Өнөөдөр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Гадаадад гацсан Монголчуудын асуудлаар мэдээлэл хийж гадаадад гацсан иргэдийн эрхийг хамгаалах талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүллээ.
Тэрээр хэлэхдээ "Гадаадад гацсан Монгол улсын олон иргэд эрсдэлд ороод байна. Ялангуяа БНСУ-д байгаа 4000 гаруй хүн байна. Бид Монгол улсын иргэдэд хүний эрх зөрчигдөх асуудлыг зүгээр хараад сууж болохгүй. Би Гадаадад байгаа иргэдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар Хүний эрхийн үндэсний комисст шаардлага хүргүүлсэн. Засгийн газар гадаадад гацсан иргэдээ яаралтай татаж авах ажлыг хийх хэрэгтэй. Буцах өдрөө хүлээгээд хоол хүнсгүй, амьдрах байргүй хоног өнгөрүүлж байгаа иргэд бий. Төлөвлөгөөт нислэгийн хуваарийг тодорхой болгож, иргэдэд нээлттэй мэдээлэл өгөх хэрэгтэй байна” хэмээлээ.
Мөн тэрээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлсэн тухайгаа мэдэгдэхээс гадна хариугаа хүлээж автлаа төрийн ордны хоёр давхарт суулт хийнэ гэдгээ мэдэгдлээ.