Коронавирус нь мөнгөн тэмдэгт, ухаалаг гар утасны дэлгэц зэрэг гадаргуу дээр 28 хоног амьдарч чаддагийг Австралийн Үндэсний Шинжлэх Ухааны Агентлагийн (CSIRO) судлаачид тогтоожээ.
Зарим шинжээч гадаргуу дээр үлдсэн вирусүүд халдварлах бодит аюул учруулдаг эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. Коронавирус нь ихэвчлэн найтаах, ханиалгах эсвэл ярилцах үед агаарын замаар дамждаг. Өмнө нь хийсэн лабораторийн судалгаануудын явцад “SARS-Cov-2” нь мөнгөн тэмдэгт, шилэн гадаргуу дээр хоёроос гурван өдөр, хуванцар болон ган дээр зургаа хүртэл хоног амьдардаг болохыг тогтоосон юм.
Харин “CSIRO”-гийн эрдэмтэд коронавирус шил, хулдаас, зэвэрдэггүй ган, мөнгөн дэвсгэрт (цаас, полимер материалын аль алинаар нь хийсэн) дээр Цельсийн 20 градусын температурт 28 хоног амьдрах чадвартай гэж дүгнэсэн байна. Агаарыг 30 хэм хүртэл халаахад вирус гөлгөр гадаргуу дээр гурван долоо хоног байсан бол 40 градусын температурт хэдхэн хоногийн дотор үхжээ.
"Вирус гадаргуу дээр хэр удаан байх чадвартайг олж мэдсэнээр бид тархалтыг нь илүү нарийн урьдчилан таамаглаж, хүн амыг илүү сайн хамгаалж чадна" гэж CSIRO-гийн гүйцэтгэх захирал доктор Ларри Маршалл хэлсэн байна.