Коронавирусын эрсдэлтэй энэ үед иргэд зээлээ төлөхөд хүндрэлтэй байгаа тул ипотекийн зээлийн эргэн төлөлтийг гурван сараар хойшлуулахаар шийдвэрлээд байсан. Тэгвэл, зээлийн үндсэн төлбөр, хүү төлөх хугацааг дахин гурван сараар сунгахаар болсон байна. Энэ тухай өнөөдөр /2020.04.10/ УИХ-ын дарга Г.Занданшатар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ мэдэгдсэн юм.
Барилгын салбарын зээл эргэн төлөгдөхгүй, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх эрсдэлтэй байна. Иймд, салбарын ажлын байрыг хадгалахын тулд орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг үргэлжлүүлэн олгоно гэлээ. Дан ганц ипотекийн зээл ч гэлтгүй Банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн төлөлтөд ч зохицуулалт хийхийг Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг болгожээ.
Төрөөс тодорхой шийдвэр гаргасан ч арилжааны банкууд дагаж мөрдөхгүй байгаа асуудал бий. Тиймээс цаашид Мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийг олон улсын жишигт нийцүүлэн батална гэдгийг мэдэгдлээ.