Коронавирусийн батлагдсан тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж, цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэл удаан үргэлжилж, улмаар ядуу болон эмзэг бүлгийн хүмүүст хүндээр нөлөөлж буй учраас нийгэм, эдийн засгийн байдлыг хянах, цаг үеэ олсон мэдээлэл цуглуулах зайлшгүй шаардлага байсан. Энэ шаардлагын үүднээс коронавирусийн өрхөд үзүүлж буй нөлөөг цаг тухайд нь хянах зорилгоор Үндэсний статистикийн хороо (ҮСХ) болон Дэлхийн банк (ДБ) хамтран “Коронавирусийн нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгаа”-г зохион байгуулсан байна. Энэхүү судалгааны үр дүнгийн талаар ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбалаас дараах тодруулгыг авлаа.
“Коронавирусийн нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгаа”-ны гурав дахь шатны үр дүнгийн талаар танилцуулахгүй юу?
Үндэсний статистикийн хороо өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн коронавирустай холбоотой судалгааг богино хугацаанд, утсаар мэдээлэл цуглуулах замаар гурван удаа явууллаа. Уг судалгаанд нийтдээ 3000 гаруй өрх хамрагдсан. Иргэд хөл хорионы үед төр засгаас авч хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээлэлтэй болсон байна. Тухайлбал, анхан шатны мэдээлэл болох гараа угаах, маск зүүх, хүн хоорондын зай барих гэх мэт шаардлагуудыг биелүүлж байна. Мөн судалгааны үр дүнгээс харахад урт хугацааны туршид хүнс нөөцлөх шаардлагагүй гэдгийг ойлгосон байна.
Судалгаанаас харахад коронавирусийн эсрэг вакцинд хамрагдахыг талаас илүү хувь нь дэмжсэн байсан?
Вакцин гарвал хийлгэх үү? гэсэн асуултад судалгаанд хамрагсдын 80 хувь нь үнэгүй тохиолдолд хийлгэнэ, 61 хувь нь үнэтэй байсан ч хийлгэнэ, 20-иод хувь нь вакцины аюулгүй байдалд эргэлзэж байна гэсэн.
Хөл хорионы улмаас хамгийн их хохирол амсаж буй бүлэг бол хувиараа хөдөлмөр эрхлэгчид шүү дээ. Судалгааны үр дүнд тэдгээр иргэдийн орлого, амьжиргаа ямархуу үзүүлэлттэй гарсан бэ?
Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа өрхүүдийн 85 хувь нь өнгөрөгч Арванхоёрдугаар сард үйл ажиллагаагаа зогсоосон. Тэдний 27 хувь нь орлогогүй болжээ. Судалгаанд хамрагдсан хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн амьжиргаа ирэх гурван сард сайжрах боломжгүй гэж гарсан. Мөн Засгийн газраас авч хэрэгжүүлсэн нийгмийн халамжууд оновчтой байсан бөгөөд орлого багатай өрхүүдийн хэрэгцээг хангасан үзүүлэлттэй байна. Гэсэн хэдий ч цаашдаа анхаарах ёстой зүйл бол хатуу хөл хорионы үед хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дөрөвний гурав нь хаагдах эрсдэлд орсон. Тиймээс үйлчилгээний салбаруудыг халдвар хамгааллын дэглэм бариулж ажиллуулах шаардлагатай гэдгийг судалгааны үр дүн харуулсан. Нөгөө талаар хөл хорионы үед хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн бөгөөд энэ нь орлого багатай өрхүүдэд хүндрэл учруулсан байгаа юм.
Дунд сургууль болоод дээд сургуулиуд оюутан, сурагчдадаа хичээлээ цахимаар заагаад нэлээд хугацаа өнгөрлөө. Цахим сургалтын үр дүнгийн талаар юу гэж гарсан бэ?
Ерөнхий боловсролын сурагчдын 90 гаруй хувь нь теле хичээлд амжилттай хамрагдсан гэж гарсан. Харин цахимаар буюу интернетээр түгээх нь орлого багатай өрхүүдэд хүндрэл учруулсан байна. Гэхдээ мэдээлэл, технологийн компаниуд нь багш, сурагчдын мэдээлэл солилцох сургалтын арга хэрэгсэлд дэмжлэг үзүүлсэн гэсэн судалгаа гарсан байгаа.