Ковидын үед шийдвэрүүдийн тодорхой бус нөхцөл байдлаас болж нийслэл рүү орж чадалгүйшинжилгээний хариугаа хүлээсээр хоёр иргэн харамсалтайгаар нас барлаа,дөрвөниргэн спиртний хордлогоор амиа алдлаа.
УОК шийдвэрүүдээ судалгаан дээр тулгуурлаж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргаж чадаж байгаа юу? Шийдвэрүүддээ хүний эрх, ардчилсан байдлыг хэрхэн тусгаж байгаа вэ? зэрэг асуудлыг хөндөж Өрөг хэлэлцүүлэг энэ удаа “Ковидын үеийн тодорхой бус нөхцөл байдлууд иргэдэд хэрхэн хохирол учруулж байгаа вэ?” сэдвээр хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн зочноор :
Б.Ууганбаяр /УОК-ийн гишүүн, Онцгой байдлын дэд дарга, хурандаа/
Ц.Оюунгэрэл /УИХ-ын гишүүн асан/
Г.Дарамбазар /УОК-ийн дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн/
Н.Өнөрцэцэг /Зариг.мн сайтын эрхлэгч/
Б.Отгонтөгс /Эдийн засагч/
Онцлох яриаг хүргэе:
УОК-ийн дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Г.Дарамбазар
- Эрдэмтдийн зөвлөл 11-р сарын 23–нд байгуулагдсан. Үүнээс өмнө УОК дэргэдээ зөвлөх баггүй байсан боловч шаардлагатай бүх мэдээллийг харьяа байгууллагуудаасаа авдаг тогтолцоотой байсан. Энэхүү 21 хүний бүрэлдэхүүнтэй эрдэмтдийн зөвлөл нь шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөгөөгөөр хангах шаардлагаар тогтвортой ажиллаж байгаа. Бүрэлдхүүнд, салбарын яамд, их дээд сургууль болон шинжлэх ухааны байгууллагын төлөөллүүд багтдаг. Дийлэнхдээ анагаахын шинжлэх ухааны мэргэжилтнүүд байдаг.
- Эрдэмтдийн зөвлөлөөс одоогийн байдлаар судалгаан дээр үндэслэсэн 22 чиглэлийн зөвлөмж хүргүүлсэн. Гадаадад хийж буй судалгааны ажил дээр дүн шинжилгээ хийж зөвлөмж боловсруулж ажиллаж байна. Коронавирустэй холбоотой олон улсын хэмжээнд гурван судалгаа хийгдсэн. Үүний хоёр нь анагаахын чиглэлийн, нэг нь эдийн засгийн байдлыг судалж хийсэн судалгаа юм. Эрдэмтдийн зөвлөлийн зорилго бие даасан судалгаа хийх биш. Нөхцөл байдал дээр үнэлэлт өгч нэгтгэх зорилготой.
- Эрдэмтдийн зөвлөл дээр эрсдэлийн зэргийг гурван зэрэгт ангилж байгаа. Нэгдүгээрт, халдвар тархаж илрээгүй, хоёрдугаарт халдвар илэрсэн хэдий ч голомтоо бид хянаж чадаж байгаа, гуравдугаарт халдварын тархалт өндөр, идэвхтэй тархаж байгаа гэсэн гурван ангиллаар санаа гаргаж зөвлөмж хүргүүлсэн. Бидний гаргаж буй зөвлөмжөөр Монгол улс одоогийн байдлаар хоёр дахь шатлал дээр байгаа гэсэн үг.
- Өнгөрсөн хугацаанд хатуу хөл хорио тогтоосонтой холбоотой дүн шинжилгээ хийж, ХӨСҮТ-ийн хяналт шинжилгээний үнэлгээний газраас гаргасан судалгааг харахад, манай улс хэрэв хөл хорио тогтоогоогүй бол илрэх хүмүүсийн тоо 10 дахин өндөр байх байсан. Жишээлбэл дотоодын халдвар 500 гаран хүнд илэрч байгаа нь, хөл хорио тогтоогоогүй бол 5000 гаруй хүн халдварлах боломжтой байсан юм. Хэдийгээр хөл хорионы дэглэм нь эдийн засаг болон нийгмийн төвөгтэй байдлыг үүсгэж байгаа ч халдвар хамгааллын чиглэлийн хувьд өндөр үр дүнтэй арга хэмжээ байсан хэмээн дүгнэж байна.
- Зөвлөмж хүргүүлэхэд шалгуур үзүүлэлт маш чухал. Үүнээс халдварын тархалтын хувь хэмжээг нэгдүгээрт чухалчилдаг. Халдварын тархалттай холбоотойгоор хэр хэмжээгээр халдвар тархсан байна. Цаашид ямар хэмжээнд тархах вэ гэдэг судалгаанд үндэслээд зөвлөлийн гишүүд өөрсдийн салбарын чиглэлээр зөвлөмж боловсруулж нэгтгэж байгаа.
- Вакцинтай холбоотой дархлаажуулалтын үндэсний зөвлөл, эрүүл мэндийн яам гээд хэд хэдэн ажлын хэсгүүд дээр ямар вакциныг хаанаас хэдэн тоогоор авч ирэх, хадгалалтын горимоо хэрхэн хийх, иргэдийг ямар дэс дараалалтайгаар хамруулах талаар судалгаа тооцоо хийж байгаа.
- Манай орны хувьд вакцинжуулалтыг товлолт, сайн дураар, халдвар хамгааллын заалтаар гэх гурван янзаар хийдэг. Энэ удаагийн нөхцөл бол халдвар хамгааллын заалтаар хуулийн дагуу хийнэ. Монгол улс бол вакцины сонголт, вакцины хэрэглээ, вакцины хадгалалттай холбоотой тусдаа хуультай цөөхөн хэдэн орны нэг. Дэлхий дээр ийм хуультай 10 гаран орон байдаг гэж сонссон.