Манай Улсын Их Хурлын сонгууль болоход зургаахан хоног үлдээд байна (2020.6.24). Бид энэ сонгуулиар дараагийн дөрвөн жил төрийн эрх барих төлөөллөө сонгох маш хариуцлагатай сонголтыг хийнэ. Өрөг.мн сайтын редакци сонгогчдын боловсролд зориулж залуусыг саналаа өгөхийг уриалсан “Саналаа өгье” нөлөөллийн форумыг цувралаар зохион байгуулж байгаа билээ. Форумын хоёр дахь дугаарт оролцсон зочдын онцлох эшлэлийг хүргэж байна.
Зочноор:
- Жүжигчин Б.Цэцэг
- Дуучин С.Сэрчмаа
- Реппер Thunder Z
- Залуу сонгогчийн төлөөлөл Б.Фатима
Саналаа өгөхдөө нэр дэвшигчдийн ямар хүчин зүйлсийг голлон хардаг вэ?
Б.Цэцэг: Одоо бол би хашир сонгогч болсон. Тойрогтоо юу хийсэн байна, юу амласан байна гээд бүх л зүйлийг нь харьцуулж харж байна. – Заавал төрийн байгууллагат ажилласан туршлагагүй байлаа ч мэргэшсэн мэргэжилдээ өндөр боловсрол эзэмшсэн, надаас ядаж 10 дахин илүү болосврол туршлагатай хүнийг л сонгоно. Спортоор хичээллэдэг, хүндийн өргөлтийн олон кг-ийг өргөдөг байлаа гээд бидний амьдралыг өргөж явж чадна гэсэн үг биш.
С.Сэрчмаа: -Олон сонгуулийг очерлож байгаад, сэтгэл гаргаж өгч байсан. Энэ удаа их хашир үзнэ гэж бодож байгаа. Заавал нам харгалзахгүйгээр төрдөө зүтгэх сэтгэлтэй, өөрийн эрх ашгийг гэхээсээ илүү улсынхаа эрх ашгийг дээгүүр тавьдаг боловсролтой ноён нуруутай чадвартай хүмүүсийг сонгоно гэж бодож байгаа.
Thunder Z:Би энэ жил УИХ-ын хоёрдахь сонгуулиа өгөх гэж байна. Өмнө нь гэрийнхнийгээ сонсож байгаа саналаа өгчихдөг байсан. Энэ жил өөрөө тойргийнхоо нэр дэвшигчдээ сайн судалж байгаад өгнө гэж бодож байгаа.
Б.Фатима:Анхныхаа сонгуулийг аав ээжээсээ асуугаад өгсөн. Гэрийнхэн маань чиний анхны сонгууль заавал өгөөрэй гээд их догдлуулж байсан. Одоо энэ сонгуулиар нэр дэвшигчдийг залуучуудад чиглэсэн юу хийхээр байна асуудлыг яаж шийдэж байна гэдгийг нь харна.
Онцлох эшлэлийг хүргэж байна:
Жүжигчин Б.Цэцэг:
ЭХ ОРОНЧ СЭТГЭЛ ЯРЬСАН ХҮНД “СУДАСАА АТГУУЛАЛГҮЙ”, БОДИТОЙ СОНГОЛТ ХИЙЕ
– Энэ жил манай тойргийн гишүүд өмнөх дөрвөн жилд хийсэн тайлангаа, шинэ мөрийн хөтөлбөртэйгээ хэвлээд оруулж ирж байгаа нь бас дэвшил гарч байгаа санагдсан.
– Коронагаас болж дэлхий даяар эдийн засаг уналтанд орж, ажилгүйдэл газар авч байгаа энэ үед 2020-2024 оны парламентад хэнийг сонгож хямралыг даван туулах вэ гэдэг сонголт маш чухал. Залуучууд бидэнд боловсрол, эдийн засгийн тогтвортой орчин чухал.
-Эх оронч гэдэг сэтгэл ярьж, хүн бүрийн эмзэг судасыг атгаж байгаад сонголт хийлгүүлж байлаа. Одоо ийм зүйлээр сонголт хийж болохгүй.
– Бид 1992 оноос хойш эдэлсэн ардчилсан тогтолцоот нийгэмд амьдарч байгаа бол дуу хоолойгоо хэнээс ч эмээлгүй илэрхийлж байх хэрэгтэй. Бид эмээ өвөө нарыгаа хэнийг сонгохыг хардаг байсан бол одоо биднийг улс төрөөс хол байдаг залуус харж байгаа. Бид дүү нартаа яаж сонголт хийхийг зөвлөх хэрэгтэй.
– Залуу үе гэдэг бол улсын эдийн засгийн хамгийн идэвхитэй оролцоотой үе. Тийм болохоор хойшоо суугаад хоосон шүүмжилж хэзээ ч болохгүй.
– Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсний төлөө чи хэнд худалдагдчихсан юм чи зүгээр кинондоо тогло л доо гэж шүүмжилдэг. Гэтэл бидний шүтээд байдаг Солонгос, Америкт урлагийнхан гэлтгүй нийгэмд дуу хоолойгоо хүргэж идэвхитэй байдаг.
– Сонгогчид гишүүдээс худаг барьж өгөх, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг гишүүдээс нэхэх бус та бидний цалин цагтаа тавьж байна уу, ажлын байр хангалттай байна уу гэсэн том зургаар нийгмийн зөв системийг бий болгохыг шаардах хэрэгтэй.
Дуучин С.Сэрчмаа:
ЗАЛУУЧУУД УЛС ТӨР СОНИРХДОГГҮЙГЭЭРЭЭ ИМИДЖ БҮРДҮҮЛЭХ НЬ ХОЦРОГДСОН
– Тойргийнхоо нэр дэвшигчдийг судалж эхний байдлаар сонголтоо хийчихсэн. Гэхдээ би урлагийн хүн учраас аль нэг намыг илт дэмжихгүй байхыг боддог.
– Залуучууд улс төр сонирхдоггүйгээрээ имидж бүрдүүлэх нь буруу. Залуу хүн ам ихтэй манай улсад залуус бид л сонголтыг хийнэ.
– 2000 оны эхэн үе хүртэл сонгуулийн сурталчилгаанд явж дуулдаг, хөдөө орон нутгаар их явдаг байсан. Одоо бол залуусыг саналаа өг гэдгийг сайн уриалж байгаа.
– Залуучууд нэр дэвшигчдийн боловсролыг их харж байгаа гэсэн. Улс төрд туршлага бас хэрэгтэй гэж боддог.
Реппер Thunder Z:
СОНГОГЧИД УХААНТАЙ БОЛЖ БАЙЖ БИДНЭЭС АРАЙ ДЭЭР ХҮН СОНГОГДОНО
- Хип хоп бол нийгмийн дуу хоолой. Анхнаасаа тийм зорилготой гарч ирсэн. Би ч мөн нийгэм дуулдаг залуу хип хопчдын төлөөлөл. Хар барааныг нь шүүмжлэхээс илүү болох бүтэх талаас эерэгээр чиглүүлж сонсдог хэлээр нь хүргэе гэж боддог.
- Залууст хэлэхэд нэн түрүүнд саналаа өг гэж хэлмээр байна. Нийгмийн идэвхитэй байх хэрэгтэй. Нийгмийн болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг шүүмжилж тэмцдэг гадныхнаас сурах хэрэгтэй. Өнөөдөр өгсөн саналаар бүх зүйл өргөс авсан юм шиг өөрчлөгдөхгүй ч одоо байгаа амьдралаа дордуулахгүйн тулд оролцоотой байх хэрэгтэй.
- Намайг шүтэж сонсдог өсвөр насныхандаа багаас нь дуугаараа нөлөөлөхийг боддог. Өгсөн өгөөгүй ялгаагүй гэдэг залуусын бодолд зөв нөлөөлчих юмсан гэж боддог.
- Яг улс төр судалж дуу хийж байгаагүй ч ниймгийн асуудлыг хөндөж дуу хийж байсан.
- Миний бодлоор залуучууд улс төрчдийг ялгадаг болж байгаа. Хэн жүжиглэж бэлдсэн юмаа уншаад байна. Хэн үнэхээр сэтгэлтэй ажиллаж байна эсвэл хэн нь арай бодитой санагдаж байна гэдгийг ялгахаар мэдээлэлтэй болсон. Тултлаа PR-длаа гээд бидэнд гоё харагдахаа больсон шүү гэдгийг хэлье.
- Сонгогчид бид эхлээд жоохон ухаантай болохгүй бол хэзээ ч биднээс дээр хүн гарч ирэхгүй.
Залуу сонгогчийн төлөөлөл Б.Фатима
ЗАЛУУЧУУД БИД НИЙГМИЙН ИДЭВХИТЭЙ БАЙЖ ХҮССЭН НИЙГМЭЭ БҮТЭЭНЭ
- Залуучууд инфлиунсерүүдэд автах магадлал байдаг. Залуучуудын үлгэр дуурайлал авдаг инфлиунсерүүдийг сонгуулийн PR –даа ашиглаж дагагч сонсогч нарынх нь тархийг угаахыг хичээхэд үнэхээр бухимдалтай ханддаг миний хувьд. Өөрийнхөө ирээдүйг шийдэх сонголт учраас залуучууд шүүлтүүртэй судалгаатай хандаарай.
- Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчид цөөхөн болохоор судалж амжиж байсан. Энэ жил харин тойргийнхоо нэр дэвшигчдийг судлахад хугацаа бага санагдсан.
- Би нийгмийн идэхитэй байхыг хичээдэг. Би өөрөө идэвхитэй, эргэн тойрондоо нөлөөлж байж дараагийн хүссэн нийгмээ бүтээж чадна.