“Элбэрэлт ээж нар аа,
Энхрий үрсийнхээ бахархал болсон эхчүүд ээ,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, бидний ирээдүй, баяр баясал, гэрэл гэгээ болсон энхрий үрсийг эрүүл саруул, хайр халамж дүүрэн өсгөн торниулж байгаад тань халуун талархал илэрхийлье.
Эхийн ачийг хариулахын аргагүй гэж монголчууд бид ярьдаг. Үрээ гэсэн хязгааргүй их хайр, тэвчээр, олон зуун шөнө нойроо хугаслан асарч өсгөдөг эх хүний сэтгэл зүтгэлийг юутай ч зүйрлэх аргагүй юм. Тийм болохоор монголын төр эхчүүддээ, хорвоогийн сайхан ээжүүддээ жилд ганц удаа талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одонг хүртээж, хүндэтгэл үзүүлдэг юм.
Энэ жил дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас Хүүхдийн баяраар “Эхийн алдар” одонг гардуулдаг эрхэм уламжлал хойшлогдсон хэдий ч хэдхэн хоногийн өмнөөс орон нутаг, дүүргүүдээр энэ ажлыг зохион байгуулж, одонг нь гардуулж байгаа юм.
“Эхийн алдар” одон Та бүхний үр хүүхэддээ гаргасан сэтгэл, хайр энэрлийн нэг хувьтай ч тэнцэхгүй байх. Гэхдээ үр хүүхдүүдийн чинь хүндэтгэл, бахархал, хайрын өчүүхэн ч болтугай илэрхийлэл болж чадах байх аа.
Улаанбаатар хотын томоохон дүүргүүдийн нэг Баянгол дүүргээс энэ жил 622 ээж “Эхийн алдар” одон хүртэж байна. Үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 22, Хоёрдугаар зэргийн одонг 600 ээжид хүртээж байгаа. Эдгээр ээжүүдийн дотроос хоёр удаа хоёр ихэр хүүхэд төрүүлж, зургаан хүүхэд өсгөж байгаа Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Эрдэнэчимэгийн Одонцэцэгийг энд онцлон тэмдэглэж, баяр хүргэж байна.
Бидний амин эрдэнэ, хамгийн үнэт баялаг болох хүүхдүүдийг эрүүл аюулгүй орчинд өсгөн бойжуулж, сурган хүмүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд төр онцгой анхаарч, тодорхой бодлого шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх замаар эхчүүдийг дэмжих, ирээдүй хойчоо хамгаалах ёстойг мартаж болохгүй. Хүүхэд хамгаалал, эхчүүдийн нийгмийн асуудал зэргийг төр үргэлж анхааралдаа байлгахад чиглэсэн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр миний бие тодорхой ажлууд санаачилсан. Цаашид ч санаачилж, Улсын Их Хурал, Засгийн газрыг шахаж шаардаж ажиллах болно.
Өнөөдөр одонгоо гардсан ачит ээж нартаа, өнөр өтгөн монгол үндэстнийг бүтээлцэж буй эхчүүд Та бүхэндээ хүүхдүүдийн тань нэрийн өмнөөс болон хувиасаа дахин халуун талархал илэрхийлье.
Мөнх тэнгэрийн хүчин дор монгол эхчүүдийн алдар бадартугай” гэв.