Эмээлтэд байрлах яс боловсруулах үйлдвэрээс сурвалжлагыг хүргэж байна:
Монгол улс жилдээ 22 сая толгой мал нядалдаг гэсэн статистик тоо гарсан байдаг. Нядалсан малын 40 хувь нь мах болж хүнсэнд хэрэглэгддэг бол, үлдсэн 60 хувь болох арьс шир, яс, дайвар бүтээгдэхүүн юм. Арьс ширнээс бусдыг нь хүнд хэрэглэхгүй, газарт булж байгальд хаягдал болдог байна.
“Протэйн” яс боловсруулах үйлдвэр харин ашиглалтад орсноор өмнө нь тэр чигтээ хаягддаг байсан ясыг боловсруулж гурван төрлийн бүтээгдэхүүн гаргаж авч байна.
“Протэйн” үйлдвэрийн ахлах инженер А.Лхагвасүрэн:
“Манай үйлдвэрийг яагаад органик гэж нэрлээд байна вэ гэвэл бид малын хаягдал яс, сэг зэмийг бүгдийг нь өндөр даралттай ууранд боловсруулаад эцсийн шатны бүтээгдэхүүн болох уураг, техникийн тосыг гаргаж авдаг.”
“Протэйн” үйлдвэрийн үүсгэн байгуулагч, захирал Н.Оюунбат:
Манай үйлдвэрээс:
- Мах ясны гурил – шувуу, тахиа гахай, амьтны тэжээл
Маш их амин хүчил, макро, микро элементүүдээр баялаг, уураг болж өгдөг.
- Техникийн тос – саван болон, лааны гол түүхий эд
- Ургамлын бордоо гардаг.
Жилд нийт 22 сая толгой малын ясыг байгальд хаяж, булдаг байсан гээд боддоо. Энэ нь ялзарч, муудаж химийн маш их хор ялгаруулдаг. Нүүдлийн шувуудаар дамжиж өвчин үүсгэх, доошоо хөрсөө бохирдуулах, хөрсөөрөө дамжуулаад цэвэр усанд нөлөөлөх зэрэг маш их хохирол дагуулдаг.
Манай үйлдвэр одоогоор мах ясны гурил буюу тэжээлүүдээ дотоодын өндөгний үйлдвэрүүдэд нийлүүдэг, тосоо Хятад улс руу бөөнөөр гаргадаг. Уг нь манайд савангийн үйлдвэр байсан бол манай тосыг аваад л саван үйлдвэрлэх юм.
Бид зөвхөн дотоодын үйлдвэрүүдээ хангаж байгаа болохоор үйлдвэрийнхээ 50 хувийн хүчин чадлаар л ажилладаг. Өдөрт 100 тонн яс боловсруулдаг. Хятад улс руу тэжээлээ нийлүүлэхээр хоёр жилийн хугацаанд хөөцөлдөж байна. Коронагаас болоод хойшлоод байгаа. Хятадын олон компаниас санал тавьсан. Экспорт хийгээд эхэлбэл үйлдвэр маань 100 хувийн хүчин чадалтайгаар ажиллах юм.
Манай гол технологи, тоног төхөөрөмж Итали улсаас оруулж ирсэн. Италид бол манайх шиг байгальд ээлтэй технологиор хог хаягдлыг боловсруулж байгаа үйлдвэрүүдээ бодлогоор дэмждэг. Жишээ нь Италичууд виногоо химийн бордоогоор борддоггүй. Зөвхөн малын энэ тэжээлээр борддог. Тэгснээр эрүүл хөрсөнд ургасан эрүүл усан үзэмний вино, эрүүл ногоо гарна гэсэн үг.