Ерөнхийлөгч Х.Баттулга зургаан үндэслэл бүхий УРИАЛГА гаргасан. Үүнд нь сонгууль хойшлуулах “санал” бий. Сонгууль хойшлуулснаар түүнд гарах зардлыг хэмнэнэ гэж тодотгосон.
Энэ уриалга биелэх магадлал бага. Учир нь сонгууль хойшлуулбал МАН-д ашиггүй. Тэд үүнийгээ ч сайн мэдэж байгаа.
Олон судалгааны байгууллагын дүгнэлтээр эрх баригч МАН-ын рейтинг бусад нам, сөрөг хүчин АН-аас арай дээр яваа. Мөн намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон түүний фракцынхны хувийн рейтинг топ улс төрчдийн тоонд буй.
Харин коронавирусийн дэгдэлтээс улбаалж, эдийн засаг хүндэрч, бизнесийн байгууллагууд дампуурах бодит эрсдэл тулчхаад байгаа үед сонгууль хойшлох тусмаа МАН-д сөрөг нөлөөлнө.
Шалтгаан нэг: МҮХАҮТ-ийн мэдээллээр 495 компани сүүлийн сар хүрэхгүй хугацаанд ажлын байрандаа цомхтгол хийж, нийт 10 гаруй мянган хүн “ажилгүй” болчихоод байгаа юм. Цаашдаа эрх баригч МАН-ын засгийн газар ажлын байр хадгалахад чиглэсэн бодлого баримтлахгүй бол 250-260 гаруй мянган иргэн ажилгүй болж, ядуурал нэмэгдэнэ.
Шалтгаан хоёр: МҮХАҮТ-ийн судалгаагаар Covid 19 вирусийн халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээ нь танай бизнест нөлөөлсөн үү? гэсэн асуултад 1500 аж ахуйн нэгж хариулснаас 67.4 хувь нь маш их нөлөөлсөн гэж хариулжээ. Тэдний орлого ч эрс буурч, төрөөс НДШ хугацааг хойшлуулах, хөнгөлттэй зээл олгох зэргээр төрөөс туслах хэрэгтэй байгааг ярьжээ. Өөрөөр хэлбэл эрх баригч МАН-ын засгийн газар аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого одоо хүртэл танилцуулахгүй байсаар байна.
Дээрх шалтгаанууд нь иргэдийг бухимдалд автуулж, эдийн засаг муудсан нь илт мэдрэгдэж, МАН-ыг сонгохгүй байх шалтгаан, сөрөг хүчинд довтлох зэвсэг болж өгөхөөр дүр зураг харагдаж байна.