2020 оны сонгууль хаяанд тулсан үед МАН стратегийн хувьд гол өрсөлдөгч АН-ыг сонгуульд хэрхэн амжилтгүй оруулах төлөвлөгөө боловсруулж, хэрэгжиж эхэллээ. Эхэлсний нотолгоо нь 2-р сарын 5-ны өдөр Авилгатай тэмцэх газар албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасанг тухайн үед хамт ажиллаж байсан Санхүүгийн албаны даргатай нь саатуулаад байгаа явдал юм. Саатуулагдсан хоёр хүн бол С.Эрдэнийг Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд байхад удирдлагад нь ажиллаж байсан, С.Эрдэнийн хүмүүс. Тиймдээ ч С.Эрдэнэ ба АН хэвлэлийн хурал хийж, Н.Номтойбаяр, С.Чинзориг нарын хэргийг АН руу чихэж байна гэж хүртэл ярив.
У.Хүрэлсүхийн эхний нүүдэл С.Эрдэнийн хүмүүсийг саатуулах, “хоргоох”. Дараагийн нүүдэл хаврын чуулган эхлэх үед Ц.Элбэгдоржийн үеэс эхтэй С.Эрдэнийн гэх тодотголтой 3-4 хавтаст хэргийг сэргээж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх. АТГ чуулган эхлэх үед С.Эрдэнийг гишүүнээс нь буулгаж өгөхийг УИХ-аас хүснэ. Ингээд 4-р сарын сүүл 5-р сарын эхээр С.Эрдэнийг гишүүнээс нь чөлөөлж, яллагдагчаар татах явдал юм. Өөрөөр хэлбэл С.Эрдэнэ сонгуульд нэр дэвших байсан ч яллагдагч нэр зүүчихсэн, сонгуульд санаа тавих ч зав чөлөөгүй АТГ-ын үүдийг сахисан байдалтай байх нь. С.Эрдэнийн өөрийн рейтинг муу, АН лидергүй байгаа үед даргыг нь “яллагдагч” болгож АН-ыг нам дарна гэсэн төлөвлөгөө нь хэрэгжих эсэхийг харахад 2 сар үлдлээ.
С.Эрдэнэд харин намаа аврах ганц шийдэл байгаа нь намын даргын ажлаа өгөх. Ингэж чадвал АН сонгуульд өөр өнгөөр харагдаж, найдвар өснө.