Улс төрийн нам, улс төрчид, парламент, засгийн газар, Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд сар бүр иргэдээс түүвэрлэн судалгаа авч, үнэлгээ гаргадаг MEC судалгааны компанийн 2020 оны 1-р сарын судалгааны дүн гарлаа.
Энэ сарын судалгааны онцлох зүйл нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх “сайн ба муу” улс төрчийн аль алинд нь багтсан явдал байв. Үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчдийн жагсаалтад У.Хүрэлсүх тэргүүлсэн бол үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчийн тавд багтжээ.
Ерөнхийлөгч Х.Баттулгын рейтинг өмнөх сартай харьцуулахад 0.1 пунктээр өссөн байна. Үүнд тэтгэврийн зээл тэглэнэ гэж мэдэгдсэн нь нөлөөлжээ.
Харин парламентийн үнэлгээ 0.2 пунктээр унахад УИХ-ын гишүүд казино тоглосон гэх зүйл нөлөөлсөн байна.
Хотын дарга С.Амарсайханы үнэлгээ өнгөрсөн сарынхтай яг адил буюу 4.3 хувьтай хэвээр байна.
Сонгууль дөхсөн энэ үед сөрөг хүчин АН-ын үнэлгээ 3.5 байгаа бол МАН-ын үнэлгээ 3.6 байна. Иргэдийн дэмжиж буй улс төрийн намд МАН 17 хувь, АН 14 хувь, МАХН 7 хувь, бусад нам 7 хувийг эзэлж байна.
Судалгаанд оролцсон иргэд 1-10 хүртэлх оноогоор үнэлгээ өгөх ба 10 оноо авах ёстойгоос дээрх оноог авсан байна.