МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА,
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР,
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА
Ил захидал
Та бүхний амгаланг айлтгая.
Олон улсын залуу монгол судлаачдын холбоо, их дээд сургуулийн түүхийн багш нараас Соёлын сайдын ажил эрхэлж буй С.Чулууны БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Хил хязгаарын түүх, газар зүйн хүрээлэнтэй байгуулсан “Монгол Улсын Үндэсний Архивын Хүрээ сайдын хөмрөгийн баримт бичгийн эмхэтгэлийг Монгол-Хятад хоёр тал хамтран, эмхэтгэн хэвлүүлэх тухай гэрээ”-тэй холбогдох Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал зэрэг хууль, тогтоомжийг илт зөрчсөн, үндэсний эрх ашгаас урвасан байж мэдэх ноцтой асуудлыг анхааран авч үзнэ үү хэмээн хандаж байна.
С.Чулуун нь ШУА-ийн Түүхийн хүрээлэн (ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн болж өөрчлөгдсөн)- гийн захирлын алба хашиж байхдаа буюу 2012 онд БНХАУ-ын дурдсан байгууллагатай “Монгол Улсын Архивын сан хөмрөг дахь Хүрээ сайдын баримтын бүх дансыг хэвлэн нийтэлнэ” гэсэн агуулгатай нэгэн ноцтой гэрээ байгуулж, төсөлт ажлын Монголын талыг удирдаж байгаа ажээ. Гэрээнд “Хүрээ сайдын баримтын бүх дансыг буюу сэргээн засварласан 640.000 нүүр бүхий 2489 нэгж баримтыг эмхэтгэх (нэг нүүрийг 5000 төгрөгийн төлбөр төлж хуулбарлан авдаг журмаар бол уг баримтыг хуулбарлахад нийт 3 тэрбум 200 сая төгрөг төлөх ёстой); Баримтуудыг зурган хэлбэрээр хэвлэх ба он дараалалд оруулах; Баримтын нэг боть нь ойролцоогоор 500 нүүр байх ба нийтдээ 1280 орчим боть болно” гэх зэрэг заалтыг тусгасан байна. Түүнчлэн гэрээнд “Монгол, хятад хоёр тал нь зохиогчийн эрхийг тэгш эдэлнэ” хэмээн заасан нь Монголын архивын баримтыг Хятадын тал хамтран эзэмших үр дагаварт хүргэхээс гадна Монгол Улсын Архивын тухай хууль тогтоомжуудыг зөрчин эх түүхээ худалдсан хэрэг болжээ. Мөн “талууд маргаантай асуудлыг зөвшилцлийн замаар шийдвэрлэнэ” хэмээсэн нь албан ёсны болгосон хуйвалдааны хэлцэл байна. Учир нь энгийн бизнесийн гэрээнд хүртэл асуудал гарвал хаанахын ямар шүүх хариуцахыг зааж өгсөн байдаг билээ.
Гэрээлсэн талууд ажлаа гүйцэтгэж байгаа бөгөөд Хятадын тал уг баримт бичгийн эхний 20 ботийг хэвлэн гаргаж, худалдааны цахим хуудсаар нэг багцыг нь 8 сая гаруй төгрөгөөр борлуулж байна (500 багц нь 4 тэрбум, 1000 багц нь 8 тэрбум төгрөг болно). Гэвч Монголын тал болох Үндэсний төв архив, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн өндөр үнээр худалдаж буй номын ашгаас ямар ч хувь авдаггүй байна.
Аливаа бүрэн эрхт, тусгаар тогтносон улс архивын их хэмжээний баримтыг гадаадын улсад шууд хуулж өгдөггүй нийтлэг жишиг, нарийвчилсан журамтай байтал Монголын болон орос зэрэг бусад улсын хэдэн зууны түүхэнд холбогдох нэн чухал эх сурвалж, баримт бичгээс бүрдсэн Архивын бүтэн фондыг сканердан авч, гэрээ байгуулсан нэрээр “бэлэглэсэн”-ийг төлөвлөгөөт, санаатай үйлдэл гэж үзэж болохоор байна. Иймд уг бусармаг үйлдлийг таслан зогсоох, мөрдөн мухарлах, хянан шалгах, улмаар гэрээ байгуулсан этгээдтэй хуулийн хатуу хариуцлага тооцохыг шаардаж байна. Монголын үндэсний эрх ашигт хохирол учруулах, албан тушаал ашиглан хулгай хийх, урван тэрслэх аливаа үйлдлийг гаргуулахгүй тулд Архивын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хүсэж байна.
Олон улсын залуу монгол судлаачдын холбоо
2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр