Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдоод удаагүй будаг нь ханхалсан шинэхэн генсек НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дэх АН-ын бүлгийн дарга Цэндийн Баатархүүгээс асуух гурван асуулт байна.
- Танай нам 100 сая төгрөгийн дэнчин өгсөн хүмүүсээ сонгуульд өрсөлдүүлнэ гэдгээ зарласан. 100 найзаасаа тус бүр сая төгрөг аваад 100 сая төгрөгөө бүрдүүлчих гэж намын дарга чинь ярьсан. Одоо харин шинэ генсек танаас асууя. Та өөрийнхөө 100 сая төгрөгийг хаанаас олж бүрдүүлсэн бэ? Найзын жагсаалт гэж 100 хүний нэр гаргаад тус бүр нэг сая төгрөг авсан бол хуулгыг нь харья. Эсвэл цөөн хэдэн найзаасаа багцлаад мөнгө авч, дэмжлэгийг нь хүртсэн бол гишүүн болсон хойноо яаж тусална гэж ам өгсөн бэ?
Ц.Баатархүүгийн хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал Эм Эл Си Трейнинг ХХК, Эм Эл Си Контент ХХК, Эрдэнэс таван толгой ХК-д 1072 хувь эзэмшдэг юм байна. Харин 2019 оны ХОМ чинь АТГ-ын цахим хуудаст алга. 2018 оны байдлаар жилийн тань орлого 62 сая 788 төгрөг байж. Та жилийнхээ орлогоос давсан мөнгийг хаанаас хэрхэн яаж бүрдүүлж, намдаа өргөв?
- Ц.Баатархүү даргаа та нар шиг улс төрд ороогүй эгэл жирийн иргэд бид жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээл авахдаа урьдчилгаа 30 хувиа хаанаас яаж олсон гэдгээ 100 төгрөг тутамд нь нотолдог. Харин танай намын гишүүд зуу зуугаар нь мөнгө гаргаж ирээд намдаа өргөж байна. Нам чинь ямар дүрмээр тоглох нь та нарын асуудал ч тэр мөнгөө хаанаас ямар замаар олж байгаа нь нийт ард түмний асуудал мөн. Ард түмэнтэйгээ адил олсон мөнгөнийхөө эс үүсвэрийг олон нийтэд харуулаач, тайлбарлаач.
Мөнгөний чинь эх үүсвэрийг асууж байгаа учир нь улс төрийн намын санхүүжилт ил тод байх ёстой бөгөөд манай улсад зөвхөн АН ч биш бүх намын санхүүжилт цоожтой авдар мэт хаалттай. Харин АН мөнгөө яаж босгохоо нээлттэй зарласан нь сайн хэрэг ч олсон мөнгөнийхөө эх үүсвэрийг зарлахгүй байгаа нь ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЭМЖЭЭНД яригдах ноцтой асуудал юм.
Үүсэж болох асуудал: Авсан хүн өгдөг жамтай. Өгөхдөө авсан мөнгөнийх нь дайтай тус нэмэр болох бичигдээгүй байгалийн хуультай.
Ингээд 100 сая төгрөгийг нь авчихсан хүн ӨГСӨН хүндээ тус болох нэрээр тендер авч өгөх, бараа бүтээгдэхүүнийг нь аль нэг улсын үйлдвэрт шахаж өгөх, ах дүү, амраг, садангуудыг нь ажилд оруулж өгөх, албан тушаал авч өгөх, гацсан зээл, зогссон төслийг нь лоббидож урагшлуулж өгөх, бизнес нь эсвэл эрх ашигт нь нийцэх хуулийг УИХ-аар батлуулж өгөх гэх мэт ТУС болж, авсан мөнгөнийхөө хариуг барина. Энэ бол үүсэж болох асуудлын жижиг жишээ.
Үүсэж болох асуудал: Энэ бол арай том. Мөнгийг нь өгсөн хүн том гарын тоглогч байвал тэдний бүлэглэлд буюу танд дөхөм үгээр хэлбэл мафид нь тусална. Жишээ нь тэрхүү мафи нь TDB мэтийн банк ба тэдний эзэн сахал Эрдэнэбилэг нарын хүн байвал банканд нь ашигтай бүхий л ажилд хар бор ажлыг нь хийж гүйцэтгэж өгнө. Ц.Баатархүү Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой ойр гэж үзвэл Ц.Элбэгдорж нь TDB банкны "сахал" Д.Эрдэнэбилэгтэй бас л ойр хүн. Энэ бол хардлага.
Үүсэж болох асуудал: Харин энэ бол бүр том. Нэр дэвших эрхээ авах мөнгө, сонгуульд оролцох мөнгөө гаднынхнаас авсан бол бүр том аюул. Танд кино шиг санагдаж магадгүй ч Дэлхийн олон улс оронд парламентийн гишүүн нь гаднын нөлөөнд автсан түүх Африкийн орнуудаас авахуулаад арвин. Өнөөгийн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампд хүртэл Оросууд цахим орчинд дэмжлэг үзүүлсэн. Энэ нь ялахад нөлөөлсөн гэх АНУ-ын PEW Судалгааны компанийн судлаачдийн хэлсэн үгс, таамаглал ил буй. Манай улс шиг цөөн хүн амтай, жижиг эдийн засагтай оронд гаднын нөлөө ба тэдний мөнгө орж ирвэл аюул.
- Ийм аюулууд бий тул танай намынхныг намдаа өгч буй мөнгөө хаанаас олсон эх үүсвэрээ зарла гээд байгаа юм. Та бүхэн хэний ч гар хөл болохгүй байх нөхцлөөр мөнгөө эсвэл бүрдүүлэв үү?
МАН-ыг ч шаардаач гэх биз. Яарамгүй, бид шаардана.
У.Болортуяа