Улаанбаатар хот, 2020 оны 04 дүгээр сарын 22 – Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК) хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээг хэрэгжүүлэх үүрэг бүхий Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) нь үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод явуулах зорилгын хүрээнд 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр албан ёсны цахим хуудас [http://mca-mongolia.gov.mn/] -аа нээлээ. Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Монголын МСС-ийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, шийдвэр гаргах, Компакт гэрээний хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах болон хяналт тавихад оролцох үүрэг хүлээдэг.
Монголын МСС нь хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагаа, тэдгээрийн хэрэгжилтийн явц болон бусад мэдээ, мэдээллийг цахим хуудсаараа цаг тухайд нь дамжуулан хүргэнэ.
Төслийн хүрээнд зохион байгуулах худалдан авах ажиллагааны зарлал, нээлттэй ажлын байрны зар, МСК болон Монголын МСС-ийн Худалдан авах ажиллагааны бодлого дүрэм журмыг тус цахим хуудсаас үзэж танилцах боломжтой. Мөн сонирхсон байгууллага, аж ахуйн нэгжүүд худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээлэл авах жагсаалтад бүртгүүлж болно.
Түүнчлэн Монголын МСС нь цахим хуудасныхаа Акуапедиа булангаар амьдралыг тэтгэгч усны талаар сонирхолтой мэдээ, мэдээллийг түгээх юм байна.
###
Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор 2018 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулагдсан. Компакт гэрээгээр Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, ирээдүйд нүүрлэх усны хомсдолоос сэргийлэх бөгөөд хоорондоо харилцан уялдаа бүхий гурван томоохон төслийг хэрэгжүүлнэ. Үүнд, Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл, Хаягдал ус дахин боловсруулж, эргүүлэн ашиглах төсөл болон Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл тус тус багтана.
Мянганы Сорилтын Корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан буурай орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ийн талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.