Халамж хавтгайрсан талаар "гэнэт" УИХ-ын чуулган дээр ярьж эхэлсэн. ӨРӨГ хэлэлцүүлэг энэ удаа халамж үнэхээр хавтгайрсан уу, зорилтот хэрэглэгчиддээ хүрч чадаж байгаа юу талаар хэлэлцэхээр “ТӨРӨӨС ИРГЭДЭД ОЛГОЖ БАЙГАА МӨНГӨ ХАЛАМЖ УУ, АВИЛГА УУ?” сэдвийг хөндлөө.
Зочноор:
- УИХ-ын гишүүн Б.Жавхлан
- УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж
- ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр
- MEC судалгааны компанийн захирал Л.Золбаатар
Хэлэлцүүлгийн үеэр ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярын өгсөн мэдээллийг хүргэж байна.
2020 оны улсын төсвөөс Нийгмийн халамжийн санд төвлөрүүлсэн төсвийн задаргааг харвал нэг их наяд 650 тэрбум 200 сая төгрөгийг 73 төрлийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт үйлчилгээ хэлбэрээр, 2 сая 655 мянга 200 хүнд олгожээ.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.1-т
“Нийгмийн халамж” гэж эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даа, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжйн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн – иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хэлнэ.
Халамж хавтгайрлаа гэдэг шүүмжлэлтэй санал нийлэх үү? Халамжийг олгохдоо ямар судалгаа, шалгуураар тогтоодог вэ?
Сүүлийн үед халамжийн хэмжээ хавтгайрлаа гэсэн нийгмийн шүүмжлэлүүд их гарч байна. Энэ бол ярих ёстой асуудал. Халамжийн асуудлыг манай яамны зүгээс олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлж, нийтээрээ ярьж хэлэлцүүлж шийдэх ёстой асуудлуудын нэг мөн гэж үзэж байна.
Гэхдээ халамж мөн үү биш үү гэдгээ ялгаж салгах хэрэгтэй. Би нэг зүйлийг хэлэхэд өнгөрсөн жилийн халамж авсан 2.6 сая иргэн гэдэг бол давхардсан тоо юм. Хүүхдийн мөнгийг оруулахгүйгээр, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд байгаа мэдээллээр бол 800 гаруй мянган иргэн нийгмийн халамжийн сангаас ямар нэгэн хэмжээний тэтгэмж, тэтгэвэр авч байгаа гэсэн тоо байгаа.
Хүүхдийн мөнгө халамж мөн үү, биш үү гэдэг дээр манай яам бол халамж биш гэж үздэг. Хоёрдугаарт одонтой ээжүүдийн тэтгэмж ч бас халамж биш. 230 гаруй мянган иргэн одонтой ээжийн тэтгэмжид хамрагдаад явж байгаа. Мөн цалинтай ээжийн тэтгэмж ч халамж биш юм. 0-3 хүртэлх насны хүүхдээ хараад гэртээ байгаа 200 мянга гаруй ээжүүд энэ тэтгэмжид хамрагддаг.
Яг хуулийн тодорхойлолтоороо юу нь халамж вэ? юу нь халамж биш вэ? Хүүхдийн мөнгийг бол бид халамж л гэж хардаг шүү дээ.
Хэдийгээр халамжийн хуульд хүүхдийн мөнгө багтаж байгаа боловч хүүхдийн мөнгө бол хүн амын хөгжлийн бодлогыг дэмжсэн, хөгжлийн бодлоготой холбоотой мөнгө юм. Тиймээс үүнийг халамжтай хольж хутгах нь буруу. Манай ХНХЯ тун удахгүй халамжийн багц хуулийг УИХ-д өргөн барих гэж байгаа. Энэ багц хуульд алийг нь халамж гэж үзэх вэ, алийг нь хөгжлийн бодлогын хүрээнд шийдэх ёстой вэ гэдгийг тодорхой тусгаж өгнө. Жишээ нь одонтой ээжийн тэтгэмжийг амьжиргааны төвшний хувьд нийгмийн янз янзын төлөөлөл авдаг. Хүүхэд төрүүлээд, өсгөж, хүмүүжүүлж байгаагийн төлөө тэр ээжийг халамж авч байна гэж хэлж болохгүй.
Хүүхдийн мөнгийг халамж биш гэлээ. Анх бол хүүхдийн мөнгө олгох асуудлыг баялгийн тэгш хуваарилалт хийж байгаа хэлбэр юм гэж тайлбарладаг байсан. Тэгэхээр хүүхдийн мөнгө олгох эх үүсвэр хаанаас гарч байгаагаас хамаараад халамж мөн, биш гэж үзэх үү?
Хүүхдийн мөнгөний асуудал 1930 хэдэн оноос эхэлсэн шүү дээ. Тэр үед олон хүүхэдтэй ээж, хоёр хүүхэдтэй бол тэд, гурван хүүхэдтэй бол тэд гээд 1990 он хүртэл тийм байдлаар явсан. Тэгээд түр зогсоод эргэж сэргэсэн тийм л асуудал байгаа. Хүүхдийн эрүүл мэнд, хөгжил өсөлт, хүний хөгжлийг дэмжсэн олон бодлогуудтай уялдуулаад улс орон хүүхдийн мөнгө олгодог. Хэмжээний хувьд тухайн орныхоо эдийн засгийн нөхцөл байдлаас хамаараад өөр өөр байдаг. Манай яамны хувьд хүүхдийн мөнгийг цааш үргэлжлүүлээд явах нь хамгийн зөв хувилбар гэж үздэг. Өрх гэрийг тэтгэх, тухайн хүүхдийн хөгжлийг дэмжихэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг мөнгө гэж би бодож байна. Гэхдээ энэ дахин тодруулж хэлэхэд халамж биш. 1,2 сая хүүхэд одоо хүүхдийн мөнгө авч байна.
УИХ-ын чуулган дээр мянгат малчин хүртэл хүнсний талон авч байна гэж ярьсан. Хүнсний талон олгохдоо өрхийн амьжиргааны төвшинг ямар ямар шалгуураар яаж тогтоож олгодог юм вэ?
Нэг иргэнд олгох хүнсний талоны мөнгөн дүнг ковидын үед хоёр дахин нэмсэн, хамрах хүрээг нь нэмсэн.
Үүнтэй холбогдуулаад олон нийтийн зүгээс гарч байгаа асуудлууд их байгаа. ХНХЯ-д өрхийн мэдээллийн нэгдсэн сан гэж байгаа. Өрхийн мэдээллийн нэгдсэн санд орлогыг орлуулан тооцох аргачлал гээд дэлхий дахинд хэрэглэгддэг аргачлал байдаг. Энэ аргачлалын дагуу, бүх иргэдийн мэдээллийг оруулдаг. Тухайн үед тогтоохдоо бид 310 гэдэг оноогоор тогтоогоод, түүнээс доогуур төвшинд үнэлэгдэж байгаа иргэдийг хүнсний талонд хамруулаад явж байгаа. Тэгэхээр олон нийтийн дунд шүүмжлэл их байгаа ч яг үнэхээр мянгат малчин хүн хүнсний талон авч байна уу хүнийхээ мэдээллийг өгөөч ээ регистрийн дугаараар шүүгээд танд харуулъя гэхээр нотлогддоггүй.
Хүнсний талоныг Сонгинохайрхан дүүрэгт гэхэд 5400 өрхийн 120 мянган иргэн авч байгаа гэсэн мэдээлэл байна. Нийслэлийн зөвхөн нэг дүүрэгт ийм тоо гарч. Улс даяар яг хэдэн хүн хүнсний талон авч байна вэ?
Хоолны талоныг улсын хэмжээнд 243 мянга гаруй иргэн авч байна. Үүний 50 орчим хувь нь хүүхдүүд.
Хүүхдийн мөнгийг олгохдоо, өрхийн амьжиргааны төвшинг тогтоохын тулд хорооны нийгмийн ажилтан орж ирээд тухайн өрхийг хөргөгчтэй байна уу? зурагттай байна уу? гэж асууж оноо гаргадаг шүү дээ. Тэгэхээр өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлж, халамж олгох шалгуур хорооны нийгмийн ажилтнаас 100% хамааралтай байна гэсэн үг үү?
Нийгмийн ажилтнаас бол хамаарахгүй. Тэнд өөр хөндлөнгийн судалгааны байгууллагын төлөөлөл оролцдог. Амьжиргааг дэмжих зөвлөлүүд гэж байгаа. Тухайлбал хорооны ажилтнууд, хорооны нэгжийн өрхийн захиргааны ажилтнууд бүгд оролцоод явдаг. Гэхдээ одоо ХНХЯ энэ орлогыг орлуулан тооцох аргачлалыг өөрчилье төлөвлөгөөтэй байна. Яаж өөрчлөх вэ гэхээр E-Монголиа гээд том платформыг Засгийн газар хэрэглээнд оруулж байна. Энэ платформ дээр төрийн бүх дата базууд байна. Өөрөөр хэлбэл Дорж гэдэг хүн байлаа гэхэд Дорж хэчнээн малтай юм, газартай юу, байшинтай юу, хэдэн төгрөгийн цалин авдаг, И баримтад худалдан авалт нь хэд юм гэдэг ч юм уу? Энэ хүний орлогоор нь тухайн иргэнийг, тухайн өрхийг тодорхойлох цахим технологи дэвшлийн хувьд бий болж байна.
Энэ бол ирээдүйд хийгдэх ажил. Өнгөрсөнд яаж тодорхойлдог байсан, давхцал бий болдоггүй байсан гэсэн баталгаа байна уу?
Орлогыг орлуулан тооцох аргачлал дээр бүгд байгаа. Өөрөөр хэлбэл хотод амьдарч байна уу? Хөдөө амьдарч байна уу? Тухайн өрхөд амьдарч байгаа боловсролтой иргэний тоо, цалин хэд вэ, орлого хэд вэ гээд энэ бүх зүйлийг тооцоод явж байгаа. Хажуугаар нь таны асуугаад байгаа хөргөгчтэй юу? зурагттай юу гэдэг асуулт байсан уу гэвэл байсан. Гэхдээ тухайн иргэний орлогыг тооцуулахад тэр асуулт хамаарахгүйгээр асуугдаад явж байгаа. Яг үнэндээ бид хөргөгчтэй юу, зурагттай юу гээд шүүмжлээд байгаа боловч хотод хөргөгчгүй айл байгаа. Тэр бол тухайн айлын амьжиргааг тооцож байгаа болохоос биш оноонд нөлөөлөхгүй. Энэ бол ийм мэдээллүүдийг мэдээллийн санд бүртгэж байгаа л асуудал. Дахин хэлэхэд оноонд бол нөлөөлөхгүй байгаа шүү.
Оноонд нөлөөлдөггүй юм бол тэр асуулгыг байлгаж яадаг юм бэ?
Мэдээллийн санд орлогыг орлуулан тооцоод хүнсний талон өгөхөөс гадна өөр эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ, нийгмийн халамжийн бусад үйлчилгээнд мэдээллийн санг ашиглаад явдаг.
Энэ аргазүйг 2012 оны үед гаргасан арга зүй. Дэлхийн судалгааны байгууллагууд Азийн хөгжлийн банкнуудын тусламжтай хийгдсэн арга зүйг бид одоог хүртэл хэрэглээд явж байгаа. Тодорхой хэмжээнд шинэчлэгдээд сайжруулаад явж байна. Бид ирэх жил энэ арга зүйг сайжруулахдаа аль болох цахим платформыг, төрд байгаа мэдээллийг сайжруулъя гэсэн төлөвлөгөөтэй байна. Орлогыг тухайн иргэн ямар хэмжээний худалдан авалт хийж байгаа. И баримт уншиж байгаагаар нь дамжуулаад тухайн иргэний орлогыг тогтоох боломжтой.
И баримтыг одоогоор ямар нэгэн судалгааны дата болгож ашиглаагүй байгаа. Өөрөөр хэлбэл тухайн өрхийн амьжиргааны төвшинг тогтооход И баримтын судалгааг ашиглаж болох юм гэсэн саналтай байна. Өөр олон 70 гаруй үзүүлэлт байгаа түүний нэг хэсэг нь И баримт байж болох юм гэж үзэж байгаа юм.
Дээрх хүснэгтээс 2020 оны улсын төсвөөс Ниймгийн халамжийн санд төвлөрүүлсэн төсөв болон 2021 онд төлөвлөсөн төсвийн харьцуулсан задаргааг харж байна. Энэ төсвийн төлөвлөгөөнөөс тодруулъя.
Хүнсний талоны төсөв энэ жил 57.7 тэрбум төгрөг байсныг 2021 онд 33.7 тэрбум төгрөг болгож төсөвлөсөн байна. Өрхийн амьжиргааны төвшин сайжирсан болохоор энэ төсвийг багасгав уу? Алдаатай тоогоо засч байна гэсэн үг үү?
Ковидын нөхцөл байдалтай холбогдуулаад хүнсний талоны мөнгөн дүнг нэмэгдүүлсэн. Нэг хүүхдийн хоолны талон 8000 төгрөг, том хүний хоолны талон 16.000 төгрөг байсныг ковидын үед хоёр дахин нэмж 16 мянга, 32 мянган төгрөг болгосон. Ирэх онд багасгасан нь ковид дуусна гэж үзээд буцаагаад өмнөх хэмжээнд нь төсөвлөж байгаа тооцоо юм.
УИХ дээр яригдсан бас нэг асуудал бол Баян-Өлгий аймгийн зөвхөн нэг сумын иргэдийн тал хувь нь группийн мөнгө авдаг гэсэн асуудал? Энэ үнэхээр сумын иргэдийн эрүүл мэндийн асуудал уу, халамж авч байгаа иргэдийн давхацал уу?
Би нэг зүйлийг маш хариуцлагатай хэлэхэд манай яаман дээр байгаа мэдээлэл ил тод нээлттэй. Овог, нэр, регистрийн дугаараар нь танилцуулахад бэлэн байгаа гэдгийг нэгдүгээрт хэлье. Тийм учраас манай мэдээлэлд итгэж болно. Хоёр дугаарт бас нэг зүйл залруулж хэлье. Баян өлгий аймгийн нэг сумын бараг талаас илүү хувь нь группд орсон гэдэг худлаа. Ташаа мэдээлэл. Тийм зүйл байхгүй. Бидэнд байгаа мэдээллээр Баян-Өлгий аймаг группийн халамж авч байгаа иргэдийн тоогоороо хамгийн өндөр гэдэг нь үнэн. Нийт хүн амын 6% байгаа. Групп тогтоолгоод явж байгаа хамгийн сүүлийн статистик тоогоор бол 111 мянган иргэн байгаа. Энэ 111 мянган иргэний 39 мянган иргэн нь халамж тэтгэвэр авдаг. Бусад нь нийгмийн даатгалын сангаасаа тэтгэмж аваад явж байгаа. Бидний зүгээс Баян-Өлгий аймаг дээр үүссэн асуудал зайлшгүй шалгах ёстой кейс гарч ирсан болохоор бид шалгаад явж байгаа. . Олон нийтийн шахалтын улмаас групп авч байгаа хүмүүсийн овог нэрийг аймаг сумаар нь цахимд ил болгож болох юм. Тухайн суманд амьдарч байгаа хүн группийн халамж авах хэмжээний хүн мөн үү? Биш үү? гэдгийг сум даяараа мэдэж байгаа. Багаараа мэдэж байгаа. Түүний дагуу хяналт шалгалт хийнэ. Группийн халамж авах дүгнэлтийг эмч нар тодорхойлж бичдэг. 7-8 хүнтэй эмч нарын баг гаргаад, группийг тогтоогоод явдаг. Манайх хяналтаа тавиад явж байгаа.
Халамж хавтгайрсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Нийгмийн халамжийн тухай хуулийг шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байгаа юм байна.
Нийгмийн халамжийг өөрчилж, сайжруулахдаа юунаас эхэлж шинэчлэх гэж байна вэ. Шууд хасаж, танаад явахуу? Төлөвлөгөөг бий юу ?
Жишээ нь манай нийгмийн даатгалын тогтолцоо зөв явсан бол “Насны хишиг” халамжийг олгох шаардлагагүй байсан гэж ойлгож болох уу?
Бид тэтгэврийн сангийн тогтолцоогоо сайжруулбал ахмад настнууддаа тэтгэврээс нь гадна тэтгэмж өгөх шаардлагагүй тийм үү?
Нийгмийн халамжийн бодлого нийгмийн даатгалын тогтолцоотой уялдаатай явдаг. Одоогийн шинэчлэх хуулиар бага зэрэг өөрчлөлтүүд орох болно.
Халамжийн шинэчлэлийг бид сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ярьсан. Тодорхой хэмжээний хэлэлцүүлэг хийсэн, хөдөлмөр зуучлах ажлуудыг давхар хийгээд явж байгаа. Ядуурлын төвшинг аль болох гүнзгийрүүлэхгүй байх ажлуудыг хийсэн.
20-30 мянган иргэнтэй хороонд нэг л нийгмийн ажилтан байдаг. Тэд бичиг баримтуудаа хөтөлж, цэгцэлсээр байгаад таардаг. Тэгэхээр бидний шинэчлэл аль болох энэ халамжийн хөтөлбөрүүдийг нэгтгээд цахим болгоод, нийгмийн ажилтнууд аль болох гадуур явдаг, хөдөлмөр зуучилдаг үйлчилгээг сайжруулъя. Хүмүүстэй илүү тулж ажилладаг болгоё гэдэг зорилго руу явж байгаа.
Одоо жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр ирэх жилүүдэд баримтлах бодлого байна уу?
Сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр бас маш их ахиц дэвшилтэй байгаа гэдгийг хэлье. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй бол хувийн болон улсын байгууллагууд ажлын байрны төлбөр төлдөг. Энэ төлбөрийн хэмжээг Засгийн газраас нэмэгдүүлсэн. Үүнтэй холбогдуулан 2016 онд 340 орчин сая төгрөг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүйд өгдөг байсан бол одоо 6 орчим тэрбум төгрөг төвлөрдөг болсон. Үүнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөрсдийнх нь ажлын байраар дэмжих төсөл хөтөлбөрт зарцуулаад явж байна.
Нөгөө талаас МУ-ын Ерөнхийлөгч уриалга гаргасан, Засгийн газар мөн анхаарч ажилласан. Энэ хүрээнд хувийн хэвшлийнхэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах хандлага сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Ялангуяа цахим технологийн дуудлага, үүрэн оператор дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд их ажилладаг болсон. Тэр ч бүхий л Оюу толгойн бүтээн байгуулалт, гүний уурхай дээр мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд олноороо очиж ажилладаг болсон. Манай яамны харъя агентлаг дээр хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн бирж ажиллаж ажилд зуучилж өгч байна. Компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлаад ажилд авч байна.
Хөдөлмөрийн насны ажил хийх боломжтой хирнээ амьжиргааны төвшин доогуур гэдэг шалтгаанаас халамж болон хоолны авдаг хэчнээн хүн байдаг вэ? Талон авдаг хэчнээн хүн байдаг вэ?
Яг хөдөлмөрийн насны гэдэг дээр юу хэлэх вэ гэхээр. Хүүхдээс гадна 110 гаран мянган иргэд хүнсний талон авч байгаа. Үүний нилээд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд. Зарим өөрөөр хэлбэл амьжиргааны төвшин доогуур байгаа ахмадууд зэргийг хасаад харахад маш бага тоо гарна гэдгийг хэлье.
Ажлаа хийж байгаад жирэмсний амралтаа авсан эмэгтэйчүүд нийгмийн даатгалаас төрөхийн өмнө, төрсний дараа хоёр удаа мөнгө авдаг. Энэ нь тухайн хүний төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс шалтгаалж тогтдог мөнгө. Хүүхдээ хоёр нас хүртэл нь харах гэж байгаа ээж хоёрхон сарын мөнгөөр яаж амьдрах вэ?
Яг энэ асуудал дээр нийгмийн даатгалын шинэчлэлийн хууль бэлэн болчихсон УИХ-д өргөн барих гэж байгаа. Эхчүүд маань төрөхийн өмнө, төрсний дараа тодорхой хугацаанд тэтгэмжээ авдаг. Энэ тэтгэмжийн хугацаа нь бага гэдэг шүүмжлэл гардаг. Энэ асуудлыг бид нийгмийн даатгалын багц хуулийн хүрээнд яаж шийдвэрлэхээ ярилцаад олон нийтээр хэлэлцүүлээд явна.