Хатуу хөл хорионоос өмнө буюу өнгөрөгч оны арван нэгдүгээр сард таван удаагийн чартер нислэгээр иргэдээ татах байсан ажил түр зогссон. Үүний улмаас Өмнөд Солонгос улсаас эх орон руугаа ирэхээр билетээ бичүүлж, тусгаарлалтын мөнгөө төлсөн байсан иргэд удаан хугацаанд хүлээсний эцэст энэ сарын 03-наас эхлэн БНСУ-дахь Элчин сайдын яамны Сөүл хот дахь Консулын газрын үүдэнд жагсах болсон юм. Өмнөд Солонгос улсаас эх орон руугаа буцахаар 4000 гаруй иргэн хүсэлтээ ирүүлснээс 1000 гаруй иргэн чартер нислэгт багтаад байсан юм. Жагсаал хийсний дараагаас буюу энэ сарын 15-нд 160 иргэн эх орондоо ирсэн бол дараагийн нислэгийн хуваарь зарлагдаагүй учир иргэд жагсаалаа зогсоогоогүй, үргэлжлүүлсээр байгаа юм.
Өдөртөө 40-50 хүн жагсаж байсан иргэд сүүлийн хоногуудад Консулын хүйтэн шалан дээр хоноглож, төрөөс шийдвэр гарахыг чих тавин хүлээсэн.
Харин БНСУ зэрэг орнуудад байгаа иргэдээ татах нислэгийн хуваарь товлогдож, тусгаарлах байрыг бэлдэж буй талаар Засгийн газрын ОНХМХ-ын дарга Ц.Ганзориг мэдээллээ. Түүний хэлснээр “Шадар сайдын чиглэлийн дагуу БНСУ-аас иргэдээ татна. Энэ долоо хоногийн баасан гарагт болон энэ сарын 31-нд БНСУ-аас хоёр удаагийн нислэгээр иргэдээ татна. Хоёрдугаар сараас эхлэн тогтмол чартеруудаар гадаад улсуудаас ирэх иргэдээ авахаар тусгаарлах байруудыг бэлдсэн” хэмээлээ.