Өрөг.мн сайт 2020 оны “ОНЦЛОХ 11” хүнийг нэрлэлээ. Үүнд TomYo Edtech технологийн компанийг оны “ОНЦЛОХ СТАРТ АП”-аар онцоллоо. Учир нь TomYo Edtech нь боловсролын тэгш бус, хүртээмжгүй байдлыг технологийн дэвшил ашиглан 150 ментор, 10,000 тест, 1,000 орчим анги бүхий гадаад хэлний хичээлийг агуулсан апплейкэшнээр дамжуулан арилгахаар ажиллаж байна. Энэхүү компани нь 2020 оны 5-р сард байгуулагдсан ч одоогоор 500.000 залууст апп болон сошиалаар сургалтаа хүргэж, хамруулж чадсан байна. Бид TomYo Edtech-ийн үүсгэн байгуулагч захирал В.Баярсайхантай товч ярилцлаа.
Манай Монгол залуучуудын онлайн сургалтад хамрагдах хандлага ямар байна вэ?
Бид TomYo-г анх эхлүүлэхдээ зорьсон зорилго нь Монголд чанартай боловсрол бол байгаа. Гол нь тэр чанартай боловсрол зөвхөн тодорхой хэмжээний том боловсрол худалдаж авч чадах сегментэд хүрээд байгаа. Энэ боломжийг яаж бусад бүх сая гаран залуучууд, ирээдүйд их сургуульд орох, дэлхийн иргэн болох залуучуудад хүргэх вэ? Яаж илүү хялбар, хямдхан, хүртээмжтэй болгох вэ гэдэг дээр манай шийдлийн гол зангилаа юм. Тэрийг хийхийн тулд цахим боловсрол, интерактив боловсрол, холимог боловсрол гэх мэт төрөл бүрийн арга хэрэгсэл, технологи ашиглах шаардлагатай. Технологийн хамгийн гоё хийж чаддаг зүйл нь ямар нэг үйлчилгээг аваад тэрийг хүн бүрд хүртээмжтэй тэгш хүргэж чаддаг. Өмнө финтикийн салбарт технологи ашиглаад яаж хүн бүрийн гарт санхүүгийн эрх чөлөөг атгуулах вэ гэдэг шийдэлтэй адил TomYo-ийн хийж буй ажил бол хөдөө орон нутаг, суманд байгаа, хотын захын дүүрэгт байгаа энэ бүх хүүхдүүд дээр яаж тэр хамгийн мундаг багш нарыг аваачих вэ? гэдэг энэ платформыг алганд нь багтаагаад гар утсанд хийе гэж зорьсон байгаа. Өнөөдрийг хүртэл манай апплэкейшнийг 90 гаруй мянган залуучууд татаж аваад, ашиглаад, зарим нь илүү таалагдаад төлбөр төлөөд явж байна. Мэдээж 100% онлайнаар явна гэдэг тодорхой хэмжээнд дасан зохицох, үнэ цэн авах хугацаа хэрэгтэй. Цаашдаа ангийн сургалттай хосолбол гоё юм уу гэдэг санал их ирсэн. Тэрийг удахгүй хийгээд нэвтрүүлэх байх.
2020 онд цар тахлаас үүдэн олон бизнес хүндрэлтэй жилийн ард гарлаа. Коронавирус гарч, олон хүн гэртээ байгаа нь танай бизнест давуу үүссэн байж болзошгүй мэт санагдлаа?
Давуу тал гэхээсээ илүү цар тахал үүсэх, эдийн засгийн хямрал, байгалийн гамшиг үүсэх хамаагүй. Хэрвээ үнэхээр ямар нэгэн бизнес, нийгмийн асуудлыг шийдвэрлэж байгаа, тэр шинэ санаачлагууд үнэхээр хэрэглэгчдээ үнэ цэнэ өгч байвал ямар ч нөхцөлд оршин тогтнож чадна гэж би итгэдэг. Цар тахал болсноос хойш илүү онлайн бизнес дэлгэрч байна гэх биш. Угаасаа үнэ цэн байсан учраас магадгүй хэрэглэгчид илүү их ашигласан. Яг ийм нөхцөлд оршин тогтнож чадахгүй байна гэдэг нь бизнесүүдийн хангалттай хэмжээний чадавх, технологи, үнэ цэнийг бий болгож чадаагүй бизнесүүд унадаг байх гэж бодоод байна. Тодорхой хэмжээнд бидэнд нөлөөлсөн. Гэхдээ амжилттай болох хөшүүрэг болоогүй.
Судалгаа харж байхад хүүхдийнхээ боловсролд хэр их хөрөнгө оруулна тэр нь тухайн улсын ДНБ өсөлтөд нөлөөлдөг юм билээ. Тэгэхээр боловсролын бизнес хийнэ, нийгмийн асуудлыг шийднэ гэх танай зорилго тодорхой харагдаж байна. Гэхдээ та илүү энгийнээр хэлээд өгвөл. Урт хугацаандаа мэдээж ДНБ өсөлт гэдэг шиг үр дүнгүүд харагдах байх?
TomYo анх апплэкейшн гээд гарчихсан. TomYo-ийн өгөх үнэ цэн юу гэхээр Монголд байгаа ирээдүйд дэлхийн хаана ч өсөж торнисон хүмүүстэй өрсөлдөж чадах иргэн болох боломжтой бараг сая гаруй залуучууд байгаа. Энэ залуучууд үнэхээр өөрийгөө мундаг хэл усаар, гадаадын их сургуульд орох боломжоор хангахад, хичээхэд бэлэн байгаа. Гол нь тэрийг бэлдэх багш, материаллаг бааз, хичээлийн агуулга, шалгалтад бэлдэх арга замыг нь зааж өгдөг менторууд дутуу байгаа. Бид тэрийг нь Монголд байгаа ахлах сургуульд сурч байгаа, ажлын талбарт гарчихсан залуучуудад дэлхийн топ сургуулиудад сурахад ямар замнал байдаг, ямар ямар материаллаг хэрэгцээ байх ёстой, ямар багш нар, менторууд байх ёстой. Тэр бүгдийг гар утсан дээр нь авч ирээд, өөрсдийнх нь очих гэж байгаа, зорьж байгаа сургуулийн хүмүүсийг апплэкейшндээ оруулчхаж байгаа юм. Тэгэхээр бид энэ ах, эгч шиг болмоор байна, Харвард, Оксфордод сурмаар байна гэхэд тэр ах, эгч хүмүүс нь зөвлөгөө өгдөг платформ гэсэн үг. Бид зургаан аймгаар яваад TomYo-г танилцуулаад лекц уншсан. Би өөрөө л гэхэд Дорнодынх. Улсын сургуульд сураад, Америкт топ сургуульд сураад, топ компанид ажиллаж болоод байгаа юм чинь та нар бас болно шүү гэж уриалахаар хөдөө орон нутгийн хүүхдүүдийн нүд нь бүр гэрэлтэж, амьсгалахгүй сонсож байсан. Та нарт туслах олон ментор, хичээлүүд энэ апплейкшнд орсон байгаа гэхээр. Тэр хүмүүс ирээдүйд ямар мундаг мэргэжил эзэмшээд, ямар том компанид очоод, эх орондоо ямар том зүйл хийх вэ гэдгийг би бол мөнгөөр хэмжиж чадахгүй гэж бодож байна. Энэ бол нийгмийн асуудал мөн, ирээдүйд нийгэмд үсрэнгүй хөгжих боломж олгоно. Тэгэхээр нийгмийн асуудлыг шийдэх замаар нийгэмдээ буцаж үнэ цэнийг бий болгоод тэндээсээ тодорхой хэмжээний санхүүгийн үр өгөөж хүртэх процессыг нийгмийн бизнес гээд байгаа. Манайх бол 100% тэр ангилалд багтана.
Гэхдээ боловсролын эцсийн зорилго бол гадны том дээд сургуульд суралцах биш биздээ?
Яг үнэн. Баярсайхаан хүн бүр дэлхийн топ сургуульд орох албагүй шүү дээ гэж хүмүүс хэлдэг. Яг үнэн. Хүн бүр топ сургуульд сурах албагүй. Харин хүн бүр өнөөдрөөсөө илүү маргааш сайн хөгжих ёстой. Тэр хөгжих боломжийг нь бид олгож байгаа. Тэр хүн хэр хол явахаа өөрөө шийд. Байнга хөгжих ёстой гэдгээ маш сайн яс махандаа ойлго. Би хөгжье гээд гараад ирэхэд нь чамд ийм боломж байна гээд гарт нь атгуулчхад одоо бүх зүйл чамтай холбоотой, топ сургуульд орох эсэхээ өөрөө шийд гэсэн үг. Тийм ч учраас бид сүүлд Tomyo skills гэдэг шинэ бүтээгдэхүүн гаргасан. Гадагшаа том сургуульд орох биш Монголд байгаа жишээ нь сэтгүүлчээр сурмаар байгаа бол Болороогоос сурмаар байна Болороо өөрөө сэтгүүлчийн чиглэлийн бүх мэддэг зүйлээ хичээл болгож оруулдаг ийм платформ.
Tomyo апплэкейшн, сайт руу нь орж хичээлийг нь харахад дизайны хувьд маш өнгөлөг, шинэлэг санагдсан. Зорилтот зах зээлийнхээ хэрэглээнд зориулсан байдаг уу? Яаж дизайнаа гаргаж байсан бэ?
Сүүлийн үеийн залуучууд ямар нэг бүтээгдэхүүн аваад ашиглах уу үгүй юу гэдгээ сонгохдоо нэгдүгээрт өнгө үзэмжийг нь хардаг. Өнгө үзэмж байгаа байдалд нь маш их ач холбогдол өгсөн байгаа. Хүнд гоё мэдрэмж өгсөн. Тэрний дараа дотор нь уйдаахгүй интерактив контентүүд байх ёстой. Цахим хичээл гэхээр 30 минут урт, нэг багш гарч ирээд ярьдаг, уйтгартай тэр үзэл бодлыг эвдээд өнөөгийн залуучууд юу хүсч байна. Маш богинохон 3-5 минут bite size гэж ярьдаг тийм байдлаар хүргэе гээд 200 гаруй багш нартайгаа энэ контентүүдийг бэлдээд явж байгаа. Одоо үүнийгээ бид тоглоомын төвшинд аваачих ёстой.