Коронавирусын тархалтаас болж манай улс хөл хорио тогтоогоод байгаа энэ үед жижиг дунд үйдлвэрлэл, бизнесүүдийн нөхцөл байдал ямар байгаа талаар та бүхэндээ цувралаар хүргэж байна. Энэ удаа бид Монгол аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал асан Д.Батнасантай ярилцлаа.
Аялал жуулчлалын салбар коронавирусын хямралд хамгийн их өртөж байна. Цаашдаа ямар арга хэмжээ авах нь зүйтэй гэж бодож байна?
Аялал жуулчлалын салбар бол хамтын бизнес. Нэг хүний хариуцах ажил биш. Зочид буудал, жуулчны бааз, бэлэг дурсгалын дэлгүүр, тусгай хамгаалалттай газар нутгийн хураамж, үзвэр үйлчилгээ, урлаг соёлын байгууллага, малчид, банк санхүү гээд оролцдоггүй салбар гэж бараг байдаггүй. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын судалгаагаар, нэг жуулчин ирэхэд 20 ажлын байр идэвхиждэг гэдэг. Маш олон ажлын байртай ч жижиг дунд үйлдвэрлэлд ч багтдаггүй харамсалтай салбар. Эмэгтэйчүүдийг маш олноор ажиллуулдаг гээд өвөрмөц. Энэ хэцүү байдлыг хамтаараа давж гарах ёстой. Гуравдугаар сард болох байсан өвлийн баярыг яалт ч үгүй цуцалсан. Тэгэхэд, монополь авиа компаниуд торгууль тавьчихаад л сууж байна. Намар ирж магадгүй гээд нислэгийн суудлаа хадгалъя гэхээр урьдчилгаа нэхэж байна. Манай салбар маш нарийн ажлаа төлөвлөдөг. Гэтэл үүн дээр дөрөөлөөд урьдчилгаа нэхдэг. Агаарын тээврийн компаниудад төлсөн урьдчилгаагаа авъя гэхээр өгдөггүй. Нэг хүнээ ч гэсэн халчихгүй юмсан, цалингийн доод хэмжээгээр ч хамаагүй ажиллуулах юмсан гэсэндээ л ингэж байна шүү дээ. Аялал жуулчлалын салбарын боловсон хүчин маш хэцүү. Гадаад хэлтэй хүмүүс олон ирдэг. Хэрэгцээт мэргэжилтэнг сургуулиуд хангалттай бэлтгэдэггүй. Тиймээс бид хүнээ өөрсдөө олон жил бэлддэг. Гэтэл өнөөдөр энэ бэлдсэн хүмүүсээ алдах үе ирж байна. Нэг хэсэг уул уурхайд алдсан.
Гэхдээ эерэгээр харвал байдал сайжирсны дараа, дэлхий нийтээрээ энэ өвчинг даваад гарвал Монгол улс харьцангуй их жуулчин татах магадлал өндөр байна. Экологийн цэвэр бүтээгдэхүүнтэй, байгальд түшиглэсэн аялал байдаг гээд эерэг талууд их байна. Энэ хэцүү байдлыг бид хамтрахгүйгээр давахгүй. Иймээс битгий дарамтлаад байгаач. Хамтдаа давъя гэж хэлмээр байна.