Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон ч зарим сайдуудыг улираан томилох асуудал яригдаж байна. Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ ажиллах нь тодорхой болсон энэ үед С.Чулуун буцаан томилогдох магадлалтай. Учир нь Л.Оюун-Эрдэнийн ах Херо энтейртайнментийн найруулагч Б.Баатар С.Чулуунтай ажил хэргийн холбоотой бөгөөд, С.Чулуун өөрийгөө хамгаалах бүх нэвтрүүлгээ Херогоор хийлгэсэн зэргийг дурдаж болно. С.Чулууныг улирааж болохгүйг батлах бас нэг өөр баримтыг түүхч Д.Анхбаяр сийрүүлснийг уншигч танд хүргэе.
БНХАУ-д хэвлэгдсэн “Монгол Улсад хадгадагдаж байгаа 1-р дүрийн Жавзандамба хутагтын монгол намтруудын эмхэтгэл”-ийн тухай
2020 оны 3-р сард БНХАУ-ын ӨМӨЗО-нд Монголын түүхэнд Өндөр гэгээн Занабазар хэмээн алдаршсан Халхын анхдугаар дүрийн Жавзандамба хутагтын монгол намтруудыг нэгтгэсэн “Монгол Улсад хадгалагдаж байгаа нэгдүгээр дүрийн Жавзандамба хутагтын монгол намтруудын эмхэтгэл” хэвлэгдэж гарсан нь судлаачдын анхаарлыг өөрийн эрхгүй татсан юм. Энэ номыг сонирхон үзвээс гадна хавтсан дээрээ “Монгол Улсад хадгалагдаж байгаа нэгдүгээр дүрийн Жавзандамба хутагтын монгол намтруудын эмхэтгэл” гэж монгол, хятад хэлээр хамтад нь бичсэн байхаас гадна Боржигидай Оюунбилэг, хаалтан дотор Монгол гээд Сампилдондовын Чулуун найруулав хэмээн монгол хятад хэлээр тус бүрд нь бичжээ. “Өвөрмонголын Шинжлэх ухаан техник мэргэжлийн хороо” гэж зүүн доод хэсэгт монгол хэлээр бичжээ.
Тус номын хамгийн эхний нүүрэн дээр 本成果受到中国人民大学2019年度 “中央高校建设世界一流大学(学科)和特色发展引导专项基金” 支持буюу энэхүү бүтээл нь “Хятад улсын Ардын их сургуулийн 2019 оны “дэлхийн хэмжээний их дээд сургуулийн түвшинд хүрсэн их сургууль болохын тулд өөрийн онцлогийг хөгжүүлэх удирдамжийн тусгай төслөөр санхүүжүүлсэн” гэжээ. Өөрөөр хэлбэл: Хятадын их сургуулийг дэлхийн түвшинд хүргэхэд зориулсан төслийн хүрээнд Монгол Улсад хадгалагдаж буй Өндөр гэгээний судруудыг БНХАУ-д хэвлэсэн болж таарч байна.
Дараагийн хуудсын сөхөж үзвэл: уг номын нэр, зохиогчдын нэрс, хэвлэсэн хэвлэлийн газрын нэрсийг хятадаар бичсэн байна. Үүнд: 传记—蒙古语(中国少数民族语言)НАМТАР—МОНГОЛ ХЭЛ (ХЯТАД УЛСЫН ЦӨӨН ТООТ ҮНДЭСТНИЙ ХЭЛ) хэмээн хятадаар бичсэн нь нүдэнд содон тусна. Хятад улсын хувьд Өвөрмонгол нь цөөн тоот үндэстний нэг, монгол хэл нь цөөн тоот үндэсний хэл мөн байж болох боловч тусгаар Монгол Улсын төрийн албан ёсны хэл бол монгол хэл бөгөөд Монгол Улсын оюуны өмч энэхүү бүтээл нь Хятад улсад хавтсан дээрээ ийм бичигтэй хэвлэгдэн гарч буй нь дипломат ёсны хувьд ч тэр, шинжлэх ухааны зарчмын хувьд ч байж болшгүй зүйл. Мөн тогтоосон үнэ буюу зарах үнэ нь 1200 юань гэж бичсэн нь төгрөгийн ханшаар (Монгол банк 440.76, 2021.1.14) хөрвүүлж үзэхэд 528 мянга 912 төг болж байна.
Дараагийн 1-р хуудас дээр Монгол Улсад хадгалагдаж байгаа нэгдүгээр дүрийн Жавзандамба хутагтын монгол намтруудын эмхэтгэлийн талаар хятад хэлээр өмнөх үг бичжээ. Энд зохиогчийн мэдээлэл дээр С.Чулууны нэр тэргүүнд, Оюунбилэгийн нэр удаад нь бичигджээ. С.Чулууныг Монгол Улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, 中国人民大学兴奥学者буюу Хятадын ардын их сургуулийн син ао(兴奥)эрдэмтэн гэжээ. Хятад хэлтэй хүмүүс синао цолыг ойлгохыг оролдон уг ханзны утгыг тайлж уншихад монголоор ХОЙМРЫГ МАНДУУЛАГЧ гэсэн утга илэрхийлнэ. Хятад улсын Ардын их сургууль 新奧 буюу синао эрдэмтэн гэж гаднын нэр хүндтэй эрдэмтдийг урьж лекц уншуулж, олон улсын харилцаагаа хөгжүүлж байгаа тухай тус сургуулийн вэбсайт дээр мэдээ, гадаадын нэртэй эрдэмтдийн нэрс байх боловч С.Чулууны нэр эдний дотор байхгүйн дээр мөн синао ханз нь兴-мандуулах, сэргээх, 新-шинэ хэмээн зөрж байгаа юм. Хятад улс бол ханз үсэгтэй ард түмэн учир ханзыг алдаж эндүүрч бичнэ гэж хэзээ ч байхгүй, хэрэв алдаа гарсан бол хатуу хариуцлага тооцдог. Иймд алдаа гарсан гэж бодохгүй байна.
1-р нүүрт Өндөр гэгээн Занабазарын угсаа гарлыг танилцуулж бичсэн нь өнгөц харахад монгол өмнөх үгтэйгээ утга нь адил. Гэвч харьцуулан нягталж уншвал 《多次试图保卫色楞格河流域地区,驱逐俄罗斯人》буюу олон удаа Сэлэнгэ мөрний урсгалын бүс нутгийг хамгаалах оролдлого хийж оросуудыг үлдэн хөөж байв гэсэн утгаар бичсэн мөртлөө монгол орчуулган дээрээ Сэлэнгэ зэрэг газар нутгийг Оросуудаас хамгаалж үлдээх гэсэн оролдлого гаргаж байв (2-р нүүрэнд) гэж бичсэн нь Хятадын түүхийн утгыг агуулжээ.
4-р хуудаснаас хойш Монгол Улсад хадгалагдаж байсан 1-р дүрийн Жавзандамба хутагтын монгол хэл дээрх 9 төрлийн намтрыг хэвлүүлж байгаагаа дурдаж агуулгуудыг нь дэлгэрэнгүй тайлбарлажээ. Эхлээд Улсын төв номын санд (хятадаар бичсэнээр нь) байгаа 5 төрлийн гар бичмэлийг танилцуулсан байна.
- Богд Жавзандамба ламын анхан төрлийн нэр оршив. Орон дацан анх байгуулсан буянаар бурхны шажин өнө үүрд орших болтугай хэмээх судар. Уг сурвалж Чин улсын Бүрэнт Засагчийн 9-р он буюу 1870-аад оны орчим хуулбарлагдсан гээд Монгол Улсын “Төв номын сан”-д хадгалагдаж байгаа дугаар 28/96. 9/517. 3/B734 гэжээ. Энд монгол бичгээр Улсын номын сан гэсэн боловч хятад хэлээр 蒙古国立中央图书馆Монгол Улсын төв номын сан гэж бичсэн байна.
- Жавзандамба ламын төрөл үеийн нэрс хийгээд орон дацан байгуулсан тэмдэглэл. Монгол Улсын төв номын сан (хятад хэл дээр бичсэнчлэн)-д хадгалагдаж буй “Богд Жавзандамбын анхан төрлийн нэр оршивой” гэдэг 2 судрын нэг нь бөгөөд агуулгын хувьд адил юм байна.
- Дээрхийн уг эх оршивой хэмээх судар. Дотор нүүрэндээ “Зарлигаар Халхын дөрвөн аймагт бүгдээр тахигдсан шашныг мандуулах амьтныг жаргуулагч Жавзандамба ламын уг эх ба элдэв гавьяа зүтгэл олон зүйлийн хишиг зарлигийг дараалан бичсэн цэс” хэмээх нэртэй. 1853 онд бичсэн. Сүүлийн нэмэлт хэсгийг 1896 оны үед бичсэн бололтой. Монгол Улсын төв номын санд хадгалагдаж байгаа дугаар нь 1575/96. 9.517. 3/Д986 юм байна.
- Дөрөвдэх судар нь Өндөр гэгээний уг эх хийгээд тэр үеийн Манжийн хаадын зарлиг тушаал мэтийн чухал хэрэг зүйлийг цуглуулан бичсэн дэвтэр ажээ. 1833 онд бичигдсэн. Монгол Улсын төв номын сан-д хадгалагдаж байгаа дугаар 1205/96. 9/517. 3/Ө968
- Өндөр богдын намтар оршивой. Зохиогч нь тодорхойгүй (хятадаар), зохиогдсон он тодорхойгүй (монголоор). Монгол Улсын төв сан-д ҮНС 1099/96. 9/517. 3/Ө818 дугаарт хадгалагдаж байгаа гэжээ. Өндөр гэгээн Жавзандамбын бусад судруудаас ялгагдах онцлог нь шашин хийгээд аман түүхийн домгийн өгүүлэмж нилээд хэмжээгээр тусгагдсанд оршино. “Бидний олж илрүүлсэн Өндөр гэгээний намтрын хувилбаруудын дотор нилээд эртний бололтой нэгэн намтрын хуучирч эвдэрсэн хавтас дээр “Автай ханы тууж” хэмээн бичсэн нь нилээд бүдгэрсэн шинжтэй байсан бөгөөд энэ нь Өндөр гэгээний намтруудыг бичихдээ “Автай ханы тууж”, “Эрдэнэ зуугийн намтар” хэмээх хуучны сурвалжийг ашиглаж байсан байж магадгүй хэмээн үзэж буй гээд уг сурвалжид Түмэдийн Алтан хан хийгээд Автай сайн хан нарын харилцсан тухай, Автай хан Төвдийн Далай ламд хар цагаан хадаг барьж мөргөсөн мөн Эрдэнэ зууг байгуулсан зэрэг чухал мэдээ агуулсан” талаар өмнөх үгэнд онцгойлон дурдсан байна.
Үүнээс гадна Монгол судлалын нэрт эрдэмтэн Л.Хүрэлбаатар амьд сэрүүн ахуйдаа энэ номын найруулагчийн нэг Оюунбилэгийн гуйснаар түүний номыг монгол бичигт хөрвүүлэх эрхийг олгохдоо өөрт хадгалж байсан 1-р дүрийн Жавзандамба дөрвөн зүйлийн номын цахим хувилбарыг өгч номдоо хамтатган хэвлүүлэхийг зөвшөөрсөн байна.
2009 онд уг номыг Галсанпунсаг монгол бичигт хөрвүүлж Оюунбилэг хятад өмнөх үгэн дээр бичсэнээр <第一世哲布尊丹巴传(1-р дүрийн Жавзандамбын намтар)《西域历史语言研究丛书.蒙古编》(Баруун бүсийн түүх хэлний судалгааны цуврал бичиг-Монгол эмхэтгэл)-д оруулснаа монгол хэлээр орчуулахдаа Өндөр гэгээний намтар гэдэг нэрээр “Төв Азийн хэл түүх судлалын цуврал бичиг”-т оруулж 4 судрын хамт хэвлүүлсэн гэсэн байна. Тэгвэл энд гарч буй《西域历史语言研究丛书.蒙古编》(баруун бүсийн түүх хэлний судалгааны цуврал бичиг-монгол эмхэтгэл) гэж чухам ямар сэтгүүл болохыг хайж судалж үзвэл Хятад улсын Ардын их сургуулийн Хятад улсыг судлах сургуульд харьяалагддаг Хятад улсын баруун бүс нутгийн түүх хэл судлах хүрээлэн-гээс эрхлэн гаргадаг Хятадын Баруун бүсийн түүх хэлний судалгааны сэтгүүл юм байна. Монгол хэлний ерөнхий редактор нь номын нөгөө нэг зохиогч болох Оюунбилэг юм байна. Уул шугамандаа Хятадын хил доторх Төвд, Шиньжаан, Хөхнуур зэрэг Хятадын баруун бүс нутгийг судалдаг судалгааны байгууллага ажээ. Монголоор бичсэн өмнөх үгэндээ Төв Азийн хэл, түүх судлалын цуврал хэмээн бичсэн нь нэг ёсондоо Хятад улс хууль дүрмээ чанга мөрддөг тул үнэнээр өчиж, харин монголчуудыг үл тоомсорлон заль хэрэглэх гэж оролджээ.
Л.Хүрэлбаатар агсны Оюунбилэгт өгсөн хэмээх Нэгдэх судар нь Өндөр гэгээний намтар оршивой. Энэ судрын эхлэл нь Монгол Улсын төв номын санд хадгалагдаж буй “Өндөр богдын намтар оршивой” хэмээх судартай яг адилхан, харин өгүүлэмж болон агуулга нь “Эрдэнэ зуу ба Өндөр гэгээний намтар оршивой” хэмээх судартай адил;
Хоёрдахь нь Өндөр богдын намтар оршивой хэмээх судар. 1921 онд бичигдсэн, агуулга нь дээр өгүүлсэн нэгдэх эхтэйгээ адилхан, өөр нэг хуулбар;
Гуравдахь нь Өндөр гэгээний намтар. Нийт 67 хуудастай. Монгол Улсын төв номын сан-д хадгалагдаж байгаа Өндөр гэгээний намтрын бүтэн гар бичмэл, өгүүлэмж нь Эрдэнэ зуугийн намтрын хувилбар;
Дөрөвдэхь нь Богд Жавзандамба хутагт гэгээн түүний намтар, цадиг, түүх паян оршивой хэмээх судар. Уг сударт бурхны шашны үүслээс авахуулаад Өндөр гэгээн Занабазарын өмнөх 15 дүрүүдийн товч намтрыг өгүүлсэн ба судрын төгсгөлд Жавзандамбын 8-р дүрийн 197 он 7 сарын шинийн 3 гэж гэсэн бичигтэй. Энэхүү судар нь өмнө дурдсан Өндөр гэгээний судрууд дундаас агуулга нь баялаг дэлгэрэнгүй, Жавзандамбын судалгаанд маш чухал ач холбогдолтой, сонирхолтой түүхийн ховор содон мэдээ агуулсан үнэ цэнэтэй судар гэж үнэлсэн байна.
Эцэст нь: Монгол Улсын төв номын санд хадгалагдаж байсан олон нийтэд ил болоогүй Жавзандамбын намтар 4 дэвтэр анх удаа хэвлэгдсэнийг цохон тэмдэглэсэн байна. Монгол өмнөх үгийн төгсгөлийн нүүрэнд Хэдийгээр Өндөр гэгээн Жавзандамба хутагтын намтар Монгол ОРОНД ихэд өргөн тархсан боловч… гэж бичсэн боловч хятад хэлээр бичсэн өмнөх үгэндээ …蒙古地区…буюу Монгол бүс нутаг гэж бичсэн нь Монгол Улсыг бүс нутгийн хэмжээнд авч үзэж буй санаагаа илэрхийлсэн байна. Өндөр гэгээн Занабазар, Халхын Нэгдүгээр дүрийн Жавзандамба хутагтын төрж өссөн нутаг өнөөгийн Монгол Улсын Үндэсний номын сан-гийн нэрийг 蒙古国立中央图书馆 буюу Монгол Улсын төв номын санд хадгалагдаж байгаа хэдэн төрлийн эх бичмэлийг өмнөх үг бичиж хэвлүүлж байна гэжээ. Хятад хэл дээрх өмнөх үг нь эхнээсээ авахуулаад эцэс болтол 蒙古国立中央图书馆(хятад өмнөх үгийн 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10-р тал) Монгол Улсын төв номын сан гэж бичсээр дуусгажээ. Гэвч монгол өмнөх үг дээр Монгол Улсын төв номын сан, Улсын номын сан 6-р тал, Монгол Улсын төв номын сан 7-р тал, Монгол Улсын номын сан 8, 9, 10-р тал гэж бичсэн ба Монгол Улсын Үндэсний номын сан гэж 12,13-р талд бичсэн нь санаатай хийсэн үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй.
Монгол Улсын Үндэсний номын сан нь БНХАУ-ын Үндэсний номын сан (中国国家图书馆)-тай эн тэнцүү статустай байгууллага юм. Гэтэл зохиогчид Монгол Улсын үндэсний хэмжээний байгууллагын нэр хүндэд хүндэтгэлгүй хандсан, хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны нэрийг бичилгүй хятад хэлээр зөвхөн УЛСЫН ТӨВ НОМЫН САН гэж бичсэн байна.
Тухайн үед Монгол Улсын түүхийн судалгааны гол байгууллагын захирал, одоогийн Соёлын сайд С.Чулуун нь улсынхаа түүх сурвалж бичигт эзэн болох үүрэгтэн атлаа улс орныхоо нэр сүр тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлсөн үйлдэл хийж явсан байж болзошгүй байна.