Дэлхий нийтээрээ “Ковид-19” цар тахалд нэрвэгдээд буй энэ үед ДЭМБ-д 200 гаруй вакцин гурван шат дамжлагатайгаар судлагдаж байна. Үүнээс эмнэл зүйн гурав дугаар шатны туршилтад 15 вакцин үр дүнгээ хүлээн судлагдаж буй. Харин БНХАУ, ОХУ, Канад, Англи, АНУ-аас гаргасан таван төрлийн вакцинд Израйл, Арабын нэгдсэн Эмират улс, Бахрайн, Англи, АНУ зэрэг хориод улс иргэдээ хамруулж эхэлжээ.
Манай улсын тухайд БНЭУ-/Бүгд Найрамдах Энэтхэг Улс/-аас “Ковид-19”-ийн эсрэг вакцин тусламжаар авах болсон.
Тус улс энэ сарын 3-ны өдөр Их Британийн засгийн газар Оксфордын их сургууль, AstraZeneca компанийн хамтарсан “Covishield” вакцинаас гадна Энэтхэгийн Анагаахын судалгааны зөвлөл ба “Bharat Biotech” компаниудын хамтран боловсруулсан “Covaxin” гэх “COVID-19”-ийн эсрэг вакциныг яаралтай горимоор эмнэлзүйд нэвтрүүлэх зөвшөөрөл өгчээ. Мөн зөвхөн манай улсад төдийгүй Ковидын вакциныг хөршүүддээ “сайн санааны дохио” болгон үнэ төлбөргүй экспортлохоор болсноо мэдэгдээд байгаа юм. Энэ тухай “The Print” мэдээлэхдээ “Засгийн газраас улс орнуудыг нэн даруй шаардлагатай байгаа вакцинаар хангах зорилгоор эхний хэсгийг илгээхээр шийдвэрлэсэн” гэжээ.
Энэтхэг улс хоёр төрлийн вакцин гаргаад байгаа тухай дээр дурьдсан. Тэгвэл Энэтхэгийн Засгийн газраас гаргасан мэдээгээр Коваксин вакциныг Монгол, Оман, Мьянмар, Филиппин, Бахрейн, Мальдив, Маврикид улсуудад өгөхөөр, Ковишилд вакциныг Афганистан, Бутан, Непал, Сейшелийн арлууд болон Бангладеш гэх таван улсад хандивлахаар шийдсэн байна. Вакцин экспортлох ажлыг Энэтхэгийн төрийн өмчит “HLL Lifecare Limited” компани хариуцаж байгаа бөгөөд тус улсын Эмийн төв лабораторид баталгаажсан нийт вакцины тал хувийг дээр дурдсан 12 улсад хандивлах боломжтой гэж тооцож байгаа юм.
ДЭМБ-ын сүүлийн үеийн мэдээгээр “Covaxin” вакцины судалгаа гуравдугаар үе шатад үргэлжилж байгаа бөгөөд ирэх гуравдугаар сард судалгааны завсрын үр дүнгээ танилцуулах хүлээлттэй байна. Тус вакцины судалгааны үе шатны туршилтад 12 улсын 25 мянга гаруй сайн дурын оролцогч хамрагдаад байгаа бол Ковишилд вакцин эмнэлзүйн гуравдугаар үеэ давжээ. Коваксин вакцин хөгжүүлэгчдийн мэдээлснээр вакциныг хоёр тунгаар дөрвөн долоо хоногийн зайтай тарих бөгөөд харшилтай, халуурч байгаа, цус алдсан, дархлаа султай өвчтөнүүд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, коронавирусийн эсрэг өөр вакцин тариулсан зэрэг хүмүүст хориглох заалттай аж. Энэтхэг улсын зүгээс манай улсад 4 сая тун вакцин нийлүүлэх боломжтой гэдгээ илэрхийлээд байгаа юм.