Худал мэдээ тараавал өмнө нь зөрчлийн хуулийн дагуу ял шийтгэдэг байсан. Харин шинэчлэн баталсан ЭРҮҮГИЙН ХУУЛЬД худал мэдээтэй холбоотой санкцыг оруулсан юм. Өөрөөр хэлбэл ял шийтгэл нь чангарсан гэсэн үг. Эрүүгийн хуулийн 13.14-т зааснаар
Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Тиймээс иргэд та бүхэн аливаа мэдээллийг нягталж, баталгаат эх сурвалжаас авсны дараа түгээх буюу цахим орчинд илүү хариуцлагатай болох шаардлага тулгарч байна.
Тухайлбал 2020.03.10-ны 10.30 цагийн үед твиттэрт жиргэдэг иргэн Х “11 цагаас бүх шатахуун түгээх хааж дэлгүүрүүдийг хааж магадгүй амжуулах зүйлс их шүү 30 минутад” хэмээн жиргэж, худал мэдээ тарааж иргэдийг айдаст автуулсан тул цагдаагийн байгууллагаас шалгаж, тайлбар мэдүүлэг авсан юм. Тухайн иргэн бидэнд ярилцлага өгөхдөө “ажлын газрын ахын маань эхнэр засгийн газарт ажилладгийг би мэднэ, тэгээд нөхөртөө шатахуун, хүнсээ цуглуулъя гэсэн чат бичсэнийг уншсан. Надад өөр бусад 2-3 найз маань ч хэлсэн. Тэгээд би өөрөө яваад шатахуун авч юмсаа бэлдсэн, баталгаагүй мэдээ тараасандаа уучлалт хүсье” гэсэн юм.
Өдгөө Австрали, Тайван, Сингапур зэрэг Дэлхийн 50 гаруй орон худал мэдээний эсрэг бие даасан хуультай. Тэд манай улс шиг ЭРҮҮГИЙН ХУУЛИАР хуурамч мэдээтэй холбоотой асуудлыг зохицуулаагүй. Иргэд санаатай болон санаандгүй, ёжилж, гэх мэтээр мэдээлэл постолсон бүрд нь эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгээд байвал ЭРҮҮГИЙН гэмт хэрэгтнээр “дүүрэн” улс болно. Хуурамч мэдээтэй холбоотой хууль хэрэгтэй ч ЭРҮҮГИЙН ХУУЛЬД байх шаардлагатай юу?