа юм.
Хэдийгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “төлөөлөл” нь сугалааны тохирол явуулах үйл ажиллагаанд хяналт тавих барилт бүрэлдэхүүнд багтдаг боловч энэхүү хяналт нь “холбогдох хууль, журамд нийцэж байгаа эсэх”, “ил тод, шударга явагдаж байгаа эсэх”, “хөндлөнгийн нөлөө болон зөрчил байгаа эсэх”, “тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа” гэсэн асуудлуудын хүрээнд хяналт тавих байдлаар оролцдог байна. Тэрнээс биш НӨАТ-ын сугалааг дуурайж бусад иргэд, аж ахуй нэгж сугалаа явуулж байгаа тул иргэд хохирч байна гэдэг нь Б.Бат-Эрдэнэ ШӨХТГ-ын даргын хувьд ч, НӨАТ-ын сугалаанд хянагчаар оролцох этгээдийн хувьд гаргаж болох (зөвшөөрөгдсөн) дүгнэлт, шийдвэр биш байна.
/ШӨХТГ НӨАТ-ийн сугалаанд шалгалт хийж буй байдал/
Тодруулахад, энд НӨАТ-ын сугалааг дэмжсэн, эсвэл дэмжээгүй байр суурь огт илэрхийлээгүй болно. Харин гагцхүү бид өөрийн эрх хэмжээнд хамаарах, үл хамаарах асуудлаар үндэслэлгүй “попорч”, үндэслэлтэй биш асуудлаар иргэдийн дэмжлэгийг авах гэдэг төрийн байгууллагын зарим дарга нар, улс төрчдийн энэ популизмд автахгүй, оюуны дархлаатай байх нь чухал болохыг тайлбарлахыг хичээлээ.