Ерөнхий сайд У.Хүрэлсүх Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Ивкофыг өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд, "Манай хоёр орны хамтын ажиллагааны цар хүрээ өргөжин тэлж байгаад баяртай байна. Канад бол Монголын гуравдагч хөршийн хэмжээнд чухал байр суурьтай орон. Манай улсад уул уурхайн менежментийг сайжруулах, төрийн албыг бэхжүүлэх, охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хүйсийн тэгш байдлыг хангах төслийг хэрэгжүүлж байгаад талархаж байна. Энэ нь нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсаар байгаа. Иймд цаашид хамтын ажиллагааны хүрээг улам өргөжүүлэхийн төлөө байх болно" гэлээ.
Байгаль цаг уурын хувьд ижил төстэй, мөн томоохон хүнс үйлдвэрлэгч Канад Улстай хөдөө аж ахуйн салбарт түлхүү хамтран ажиллах боломжтойг тэмдэглэж, энэ чиглэлээр туршлага солилцох, Канадын технологийг турших, нутагшуулах бололцоог эрэлхийлж ажиллахыг онцлов.
Элчин сайд К.Ивкоф хоёр орны хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газраас гуравдахь хөршийн бодлогыг дэмжиж буйд талархаж байна гэлээ. Мөн шинэ коронавируснээс урьдчилан сэргийлэхэд Монгол Улсын Засгийн газраас авч буй арга хэмжээ үр дүнгээ өгч, цар тахлын тархалтыг хязгаарлаж буй цөөхөн орны нэг болж байгааг онцлоод, хоёр орны хамтын ажиллагааг урагшлуулахад Ерөнхий сайдын хэлсэн саналыг дэмжиж ажиллахаа нотлов.
Канад улсаас ноднин Монголд 1.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. Тус улсын хөгжлийн хөтөлбөрийн шугамаар 2016-2023 онд Монголд 40 орчим сая канад долларын санхүүжилт бүхий 6 төсөл хэрэгжиж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.